Шүхрээ бэлтгээрэй зургадугаар сард бороотой

Хуучирсан мэдээ: 2020.06.07-нд нийтлэгдсэн

Шүхрээ бэлтгээрэй зургадугаар сард бороотой

Шүхрээ бэлтгээрэй зургадугаар сард бороотой

Зургадугаар сарын цаг  агаарын урьдчилсан мэдээг тоймлон  хүргэе.


Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж  утга гэдэг нь 1981-2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үзэх бөгөөд сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлдэг аж. 

  1. Баруун: Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор
  2. Төв: Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв
  3. Зүүн: Хэнтий, Дорнод, Сүхбаатар
  4. Говь: Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр

Тэгвэл  цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлж буйгаар  энэ сард баруун аймгуудын ихэнх нутгаар агаарын температур  олон жилийн дунджаас  дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж   орчим, хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгийн ойд хэсгээр олон жилийн дунджаас  бага, харин зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас  ахиу, бусад нутгаар олон жилийн дундажө орчим байх боловч зарим үед сул хүчтэй салхи шуургатай байх юм байна.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас  дулаан, хур тунадас Увсын ихэнх, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас  бага, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ 2-5°С –аар дулаарна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар БОРОО ОРОХ төлөвтэй байна. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 10-12м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 14-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас  орчим, хур тунадас Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас  ахиу байна.

Агаарын температур, хур тунадасны  хувьд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр өмнөх үеэсээ 2-5°С – аар дулаарна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар БОРОО ОРОХ төлөвтэй.Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 10-12 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 14-16 м/с хүртэл  ширүүсэх төлөвтэй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж орчим байх бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас  ахиу байна.

Агаарын температур, хур тунадасны явцын хувьд нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр өмнөх үеэсээ 2-5°С – аар дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар БОРОО ОРОХ төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд ба сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 10-12 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас  дулаан, бусад нутгаар ОЖД  орчим байна. Харин хур тунадас Өмнөговийн өмнөд, Дорноговийн ихэнх нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байна. Агаарын температур, хур тунадасны явц нь нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна. 

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж