Жорж Флойдын үхлийн төлөөх шударга ёс, арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл АНУ-д 12 дахь өдрөө үргэлжилж байна. Одоогийн байдлаар АНУ-ын нийслэл Вашингтон болон Нью-Йорк, Чикаго, Сан Франциско зэрэг томоохон хотуудад мянга мянган жагсагчид энхийн болон хүч хэрэглэх замаар жагсаалд оролцож байгаа аж.
Нийслэл Вашингтон хотод жагсагчид “Black Lives Matter” хэмээх самбар барин Цагаан ордоны ойролцоо тайван жагсаал хийж байна. Тус хотын захирагч хатагтай Мюриел Баузер жагсагчдыг хүлээн авч уулзан, тэднийг дэмжиж, санал нэг байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн долоо хоногт холбооны хууль сахиулах байгууллагын цагдаа нар ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар түүний сүм руу явах замыг чөлөөлөхийн тулд жагсагчид руу нулимас асгаруулагч хийгээр гал нээжээ.
Харин Вашингтон хотын захирагч хатагтай М.Баузер бүхий л холбооны хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон Үндэсний гвардын цэргүүдийг хотоос гаргахыг шаардаж, тэднийг нийслэлд байх шаардлагагүй гэж мэдэгджээ. Тэрбээр “Манай улсын цэргүүд иргэддээ ингэж хандаж болохгүй. Тэд Америкийн иргэдийг яв гэж шаардах ёсгүй” хэмээжээ.
Нью-Йорк хотын Бруклин гүүрэн дээр жагсагчид жагсаал өрнүүлж байхад Сан Франциско хотын Голден Гэйт гүүрийг жагсагчид хаасан байна. Мөн түүнчлэн Атланта, Филадельфиа хотуудад жагсагчид “ Бидэнд шударга ёс, хайр хэрэгтэй” хэмээн хашгирч, жагсчээ.
Жорж Флойдын төрсөн нутаг болох Хойд Каролинад зуу гаруй хүн түүнийг дурсгалыг хүндэтгэн, сүмд зочлон хүндэтгэл үзүүлж байгаа гэнэ.
Буффало хотод жагсч байсан 75 настай хөгшин эрийг хоёр цагдаа түлхэн унагаасан хэрэг саяхан гарсан билээ. Тэгвэл тус хөгшиний биеийн байдал тун муу, эмнэлэгт хэвтэж байгаа аж. Одоогийн байдлаар дээрх хоёр цагдааг суллаж, ямар нэгэн хэрэг үүсгээгүй байна.
Холбоотой мэдээ