Сонсголын бэрхшээлтэй иргэд, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, дохионы хэлний хэлмэрч орчуулагч нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгогчийн боловсрол олгох видео хичээлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран боловсруулснаа хүлээлгэн өгсөн юм. Видео хичээлийг Монголын багш эцэг эхийн холбооны “Сонсголын бэрхшээлтэй сонгогч иргэн” төслийн багаас 2019 онд сонсголын бэрхшээлтэй иргэд болон бусад иргэдэд сонгогчийн боловсрол олгох сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулсан туршлагадаа тулгуурлан, мөн Сонгуулийн ерөнхий хорооны санал зөвлөмжийг авч бүтээсэн юм.
Видео хичээлээр сонгогч сонгуульдаа хэрхэн оролцох, сонголтоо хэрхэн хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн сонгуульдаа хэрхэн оролцох тухай хуулийн болон онолын мэдлэгийг амьдралд хэрхэн энгийнээр ойлгож болох тал дээр анхаарлаа хандуулан ажилласан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд хэрхэн оролцохыг харуулсан богино хэмжээний видео контентод хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө идэвхтэй оролцсон бөгөөд тухайлбал харааны, тулгуур эрхтний, хөдөлгөөн болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамтран оролцож ажиллав. Видео хичээлийг сонсголын бэрхшээлтэй иргэд өөрсдөө дохионы хэлээр зааж чиглүүлэн дохионы хэл, хадмал орчуулга, дуу, дүрсний өндөр чанартайгаар хийж гаргажээ.
Төслийн зохицуулагч Б.Юмжирдулам хэлэхдээ “Энэ бол Монголд анх удаа сонсголын бэрхшээлтэй иргэд өөрсдийн санаачлагаар мэдлэг чадвар, цаг хугацаагаа дайчлан боловсруулсан сонгогчийн боловсролын видео хичээл юм. Видео хичээлийн хөтөлбөр, зохиол, видео бичлэг, эвлүүлэг бүрийг сонсголын бэрхшээлтэй иргэд өөрсдөө хийсэн. Аливаа зүйлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиромжтой байхаар төлөвлөн боловсруулж бүтээх тусам хүн бүрт хүртээмжтэй болдог тул энэхүү цуврал видео хичээл нь зөвхөн хараа, сонсгол, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдээс гадна бүх сонгогчдод хүртээмжтэй бүтээл болсон” гэж онцоллоо.
ЭХ СУРВАЛЖ: СЕХ
Холбоотой мэдээ