Ханьтай минь анх "Хар сарнай" хамтлагийн Амараа танилцуулсан

Хуучирсан мэдээ: 2020.06.08-нд нийтлэгдсэн

Ханьтай минь анх "Хар сарнай" хамтлагийн Амараа танилцуулсан

Ханьтай минь анх "Хар сарнай" хамтлагийн Амараа танилцуулсан

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Ж.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан "Алган дээрх үрс" теле концертыг бяцхан үзэгчдэдээ хүргэсэн. Ингээд түүний хүүхэд нас, гэр бүл, уран бүтээлийн талаар цөөн хором ярилцсанаа хүргэе. 


-Поп дива Ж.Алтанцэцэгийн хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Багаасаа дуулах авьяастай хүүхэд байв уу?

-Миний хүүхэд нас Налайх дүүрэгт өнгөрсөн. Аав минь жирийн нэг уурхайчин, ээж маань эмийн санч. Одоо ч ээж минь Налайхтаа эмийн санчаар ажиллаж байгаа. Намайг их сургуульд сурч байхад аав минь бурхан болсон. Миний хүүхэд нас Налайх дүүргийн Соёлын төвийн дэргэдэх хоёр давхар жижигхэн цагаан байранд өнгөрсөн. Хүүхэд нас маань их сайхан гэгээлэг өнгөрч дээ. Хүүхэд байхад Налайх дүүргийг хар алтны тосгон ч гэж нэрлэдэг байсан.

Манайх их өнөр өтгөн айл. Тиймээс олон хүүхэдтэй айлын жишгээр л өссөн. Би дээрээ гурван ах, нэг эгч, доороо хоёр эрэгтэй дүүтэй хүн. Харамсалтай нь ах, эгч нар маань бурхан болсон. Гэрийн боорцог хайрч, ах, эгч нараараа хичээлээ заалгаж, хичээлийн форумаа угааж индүүдээд л…Хүүхдийн баяраар өглөө 06.00 цагийн галт тэргэнд сууж, хот руу явна. Хотод Хүүхдийн паркт тоглоод л, мөхөөлдөс идэж, ундаа уух нь хүүхэд насны минь мөрөөдөл байлаа. Би хүүхэд байхдаа л дуулдаг байсан. Ах, эгч маань гитар тоглодог учраас гэрийн хананд байнга хөгжим өлгөөстэй. Элэнц эмээ, өвөө хоёр маань дуучин хүмүүс байсан учраас манайхаас дуу хуур тасардаггүй. Тэр үед зохиомол дуу их моодонд ордог байлаа шүү дээ.

-Анх төрсөн өдрөөрөө ханьтайгаа учирсан гэдэг. Ханьтайгаа танилцсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Ханьтайгаа амьдраад 25 жил болж байна. Бид одоо гурван сайхан хүүхэдтэй. Бид 25 жилийнхээ мөнгөн хуримаа хийхээр төлөвлөсөн ч цар тахлын улмаас хойшилж байх шиг байна. Оюутан байхдаа монголын анхны “Холливуд” бааранд нөхөртэйгөө танилцаж байлаа. Бид хоёрыг анх “Хар сарнай” хамтлагийн Амараа танилцуулж байсан юм.

-Ханиасаа авсан хамгийн том бэлэг гэвэл?

-Амьдралын хамгийн том бэлэг бол үр хүүхэд юм даа. Үр хүүхдийнхээ сайн сайхан явааг харж, элэг бүтэн аз жаргалтай, эрүүл саруул амьдарна гэдэг том хувь тавилан.

-Танд ажил мэргэжилтэй холбоотой цуглуулдаг хобби бий юу?

-Урлагийн хүн учраас ном, дууны цомог, амьдралдаа цуглуулсан туршлага, дуу хуур маань л миний хобби юм даа. Өнгөрсөн хугацаанд кино хүртэл хийсэн байна. Миний хувьд урлагт ажиллаж болох бүхий л төрөлд хүчээ дайчилж, ажилласан. Би 1995 оноос хойш 30 орчим жил дуулжээ.

Залуу байхад гутал, хувцас гэх мэт эд зүйлээр гангарах дуртай байж. Одоо бол хийж бүтээсэн зүйлээрээ л гангардаг болсон байна. Эргээд харахад маш олон зүйл хийжээ. Дууны “Pro sound” студиэ байгуулж, янз бүрийн контент хийдэг болсон. Өөрийнхөө уран бүтээлүүдийг харахад ардын дуу, хүүхдийн дуу, сонгодог урлаг, рок попын уран бүтээл хийж, бүхий л нөөцөө дайчилсан.

Мундаг залуустайгаа хамтран саяхан Хүүхдийн баярын өдөрт зориулан “Алган дээрх үрс” теле концертыг хийлээ. Хэдийгээр хөл хорио тогтоосон ч гэсэн гэртээ аав, ээжтэйгээ байгаа  хүүхдүүдэд зориулан энэ тоглолтоо хүргэхээр эртнээс төлөвлөсөн. Манай “Max music” студийн захирал “Сүнс” хамтлагийн Б.Лхагвасүрэн болон эртний танил рок Р.Мөнхсайхан ах маань хамтран ажилласанд баяртай байна. Өнгөрөгч тавдугаар сараас хойш ярилцсан ажил маань биелэлээ олж, хүүхдүүдэд хүрсэн.

-“Алган дээрх үрс” дууныхаа нэрээр тоглолтоо нэрлээ юу?

-Би 2013 онд “Алган дээрх үрс” дуугаа “Никитон” хамтлагийн Баачкагаар зохиолгож, өөрийн бие даасан тоглолтод дуулж байсан. Энэ гоё дууныхаа үгийг бодож байгаад олон авьяаслаг хүүхдүүдийг цуглуулж, гоё концерт хийж, хүүхдүүдийг баярлуулахыг хүссэн. Ээж хүнийхээ хувьд монголын олон мянган хүүхэд аав, ээжийнхээ хайр ивээлд торних ёстой гэж боддог. Тоглолтод маань нийт 70 орчим авьяаслаг хүүхэд оролцсон. Хөл хориотой энэ үед тоглолтын бэлтгэлээ хийхдээ 10-аас дээш хүүхэд нэг дор цуглуулахгүй байхыг хичээсэн. Дээрээс нь дэлхийн уралдаан, тэмцээнд эх орныхоо нэрийг гаргасан бяцхан авьяастнууд урилгаар оролцож, дууны, бүжгийн, циркийн, загварын төрлөөр оролцсон. Уг тоглолтыг минь дэмжиж, хамтран ажилласан хүмүүстээ маш их баярлалаа. Их хотынхоо соёлыг түгээх зорилгоор хийсэн тоглолтыг маань НЗДТГ маш дэмжсэнд баяртай байна.

“Хийх хүнд санаа олддог. Хийхгүй хүн шалтаг мунддаггүй” гэдэг үг бий. Аливаа зүйлийг хажуунаас нь хараад шүүмжлэхийн оронд туршлагатай уран бүтээлч хүнийхээ хувьд дотор нь ороод хийхийг зорьсон. “Алган дээрх үрс” тоглолт маань цаашдаа төсөл болж хэрэгжинэ.

Төслийнхөө хүрээнд хүүхдийн уран сайхны кино, дуу зэрэг хүүхдэд зориулсан олон сайхан уран бүтээл хийхээр төлөвлөсөн. Энэ тоглолтыг үзсэн хүмүүс гадна, дотноос над руу холбогдож, хамтран ажиллах санал  хүртэл тавьсан. Тун удахгүй өөрийн пэйж хуудсаар дамжуулан нэгэн уралдааныг зарлах гэж байна. АНУ-д ажиллаж амьдарч буй монголчууд уралдаанд маань зориулан бэлэг илгээж байгаа. Удахгүй уралдааныхаа товыг зарлана. Уралдаанд залуу гэр бүлүүд идэвхтэй оролцохыг уриалж байна.

-Өнгөрсөн хугацаанд бие даасан хэчнээн тоглолт хийв. Нууц биш бол тоглолтоосоо ашиг олж чаддаг уу?

-Монголын нөхцөлд уран бүтээлч хүн тоглолт хийгээд ашиг олох нь тун хэцүү. Хэрвээ тайз дэлгэц, хөгжим, гэрэл, хувцас хунар, оролцох уран бүтээлчдэдээ анхаарахгүйгээр зөвхөн тайзан дээр гараад зогсоно гэвэл багахан хэмжээний ашиг олж магадгүй. Миний хувьд энэ олон жил дуулах хугацаандаа нэг ч удаа тоглолтоосоо 100 хувь ашиг олж байгаагүй гэж хэлж болно. Би тоглолт болгондоо шинэлэг зүйл оруулахыг  хичээдэг.

Заримдаа “Олон хүн амтай газар байсан бол арай өөрөөр тоглолт хийх байсан болов уу” гэх бяцхан гуниг төрдөг л дөө. Миний хувьд өнгөрөгч 2013, 2018 оны тоглолтоороо маш өндөр зардал гаргасан. Жишээлбэл, 2013 онд 1000 хүнд зориулж, 1000 хүн оролцуулж байсан удаатай. Хүмүүст харагдахдаа амархан юм шиг хэдий ч дотор нь ороод ажиллабал тун ч амаргүй.

Үзэгчдэд зориулж маш олон шинэлэг зүйлийг бэлдэхийн тулд тэр чинээгээрээ зардал их гардаг. Тоглолтыг маань дэмжин хамтран ажиллах байгууллага гэхээсээ илүү өөрөө л бүх зардлаа гаргахаас өөр аргагүй болдог. Би тэр болгоноос айж, хойшоо сууж байгаагүй. Тэр бүх алхмаасаа маш олон зүйлийг суралцсан байдаг.

-Кино салбарт хүч сорьж, цөөнгүй дэлгэцийн бүтээлд продюсераар ажилласан байдаг. Одоо бас нэгэн шинэ кинонд хамтран ажиллаж байгаа гэсэн үү?

-Дэлхий нийтэд цар тахал гарахаас өмнө Монголд АНУ-аас Оскарын шагналт хоёр уран бүтээлч баримтат кино хийхээр ирсэн. Энэ бүтээлийн ерөнхий найруулагчаар “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киноны найруулагч Б.Март маань ажиллаж байгаа бол Чикаго хот дахь Монгол төвийнхөн болон миний бие продюсераар ажиллаж байна. Бид эх орныхоо үзэсгэлэнт байгаль, гайхамшигт ёс заншлыг маш сайхнаар харуулсан уран бүтээл хийх болно.

Цаг сайхан болохоор киноны зураг авалт үргэлжлэх байх. Киноны уран бүтээлчид Ази тив тэр дундаа Монголд анх удаа ирж, сэтгэгдэл өндөртэй буцсан. Дэлхийн хэмжээний нэртэй уран бүтээлчид Монголыг онилж, уран бүтээл хийхээр ирсэн учраас сайхан уран бүтээл болох нь дамжиггүй. Бид ч гэсэн маш их чармайж ажиллана.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж