Жил бүрийн хавар, намарт Сүхбаатарын талбайд зохиогддог “Номын баяр” өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч хөл хорионы улмаас хойшлогдоод байсан. Тус наадмыг зохион байгуулагчдын зүгээс Номын баярын үйл ажиллагааг “Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатайгаар цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр явуулахаар болжээ.
Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзан золгох, зохиол бүтээлээ сурталчлах, гарын үсэгтэй худалдан борлуулах үйл ажиллагаа зургаадугаар сарын 5, 6, 7-нд “Мишээл экспо” ОУҮХТөв-д болно. Баярт зохиолч, уншигчид маскаа зүүж, бээлийгээ өмсөн, гараа ариутгах болон бусад эрүүл ахуйн дэглэмийг сахин оролцох юм.
Харин гэрээсээ гарах боломжгүй, баярт оролцож амжихгүй уншигчид зохиолчтой цахимаар холбогдон Номын баяраас зохиолчийн гарын үсэгтэй, хямдралтай номыг “Монгол шуудан” компаниар шуурхай хүргүүлэн авч болох аж. Номын баярын хүрээнд зохиолч, ном бүтээгчдийг өөрийн хил хязгааргүй цахим орон зайг бий болгож, уншигчидтайгаа илүү ойртох боломжийг “М+” апп-тай хамтран хүргэх юм байна.
Зохиолчид номоо цахим болгосноор хэвлэлтийн нэмэлт зардалгүй хямд үнээр олон хүнд хүргэх, тэр дундаа гадаадад буй уншигчдадаа илүү ойртож, цаг хугацаа, хил хязгааргүйгээр ном бүтээлээ борлуулж болох олон давуу талтай. Хөл хорио, хол зайнаас үл хамааран өөрт тохирох үйлчилгээг сонгон цахимаар захиалж гэртээ хүргүүлэх боломжтойгоос гадна хүрэлцэн ирэх ч боломжтой юм. Зохиолч, уран бүтээлчид, номд шимтэгч, уншигчид та бүхнийг 27 дахь удаагийн Номын баярт урьж байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ