Ж.Мөнхбат: Эцсийн шийдэлд хүрээгүй

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: Эцсийн шийдэлд хүрээгүй

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тодруулга хийлээ. Тэрээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахад ажлын хэсгийг ахалж ажилласан. Уг төсөлд парламентад суудалгүй 20 нам саналаа өгч, дэмжсэн юм.

-Сонгуулийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг үдээс хойш үргэлжлүүлж хуралдана. Та бүхэн ажлын хэсгийн гишүүдээрээ дамжуулж тодорхой мэдээлэл авч байгаа болов уу. Одоогоор зарчмын ямархуу шийдэлд хүрсэн байгаа бол. Ил болж байгаа мэдээллээр хяналтын тооллогыг 50 хувьд хийхээр талууд тохироонд хүрээд байх шиг?

-Бидний авсан мэдээллээр ажлын хэсэг эцсийн шийдэлд хүрсэн юм одоогоор алга байна. Гэхдээ хяналтын гар тооллогыг 50 хувьд нь хийе, 48 нь томсгосон тойргийн хэлбэрээр, 28-ыг жижиглэж бүсчлэх. Улс төрийн намууд Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн дарааллаараа саналын хуудас дээрээ бичигдэх гэх мэтчилэн зүйлүүд яригдаж байна.

МАН болон парламентад суудалгүй улс төрийн 20 нам УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Түүнд 8 зүйлийг тусгасан. Нааштай 8 өөрчлөлт ч гэж хэлдэг. Үүнийг УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөх хүрээнд баталж өгөхийг 20 гаруй нам хүсч байгаа.

Хяналтын буюу гар тооллогыг 50 хувьд хийнэ гэдэг хангалтгүй. Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-ны дарга Ч.Содномцэрэнтэй өчигдөр уулзаж ярилцахад “ Автомат машинаараа тоолоод гараар 100 хувь давхар хяналтын тооллого хийгээд бичлэг хийгээд проектороор дамжуулахад татгалзах зүйл байхгүй. Улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй” гэдэг зүйлийг хэлж байна лээ.

Харамсалтай нь, эрх баригч хүчний зүгээс хяналтын тооллогыг 50 хувьд л хийнэ, 100 хувьд хийнэ гэвэл Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг юмыг тулгаад байх шиг байна.

Хэрвээ УИХ 50 хувьд нь хяналтын тооллого хийнэ гэдэг дээр тогтвол нүглийн нүдийг гурилаар хуурч байгаатай л адил зүйл болно. Манай бусад улс төрийн намууд “Яагаад 100 хувь гараар тоолж болдоггүй юм бэ. Цаана нь 50 хувьд гар тооллого хийхгүй үлдээхээр луйвар хийчих магадлал байгаа юм биш үү” гэж үзэж байна. Гар тооллого хийхэд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй.

Мөн 28 –ыг дотор бүсчилж байгааг шүүмжилж байна.

-Гэхдээ УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “саналын хуудасны 50 хувьд хяналтын гар тооллого хийнэ гэдэг бол болж байгаа зүйл ээ. Хангалттай” гэж тайлбарлаж байна лээ?

-Яахав дээ, 50 хувьд гар тооллого хийнэ гэдэг оргүйгээс охинтой л гэсэн үг юм даа. Гэхдээ 100 хувь гар тооллого хийчихэд юу нь болохгүй байгаа юм бэ. 2012 оны УИХ-ын сонгуулиар саналын хуудсыг машинаар уншуулахад дүн нь хурдан гарна гэсэн. Тэгтэл нэгдсэн дүн тав хоногийн дараа гарсан. Хуучин гараар тоолоход 24 цагийн дараа л гардаг байсан. Цаг хугацааны хувьд ухралт л болсон. Дээр нь намууд сонгуулийг будилаангүй, хар сэргүй, хэл амгүй, эргэлзээ тээнэгэлзээгүй, ил тод нээлттэй сонгууль явуулъя. Тийм учраас 100 хувь машинаараа тоол, 100 хувь гараар хяналтын тооллого хийе, бичлэг хий, проектороор дамжуул, хэвлэлийнхэнд нээлттэй бай. Маргаан гарахгүй бол цаашдаа автомат машинаараа тогтоё л гэж байгаа шүү дээ. Ирэх сонгуулиар л энэ бүхнээ хагалчихъя л даа.

-Хяналтын тооллогыг 100 хувь хийдэггүй л юм бол Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсны хэрэг гарахгүй гэж та бүхэн үзэх гээд байна уу?

-Ширээний ард суугаад асуудлаа ярьж байна гэдэг бас нэг алхам. Гэхдээ нэгэнтээ зөвшилцөл хийж байгаа бол 100 хувь хяналтын тооллого хийчих хэрэгтэй. Ийм байр суурин дээр 21 нам хатуу зогсож байна.

-28-ыг бүсчлэхийг жижиг намууд дэмжихгүй байгаа гэж та дээр хэлсэн. Тойрог хэтэрхий жижгэрэнэ гэж үзээд байна уу, эсвэл өөр бусад шалтгаан байна уу?

-Гол үндэслэл нь парламентад суудалгүй жижиг намуудыг жагсаалтаар УИХ-д сонгогдох боломжийг хааж байна гэж ихэнх нь харж байна.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд АН, МАН-ын удирдлага уулзаад сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтөөрөө тохироогоо хийчихсэн. Жижиг намуудаа шахах бодлого барихаар болж гэдэг яриа байна. Уулзалт болсон уу?

-Өнгөрсөн амралтын өдрүүдээр уулзалт болоогүй. Болсон бол ямар нэг байдлаар мэдэгдэх л байх.

Харин өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Ерөнхийлөгч санал болгосноор улс төрийн намын дарга, бүлгийн удирдлага Сонгуулийн хуулийн асуудлаар ярилцсан. Тэнд би 21 намын боловсруулсан хуулийн төслийг батлах ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Мөн маргааш өдөр нь буюу баасан гаригт Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Сонгуулийн хуультай холбоотойгоор намуудын тавьж байгаа шаардлагыг УИХ хүлээж авах ёстой, 100 хувь хяналтын тооллого хийх ёстой гэсэн зарчмын байр сууриа илэрхийлсэн.

-Ерөнхийлөгч дэмжсэн үү?

-Ерөнхийлөгчийн зүгээс “Сонгууль хуучин хуулиараа явахад болохгүй юм юу байгаа юм. Өөрчлөөд байх шалтгаан юу байгаа юм” гэдэг байр суурь барьж байна лээ. Бид бол саналтай нь нэгдээгүй.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж