Ганган гацуурууд эрэлт ихтэй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ганган гацуурууд эрэлт ихтэй

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Ганган гацуурууд эрэлт ихтэй

Яг амьд юм шиг харагдах гацуур хаанаас олох вэ? хэмээн яарч, тэвдсэн хижээл эр олны дунд нааш цааш холхино. “Шинэ он юу юугүй гарлаа. Гацуураа аваагүй ээ. Ажил, ажил гэсээр байгаад мартчихаж” хэмээн тэрбээр худалдагчтай хөөрөлдөх үг чихний үзүүрт шүргэх. Түүний хайж буй амьд гацуур тэнд байсангүй бололтой. Шинэ өглөө эхэлж байгааг ч тэр үү “Бөмбөгөр” худалдааны төв орчимд баярын худалдаа ганцхан газарт л төвлөрчээ. Томоос жижиг хүртэл тойруулан тавьсан гацуурыг хижээл насны эр тойрон, хэсэг харзнаснаа цааш явж одов. Энэ зуур бидний нэрлэж заншсанаар “Алтжин Бөмбөгөр”-ийн гадна зогсох худалдагч эр гацууруудынхаа дунд ганцаар хоцров. Тэрбээр сүүлийн 3-4 жил өвөлдөө гацуурын наймаа хийх болжээ. Энэ жилийн хувьд гацуур модны худалдан авалт хоёр жилийн өмнөхөөс хамаагүй муу байгаа гэв. Уг нь түүний худалдаж буй гацуур томоохон худалдааны төвийнхтэй харьцуулахад харьцангуй хямдхан гэв. Гэсэн атал өдөрт дөнгөж л 3-4 мод л зарагдаж байгаа гэв.

Бөмбөгөр худалдааны төвд шинэ жилийн модны ханш дунджаар 15-250 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. 60 хүртэлх см-ийн хэмжээтэй гацуур мод 15-25 мянган төгрөгийн үнэтэй. Харин цасан ширхэгтэй, боргоцойтой гэх мэт илүү бодит харагдах гацуур мод 70 мянган төгрөгөөс дээш ханштай. Энд худалдаалагдах гацуурын хувьд дээд тал нь 250 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Ажлын өдөр, өглөө эрт болоод ч тэр үү энд худалдан авагч багатай харагдана. Харин гацуур модны дэргэдэх жижиг чимэглэл, тоглоомын лангуу хөл хөдөлгөөнтэй байна. Гацуур модны бөмбөлөг тоглоомыг хүмүүс сонирхох нь их аж. Өнгө өнгийн бөмбөлгийг 10, 25 ширхгээр нь савлажээ. Бөмбөлгийн том жижиг, өнгө, материал, тоо ширхгээрээ үнэ нь ялгаатай. Дунджаар 5-20 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ.

Худалдагч эмэгтэйн хувьд улирлын чанартай наймаа эрхэлдэг. Энэ удаад зургаа дахь шинэ жилээрээ чимэглэл, тоглоомын наймаа хийж байгаа гэв. Харин 2015 онд худалдан авалт буурсан, тиймээс өмнөх жилээс ялгаагүй үнээр тоглоомоо борлуулж эхэлжээ.

Энэ жилийн хувьд монголдоо үйлдвэрлэсэн 12 жил тоглоом эрэлттэй байна. Дотоодын үйлдвэрлэгчид өнгө үзэмжтэй, чанартай, 12 жилийн бүх амьтдыг багтаасан тоглоом үйлдвэрлэсэнд худалдаа эрхлэгчдэд ч урамтай байгаа гэв. Мөн эцэг эхчүүдийн дунд Санта клаусын хувцас эрэлттэй байна. Өнгө, загвараасаа шалтгаалаад Санта клаусын хувцас 5-35 мянган төгрөгийн үнэтэй. Саа 1000-2000 төгрөг, бэлгийн оймс 3-8 мянган төгрөгийн үнэтэй.

“Ганцхан удаа нүүр тахлах нь гол биш”

Эндээс гараад иргэдийн худалдан авалт ихээр хийдэг 3, 4 дүгээр хорооллыг зорив. Хороолын “Мянган нэр”-ийн барааны гадна шинэ жилийн гацуурын “төгөл” үүсчээ. Худалдагчид тус тусдаа өөрийн гацуурыг тайлбарлан түмэн завгүй, шинэ жилийн амьдрал жинхэнэ өрнөж харагдана. Зүүнээсээ баруун хүртэл ирийтэл өрсөн мод дундаас бусдаасаа хамаагүй өндөр, саглагар гацуурууд содон харагдана. Туранхай, жижигхэн биетэй хүний дэргэд бадриун, өндөр залуу зогсох шиг гацуур модод хоорондоо эрс ялгаатай юм гээч. Тэнд зарж байгаа гацуур мод хямгийн хямдхандаа 300 мянган төгрөгийн үнэтэй. Худалдагч залуугийн хувьд Европ стандарт бүхий, илүү амьд, бодит харагдах гацуур гэдгээр нь онцлов. Хэдийгээр зах зээлийн ханшаас арай үнэтэй ч худалдан авалт боломжийн байгаа гэв.

Түүний хувьд өдөрт доод тал нь 3-5, зарим өдөрт 10 орчим гацуур худалддаг байна. Гол нь иргэдийн хувьд ганцхан удаа нүүр тахлаад өнгөрөхөөс илүүтэй олон жилийн настай, амьд мэт харагдах гацуурыг сонгодог болсон гэв. Тиймдээ ч худалдан авалт чамлахааргүй байгааг дурьдсан юм.

Энэ зуур тав орчим насны хүүгээ дагуулсан, настай эмэгтэй гацуурын үнэ сонирхон явна. Түүний хувьд гацуур нь өөрөөсөө гэрэлтэй, боргоцойтой, метр хүртэлх хэмжээтэй байх хэрэгтэй гэв. Харин ээж, хүү хоёрын хэлсэн шиг өөрөөсөө гэрэлтэй гацуур тоотойхон харагдав. Учир нь сүүлийн жилүүдэд гэрэлтдэг гацуураас илүүтэй боргоцой, элдэв жимсээр чимэглэсэн, амьд мэт гацуур эрэлттэй байгаа аж.

“Галын аюулгүй байдлаа хангаарай”

Мөн гацуурын гэрлийг сонгохдоо ч чанартайг нь авахыг албаныхан сануулаад байгаа юм. Учир нь чанарын баталгаагүй гэрэл нь гал авалцах нөхцөл бүрдүүлдэг гэдгийг нийслэлийн Онцгой байдлын газраас ч санууллаа.

Шинэ жилийн баяраар иргэд, албан байгууллагууд гацуур модоо асаахдаа цахилгааны аюулгүй байдлыг хангахыг албаныхан сануулсаар байгаа юм. Учир нь баярын өдрүүдээр цахилгаанаас үүдсэн дуудлага ихсэх хандлагатай байдаг аж. Ямартай ч иргэд баярлахын зэрэгцээ давхар анхаарал болгоомжоо алдахгүй байх хэрэгтэй юм.

Шинэ жилийн баяр болоход ес хоног үлджээ. Хуучин бүхнээ улирах онтой үдэж, шинэ бүхнийг угтах онтойгоо хүлээж авдаг шинэ жилийн баярын бэлгэ тэмдэг болсон гацуур моддын үнэ ханш нэг иймэрхүү. Энэ шинэ жилийн гацуурыг тодотгох хоёрхон үгийг л худалдаа эрхлэгчид хэлж байна. “Амьд мэт”…

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-22 112.72.15.218

Ёолкоо унтрааж байгтуун гал гардаг юм билээ шүү

yag orig gatsuur 2015-12-22 183.81.169.22

Jinkhene baigaliin met haragdah yag original gatsuur avah bol 88670236 utsand holbogdooroi. Canada gatsuur 500.000 gej bgaa. uneheer jinhene mod shigiig haij bgaa bol

Зочин 2015-12-22 103.26.193.112

88670236 bayrlalaa uneheer tasartsan gehed aria l tasarhai gatsuur bailee tanaih