Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэн, урд хөрш рүү экспортолдог тээврийн жолооч нарт халдвар хамгааллын хатуу дэглэм тогтоон, ажиллаж буй. Тодруулбал, Гашуунсухайт боомтын нүүрс тээврийг гуравдугаар сарын 23-наас эхлүүлсэн бол гуравдугаар сарын 30-наас Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэлсэн.
Нүүрс тээвэрлэгчдийн зогсоолын асуудлыг шийдвэрлэхээр зургадугаар сарын 4-нөөс "Түгээмэл түмэн хишигтэн" компани 2500 машины зогсоолыг ажиллуулж эхэлжээ. Гэвч бие засах газар, хог хаях цэггүй атлаа зогсоолын төлбөрийг өдөр, өдөрт нь авахаар шийдвэрлэснийг тээврийн жолооч нар эсэргүүцэж байна.
Тус компанийн авто зогсоолын талаар тээврийн жолооч /нэрээ хэлэхийг хүссэнгүй/ манай редакцид хандахдаа “Түгээмэл түмэн хишигтэн" компани 2500 машины зогсоолоо ашиглуулахдаа нэг рейсэнд дан чиргүүлтэй машин 20 мянган төгрөг, давхар чиргүүлтэй машин 30 мянган төгрөгөөр ашиглуулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ нүүрс тээвэр хийж буй жолооч хэдэн ч хоногоор зогсоолд машинаа тавьж болно гэж журамдаа тусгасан байна. Гэвч өнөөдрөөс /2020.06.06/ компанийн зүгээс энэ шийдвэрээ өөрчилж, зогсоолын төлбөрт нэг хоногийн 20-30 мянган төгрөг бэлнээр авахаар болсныг тээврийн жолооч нар эсэргүүцэж байна. Учир нь авто зогсоолд бие засах газар, хогийн сав ч байхгүйгээс гадна жолооч нар болон нүүрс тээвэрлэлтийн компаниудаас мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэг машин тэр зогсоолд ойролцоогоор 2-3 хоног зогсоно. Ингэж бодохоор нэг машин 100 орчим мянган төгрөг төлөх болж байна. Нэг компанийн 50-100 машины зогсоолын төлбөрийг өдөр өдөрт нь бэлэн мөнгөөр өг гэсэн. Одоогоор ямар нэгэн шийдэлд хүрэлгүй, жолооч нарын бөөгнөрөл үүссэн” гэдгийг хэлсэн юм.
Тэрбээр “Өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ цагт олон нийтийн бөөгнөрөл үүсгэхийг хориглож байгаа. Гэтэл энд 2500 орчим жолооч олноор бөөгнөрч, зарим нь хоёр гурван хоног машинаасаа гарч чадахгүй байна” гэв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ