Тойм: Сонгуулийн сурталчилгаа эхэлж, дүйчин өдрийг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2020.06.07-нд нийтлэгдсэн

Тойм: Сонгуулийн сурталчилгаа эхэлж, дүйчин өдрийг тэмдэглэв

Тойм: Сонгуулийн сурталчилгаа эхэлж, дүйчин өдрийг тэмдэглэв

NEWS агентлаг өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА АЛБАН ЁСООР ЭХЛЭВ

УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-ний өдөр болно. Үүнтэй холбоотойгоор нам, эвсэл нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулж, СЕХ-нд бичиг баримтаа хүргүүлсний дагуу нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан. Хуульд зааснаар нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан бол сурталчилгаа албан ёсоор эхэлж, санал авах өдрийн өмнөх өдөр дуусгавар болох ёстой. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт нэр дэвшигчид албан ёсоор үнэмлэхээ гардаж, сурталчилгаа эхэлсэн юм.

Нэр дэвшигчид сурталчилгааны хугацаанд хууль зөрчихгүй, Сонгуулийн тухай хууль болон коронавирусийн цар тахлын үеийн журам зэргийг мөрдөж сурталчилгаагаа хийх ёстой юм.

“ОЛОН УЛСЫН НАЙРАМДАЛ-2” ЗУСЛАН БАЙГУУЛНА

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхдийн хөгжил хамгаалал Үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газар “Олон Улсын Хүүхдийн Найрамдал-2” зусланг байгуулахаар болов. Олон услын Найрамдал-2 зусланг байгуулснаар хүн амын 36.8 хувийг эзэлдэг хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, байгалийн цогцолборт газар аялал жуулчлалын бүс нутаг дагасан эко, ногоон орчин түшиглэсэн хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэхтэй холбоотой үйлчилгээний стандартыг шинэ түвшинд хангасан, нэг ээлжиндээ 500 хүртэлх хүүхэд хүлээх авах хүчин чадалтай байхаар тооцсон аж. Хүүхдүүдийн хөгжих, оролцох эрхийг хангаж, үндэсний өв соёл, уламжлалаараа бахархах, эх оронч иргэн болон төлөвшихөд нэн чухал үүрэгтэй. Мөн олон улс, үндэстний хүүхэд багачуудаар дамжуулан Монгол орноо дэлхийд сурталчлах боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.

2019 оны байдлаар Улсын хэмжээнд 39 хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулж байгаагаас 14 нь төрийн өмчийн, 25 нь хувийн хэвшлийнх байна. Эдгээрт зусланд амрах насны нийт хүүхдийн 22,5 хувь нь хамрагджээ.

529 АЙЛ, ӨРХ ОРОН СУУЦАА ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХУВЬЧИЛЖ АВНА

ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлэн аваад байсан Улаанбаатар хотын БГД-ийн хоёрдугаар хороолол дахь 17-р байр, БЗД-ийн 15 дугаар хороолол дахь 1,7,11,12,13 дугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороолол дахь 3, 4 дүгээр байрыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчилж өгөхөөр шийдвэрлэв. Эдгээрт “Ээрмэл” ХХК, “Талх чихэр” ХХК, ГЕГ, МУИС-ын ажилтан албан хаагч нар болон бусад иргэд гээд нийт 549 айл өрх 1998 оноос хойш түрээслэн сууж байгаагаас 529 эзэмшигч нь орон сууцаа нь үнэ төлбөргүй хувьчилж авах боломжтой  болов. Эзэмшигчдийн мэдээллийг 2020 оны гуравдугаар сард нэгтгэн гаргасан байна. Цөөн тооны орон сууцанд түрээслэгч, эзэмшигчийн маргаан гарчээ.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР Д.ГАНЗОРИГИЙГ ТОМИЛОВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр 77 дугаар зарлиг гаргаж, Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо.

Д. Ганзориг 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Өвөрхангай аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургууль,1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн, 2017 онд  хууль зүйн ухааны магистр хамгаалсан.

  • 1999-2004 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • 2004-2013 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгч
  • 2013 оны 4 дүгээр сараас Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
  • 2020 оны 5 дугаар сард Монголын Шүүгчдийн холбооны тэргүүнээр сонгогдсон.

Э.ОЮУНБОЛДЫН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ

Э.Оюунболдын шүүх хурал Лхагва гаригт Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүх дээр явагдлаа. Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Оюунболд өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргасан тул шүүх бүрэлдэхүүн үүнийг нь хянан үзээд шүүх хурлыг дахин хойшлуулж, зургадугаар сарын 17-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Анхны шүүх хуралдаан нь өнгөрсөн тавдугаар сарын 22-нд зохион байгуулагдсан боловч шүүх танхимд Э.Оюунболд өөрийн биеэр ирэлгүй өмгөөлөгчөө явуулсан. Гэвч түүний өмгөөлөгч “Өнөөдөр нэхэмжлэгч Э.Оюунболдтой гэрээ байгуулсан тул хэргийн материалтай танилцах шаардлагатай учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Мөн итгэмжилсэн төлөөлөгч н.Даваахүү давж заалдах шатны шүүх дээр анхан шатны журмаар шийдвэрлэж байгаа урьдчилсан хэлэлцүүлэгтэй байгаа учир шүүх хурлыг нэг удаадаа хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хүндэтгэн хүлээн авч шүүх хурлыг хойшлуулсан. Харин өнөөдөр хоёр дахь удаагаа хойшиллоо.

НОМЫН БАЯР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Жил бүрийн хавар, намарт Сүхбаатарын талбайд зохиогддог “Номын баяр” өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч хөл хорионы улмаас хойшлогдоод байсан. Тус наадмыг зохион байгуулагчдын зүгээс Номын баярын үйл ажиллагааг “Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатайгаар цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр явуулахаар болжээ.

Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзан золгох, зохиол бүтээлээ сурталчлах, гарын үсэгтэй худалдан борлуулах үйл ажиллагаа зургаадугаар сарын 5, 6, 7-нд “Мишээл экспо” ОУҮХТөв-д болно. Баярт зохиолч, уншигчид маскаа зүүж, бээлийгээ өмсөн, гараа ариутгах болон бусад эрүүл ахуйн дэглэмийг сахин оролцох юм.

ИХ ДҮЙЧИН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Бурхан багш эхийн хэвлийд оршсон, бурхны хутгийг олсон, гаслангаас ангижирсан гурван том үйл явдал давхацсан тул ийнхүү дүйчин өдөр хэмээн нэрийджээ.

УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ. Манай улсад 364 сүм, хийд үйл ажиллагаа явуулдгаас 134 нь буддын шашны сүм хийд байна. Мөн Хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх нь буюу 53 хувь нь өөрийгөө бурхны шашинтан хэмээн тодорхойлжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж