Нигерид өрнөж буй үймээн самуунаас болж, нэг сая гаруй хүүхэд сургуулиас гарсан талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлсэн байна. Тус бүс нутагт хамгийн олон буюу 11 сая хүүхэд сургуулиас завсарджээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас явуулсан судалгаагаар Боко Харам бүлэглэл идэвхижиж, бүс нутагт нь тогтвортой байдал алдагдсанаас Нигери, Камерун, Чад зэрэг орнуудад 2,000 гаруй сургууль хаагдаад байгаа бөгөөд олон сая хүн орон гэргүй болсны 1.4 сая нь хүүхдүүд байгаа гэнэ.
Нигерид гарсан үймээн самууны улмаас 600 гаруй багш амиа алдсан бөгөөд Камерунд 135 сургууль хаагдсаны нэг нь л одоогоор нээгдээд байгаа юм байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн Баруун, Төв Африкийг хариуцсан захирал Мануэль Фонтейн “Энэ бол маш их тоо. Үймээн самуун энэ бүс нутаг дахь боловсролын системийг бүхэлд нь үгүй хийсэн бөгөөд хүчирхийлэл байнга гарч буйгаас хүүхдүүд жил гаруй сургуульдаа яваагүй.” Хэмээн ярьж байна.
НҮБ-ын Хүүхдийн сангаас тус бүс нутагт 67,000 хүүхдэд зайнаас хичээл заах түр сургалт явуулж байгаа бөгөөд 132,000 хүүхдийг ном, гарын авлагаар хангажээ. Дэлхийн хамгийн халуун цэг болоод буй Ойрхи Дорнодод өрнөж буй үймээн самууны хөлөөс дайжиж, Турк руу гарсан Сирийн 400,000 дүрвэгчийн хүүхдүүд сургуулиас завсарджээ.
Боко Харам бүлэглэлийн аюул заналхийллээс зугатаж Чад руу дүрвэсэн Нигерийн сурагч охид НҮБ-ын Хүүхдийн сангаас байгуулсан дүрвэгчдийн лагерьт түр сургалтанд явж байгаа ажээ.
Канадын Засгийн газар, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлаг, Хүүхдийн сан хамтран дүрвэгсдийн лагерийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан бөгөөд одоогийн байдлаар 6,000 дүрвэгч хүлээж аваад байгаа юм байна. Үймээн самуун, хүчирхийллээс болж олон хүүхэд эцэг эхээсээ өнчирч хоцорсон юм. Чадын Засгийн газрын мэдээлснээр Боко Харамын булаан авсан Чад нуурын арал дээр 2,000 орчим хүн барьцаалагдсан гэнэ.
Н.ЭНХ