Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.12.22/ өргөн барилаа. Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, уг хуулиар албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй, эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан, далд байгаа аж ахуйн нэгж, хөрөнгө, орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйл ажиллагааг хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн, тайлагнасан, бүртгүүлсэн нөхцөлд нэг удаа албан татвар, хүү, торгууль нөхөн ногдуулахгүй, холбогдох хариуцлагаас чөлөөлөхөөр зааж, хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэх хугацааг “…. энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна” гэж тусгасан байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр буюу 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 6.1 их наяд төгрөгийн орлого ил болж, 1.2 их наяд төгрөгийн татвар болон 352.1 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас  тус тус чөлөөлөөд байна. Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 1640 санхүүгийн тайлан, 10276 татварын тайлан, 366 нийгмийн даатгалын тайлан, 1451 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 168 төрлийн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд 150 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 378.6 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрлөсөн. Түүнчлэн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 5.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төсөвт төвлөрөөд байгаа аж.Цаашид улсын төсөвт төвлөрүүлэх шимтгэл, хураамж болон ил болгож байгаа хөрөнгө, орлогын хэмжээг нэмэгдүүлэх, улмаар хуулийн үйлчлэлд тодорхой шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй иргэн, хуулийн этгээдийг хамруулах зорилгоор хуулийн үйлчлэх хугацааг сунгах шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг боловсруулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж