Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэд 14 хоногийн дэглэм сахиагүй зөрчил гаргаж буй талаар цагдаагийн байгууллагаас өнгөрсөн баасан гаригт /2020.06.05/ мэдээлсэн. Тухайлбал, ажиглалтад байх ёстой ч бүртгэлтэй хаяг дээрээ байгаагүй 14 иргэний зарим нь хөдөө явж, зусланд гарсан. Мөн тусгаарлах байрнаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн Хан-Уул дүүргийн харьяа иргэн 47 настай Батсүх дэглэм сахилгүй ах дүү нартайгаа архидан согтуурсан зөрчил гаргасанд хуулийн дагуу хариуцлага тооцох аж.
Тусгаарлалтаас гарсан иргэд иргэний үүргээ ягштал биелүүлж, олон нийтийн эрүүл мэндэд аюул заналхийлэл учруулахгүй байж чадаж байгаа юу. Эсхүл дээрх эрэгтэйн жишээгээр хамаатан садантайгаа нийлэн архидан, албаны шаардлагыг биелүүлээгүй хэчнээн иргэн байгаа, тэдэнтэй ямар хариуцлага хэн тооцов. Энэ бол цар тахлын үед тавигдах ёстой гол асуулт.
Хөл хориог зөрчсөн, төрийн шийдвэрийг биелүүлээгүй иргэдэд арга хэмжээ авахаа УОК-ийн Шуурхай штабаас мэдээлсэн. Гэсэн ч тусгаарлах байранд буй иргэд хоолоо голж, тэр бүү хэл хоорондоо зодолдон, архидан согтуурах, төлбөрөө төлөхгүй гэж эсэргүүцэх зэргээр багагүй зөрчил гаргасан талаар штабаас мэдэгдсэн. Тиймээс цар тахлын үед иргэний үүргээ биелүүлэхгүй "эрхээ" хэтрүүлэн эдлэж буй хүмүүстээ хариуцлага тооцох нь Шуурхай штабын хийх ажил.
Ийм зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн хуулийн 6.7 дугаар зүйлийн Эрүүл мэндийн тухай хууль зөрчсөн бол тухайн иргэнийг 500,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай. Гэхдээ зөвхөн нэг удаа торгоод өнгөрөх нь хангалтгүй. Удаа дараа зөрчил гаргасан, сануулж, анхааруулсаар байтал иргэний үүргээ биелүүлээгүй, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хүмүүстэй хатуу хариуцлага тооцох цаг болоогүй юу?
Э.БУРАМ
Холбоотой мэдээ