Covid-19-ийн халдварын хоёр дахь давалгаа ирэх үгүй нь хэд хэдэн зүйлээс шалтгаална хэмээн Оросын Халдварт өвчний төв эмнэлгийн дэд дарга Екатерина Трифонова хэлжээ.
Хүн төрөлхтөн өмнө нь эмчилж байгаагүй шинэ вирус, мөн хүн амын маш цөөн хувь нь шинэ вирусийн эсрэг дархлаатай байгаа нь хоёр дахь давалгаанаас зайлах аргагүйд хүргэж магадгүй хэмээн халдварт өвчний эмч нар болгоомжилж байгаа юм.
"Коронавирусийн халдварын хоёр давалгаа гарах шалтгаануудын нэг нь цаг агаарын байдал. Ялангуяа зун дулаан болох уу, сэрүүн байх уу, хөл хорио хэзээ цуцалж, хэзээ бид энгийн амьдралын хэвшилд шилжих үү зэрэг хүчин зүйлээс хоёр давалгаа үүсэх эсэх нь шалтгаална” хэмээн Екатерина Трифонова үзэж байна.
Гэхдээ хоёр дахь давалгаа халдварын эхний үеийг бодвол арай сул байж магадгүй хэмээн таамаглаж байгаагаа тэр хэллээ.
Оросын эрүүл мэндийн салбар хоёр дахь давалгаа үүсч магадгүй гэсэн бэлтгэлтэй байгаа хэмээн Ерөнхийлөгч Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков саяхан мэдэгдсэн.
2020 оны зургадугаар сарын 7-ны байдлаар Орост коронавирусийн 458 мянга 689 тохиолдол бүртгэгдэж, 5725 хүн нас бараад байна. Үүнээс 221 мянга 388 хүн эдгэрчээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ