Холливудын шилдэг жүжигчдийн нэг “The Rock” Дуэйн Жонсон АНУ-ын дараагийн ерөнхийлөгч болоход гайхах зүйлгүй ажээ. Oddschecker судалгааны байгууллагын гаргасан 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчдийн тоонд Дуэйн Жонсон багтаж, ерөнхийлөгч Дональд Трамп болон дэд ерөнхийлөгч асан Жо Байден нарын араас гуравдугаарт удаалж байна.
Дуэйн Жонсон өнгөрөгч Лхагва өөрийн цахим хуудсаараа дамжуулан “ Чи хаана байна ?” хэмээх найман минутын бичлэгээ цацсан юм. Тэрбээр энэхүү бичлэгтээ “Чи хаана байна, Бидний удирдагч энэ цаг үед хаана байна, Манай улс өвдөг дээрээ сөхөрч, өвчин, зовлондоо өршөөл эрж, гомдож, уурлаж, бухимдаж, шаналж байгаагаа сонсгохыг хүсч байна. Бид өөрчлөлтийн төлөө гуйж, уриалж, залбирч байна. Чи хаана байна? Сөхөрсөн улсаа босгож, гараа сунгаж ‘ Чи бос, надтай цуг бос. Учир нь би чамтай хамт’ гэж хэлэх бидний энэрэнгүй удирдагч хаана байна” хэмээн ярьжээ.
Энэхүү бичлэгийг нь одоогийн байдлаар нийт 13.5 сая хүн үзэж, Дуэйн Жонсоны ерөнхийлөгч болох магадлал 0.2 хувиар нэмэгдэж +40,000 болжээ. Харин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүнээр Жо Байден -112 гэсэн магадлалтайгаар тэргүүлж байгаа бол түүний араас одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп +120 гэсэн магадлалтайгаар удаалж байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болно
Жүжигчин Дуэйн Жонсон өмнө нь улс төрийн зам мөр хөөх хүсэлтэй байдаг тухайгаа илэрхийлж байсан юм. Гэвч улстөр судлаачдын үзэж буйгаар Дуйэн Жонсоныг 2020 оны сонгуульд бус 2024 эсвэл 2032 оны сонгуульд өрсөлдвөл илүү амжилт олно хэмээжээ.
Тэрбээр өөрөө ч 2018 онд Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагадаа " Би 2020 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж бодохгүй байна. Тэр суудлын төлөө маш олон жилийн туршлага, хичээл зүтгэл шаардагдана. 2020 онд ч би шахуу хуваарьтай байгаа. Тэгэхээр боломжгүй. Тэр суудлыг би үнэхээр хүндэлж, чухалчилж авч үздэг. Надад гадагш гарч, суралцах цаг хэрэгтэй " хэмээн ярьж байжээ.
Холбоотой мэдээ