Н.Идэрмөнх: Би жинхэнэ нүүдэлчин монгол ахуйд өссөн | News.MN

Н.Идэрмөнх: Би жинхэнэ нүүдэлчин монгол ахуйд өссөн

Н.Идэрмөнх: Би жинхэнэ нүүдэлчин монгол ахуйд өссөн

Н.Идэрмөнх: Би жинхэнэ нүүдэлчин монгол ахуйд өссөн

БНСУ-ын “E channel” телевизийн “Topgoal Rhapsody”(K-pop-ыг орчуулж болох уу) шоу нэвтрүүлэгт амжилттай оролцон, гайхалтай сайхан дуулж, шүүгч үзэгчдийг бишрүүлсэн Монгол Улсын иргэн Ням-Очирын Идэрмөнхтэй ярилцлаа.


НЭВТРҮҮЛГИЙН ХАМГИЙН АНХНЫ МОНГОЛ ОРОЛЦОГЧ БОЛСОНДОО МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА

-“Topgoal Rhapsody” шоу нэвтрүүлэгт оролцож, эх орноо сурталчилсан танд юуны өмнө талархаж буйгаа илэрхийлье. Энэ шоу нэвтрүүлэгт оролцох болсноос эхлээд ярилцах уу? Ямар шалгаруулалтаар сонгож оролцуулдаг вэ?

-Баярлалаа. Энэ нэвтрүүлэг Солонгосын хуучны хит дуунуудаа тухайн орны оролцогчоор дамжуулаад дэлхий нийтэд түгээх зорилготой анх удаа хийж байгаа шоу юм билээ. Энэ нэвтрүүлэгт найзаараа дамжуулж холбогдсон. Найз маань зуучилж өгсөн гэж хэлж болно. Анх гурван дуу бичлэгээр явуулаад, дараа нь ярилцлага өгөхдөө гурван дуу дуулж өгсөн. Тэндээс дахиад уран бүтээлчид санал болгоод, дахин гурван дуу дуулж, бичлэг хийн явуулж, тэр дундаас дуунуудаа сонгож явуулсан. Тэндээс нэвтрүүлгийн зүгээс надад дуу сонгож өгөөд, тэмцээнд оролцсон.

-Та яагаад энэ нэвтрүүлэгт оролцохоор шийдсэн юм бэ?

-Ер нь Солонгост шоуны төрлийн нэвтрүүлэгт оролцох маш хэцүү. Хүн болгонд таараад байхгүй аз завшаан. Бүх чадвараа гаргаад, маш сайн оролцоно гэж бодсон.

-Нэвтрүүлгийн нэг шүүгч анх удаа монгол хүн харж байна гэж байсан. Өмнө нь монгол хүн оролцож байгаагүй бололтой?

-Тийм ээ. Өмнөх дөрвөн дугаарт нэг ч монгол хүн оролцоогүй байсан. Тав дахь дугаарт нь анхны монгол хүн болж оролцсондоо маш их баяртай байна. Тухайн шатныхаа ялагчийг тодруулаад явах журамтай. Сүүлд нь эхний таван дугаарын ялагчийг өрсөлдүүлэх шийдвэр гарсныг сонссон. Энэ долоо хоногтоо аваргын төлөө өрсөлдөх юм билээ.

-Миний хувьд БНСУ-ын алдарт дуучин Lim Jae Bum-ийг сонсдог л  доо. “For you” гэдэг маш гоё дууг нь сонгож, монгол хэлээрээ гоё хослуулж дуулсан байсан. Дууны сонголтын хувьд хэн нэгэн санал болгов уу?

-Нэвтрүүлгийн зүгээс сонгож өгсөн дуу. Солонгост ирээд хамгийн анхны жижиг тэмцээнд оролцож байсан дурсамжийг сэргээсэн, дуулах дуртай дуунуудын маань нэг. Энэ дуучны дуулдаг бүх дуу миний хоолойд маш гоё тохирдог, эвтэйхэн байдаг. Энэ дуучин бид хоёрын дуулах арга барил ч юм уу төстэй санагддаг.

-Нэвтрүүлгийн ялагчийн шалгаруулалт шударга явагддаг юм билээ. “Яллаа” гэсэн үг сонсоод ямар сэтгэгдэл төрж байв?

-Анх ялж түрүүлье гэсэн зорилго байгаагүй. Миний хувьд энэ том шоунд оролцож байгаа юм чинь гоё сайхан дуулъя, үзүүлье, харуулъя гэснээ харуулъя, их сайхан уран бүтээлтэй болъё гэж зорьсон. Энэ зорилт минь биелэлээ олж, дугаарын ялагч болсондоо маш их баярласан.

-Солонгосын хөгжмийн сувгуудаар таны шинэ дуу цацагдаж эхэлсэн гэж сонссон. Юуны тухай өгүүлдэг дуу вэ?

-Эхнэртэйгээ танилцсанаас хойш долоон жил болж байна. Долоон жилийнхээ ойд, эхнэртээ зориулж бичсэн дуу байгаа юм. Сүүлийн гурав, дөрвөн жил эхнэртээ зориулж сайхан дуу хийх юмсан гэж бодож байсан ч хаанаас эхлэх, ямар сэдвээр хийхээ мэдэхгүй олон жил явсан. Ер нь өөрсдийн хайрын түүхээр эхнэртээ зориулаад дуу хийж болох юм байна гэж бодоод, насан үүрд хайртай байхаа амалсан утгатай дуу хийсэн. Монголчуудад маань таалагдана гэж найдаж байна.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Солонгосын шоу урлагт илүү олон уран бүтээл гаргахыг зорьж, дуунууд дээрээ ажиллаад явж байна.

МАНАЙ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД МАШ ИХ ДАЙЧИН, ТЭВЧЭЭРТЭЙ, ИХ АЖИЛСАГ

-Хүний нутагт хэн нэгний татаас дэмжлэггүйгээр сайхан амьдрах хэцүү. Гэхдээ бусадтай харьцуулахад монгол хүн бүрт өөрийгөө дайчилвал бүх боломж нээлттэй санагддаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Солонгост буй монголчууд маань маш их тэвчээртэй. Манайхан ажилдаа сайн. Зарим нь ажилдаа яваад, зарим нь өөр салбарт амжилт гаргаад явж байна. Монголчууд маань ер нь Солонгост нэлээн гайгүй амжилттай явдаг гэж боддог. Ялангуяа манай Монголын эмэгтэйчүүд маш их дайчин, тэвчээртэй, их ажилсаг нь харагддаг.

БНСУ-д болж буй хурим ёслолд ая дуугаа өргөх урилга цөөнгүй ирдэг бололтой. Голдуу ямар хэлээр дуулдаг вэ? Монгол дуугаа дуулна биз? Монгол дуу сонсоод солонгосчууд, гадныхан хэр хүлээж авдаг вэ?

-Солонгос хүнтэй сууж, гэр бүл болж байгаа монгол иргэдийн хурим, хүүхдийн үсний найранд нэлээн очдог. Энд хүүхдийн мэндэлсний 100 өдрийн ой гэж тэмдэглэдэг. Урилгаар очиж, голдуу монгол дуунуудаа дуулна. Солонгосчууд маань “Монгол дуугаа дуулахаар илүү бардам, бахдам гоё сонсогдож байна” гэдэг шүү.

-“Хайраар дуталгүй, хүмүүжлээр доголдолгүй, өнгөнд хуурталгүй, өрөөлд зусардалгүй, өөрөө бүхнийг болгох гээд нарнаас сарны хооронд нас биеэ зориулж л явна даа” гэж фэйсбүүк хуудастаа бичсэн тань их таалагдлаа. Зөв амьдарвал зөөлөн замбуулин гэдэг дээ?  

-Энэ хорвоо дээр хүн болоод төрсөн, өөрийнхөөрөө бүхнийг буй болгохыг хүсдэг. Аль болох өөрөө болгоод, бусдад дараа болохгүйг хичээдэг. Ер нь надад ашигтай, хэрэгтэй гэж хэн нэгэнд зусардаж, долигонож үзээгүй, дургүй. Бусадтай сэтгэлээрээ нөхөрлөж, аль болох хамтарч, ойр дотно байхыг хүсдэг.

ЭХ ОРНОО МАШ ИХ САНАДАГ. СУРГУУЛИА ТӨГСӨӨД МОНГОЛДОО, МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ УРАН БҮТЭЭЛ ХИЙХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

-Та аль нутгийнх вэ? Хүүхэд насны дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нарийны гол гэдэг газар хүүхэд насаа өнгөрөөсөн. Зургаан нас хүртлээ хурга, ишигтэй тоглож, хурдан морь унасан. Анх долоон настайдаа аймгийн төв орж үзэж байлаа. Хүүхэд нас маань хөдөө, цэвэр нүүдэлчин монгол ахуйд өнгөрсөн.

-Солонгост ямар зорилгоор хэзээ анх очсон бэ?

-Солонгост анх 2010 онд хөдөлмөрийн гэрээгээр ирж байлаа.

-10 жилийн өмнө Солонгост очсон гэхээр анхны хайр, үрийн зулай үнэрлэсэн гээд анхны бүхэн тань энэ оронтой холбоотой юу?

-Тэгэлгүй яах вэ. Эхнэртэйгээ танилцаад долоон жил болж байгаа гэхээр Солонгост хайртайгаа учраад, анхныхаа хүүхдийг өлгийдөж аваад, амьдарч байгаа учраас энэ оронтой бүх юм маань ойрхон санагдаж байна.

-Таныг инээд чимэх юм. Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг гэдэг?  

-Инээд муутай гэх юм уу (инээв. сурв). Инээх дуртай, бага байхад ч хүмүүс тэгж хэлдэг байлаа.

-Одоо Солонгост ямар ажил алба эрхэлж байна вэ?

-Солонгосын Сежүн их сургуульд бизнесийн удирдлага, дуулаачаар сурч байна. Энэ улиралд сургуулиа төгсөнө.

-Та Монголын залуучуудын холбооны БНСУ дахь салбартай ямар холбоотой вэ? Энэ байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? 

-Солонгос дахь залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр өнгөрсөн оны 11 дүгээр сараас ажиллаж эхэлсэн. Солонгост байгаа залуучууддаа хүрч ажиллах, тэдгээр залуусын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулах, зэрэг үйл ажиллагаа явуулдаг байгуулага. Жишээлбэл, эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг шинжилгээнд хамруулах байдаг юм уу, номонд дуртай залууст зориулсан номын өдөрлөг зохион байгуулах зэрэг бүх л үйл ажиллагааг зохион байгудаг.

-Солонгос улсыг зорихыг хүсч буй залууст юу хэлэхийг хүсч байна вэ?

-Ирж, байгаа, зорихыг хүсч буй залууст Солонгосын соёл, дүрмийг маш сайн судлаарай гэж хэлмээр байна. Тэгж чадаагүйн улмаас дураараа аашилж, янз үрийн хэрэг төвөгт орооцолдон нутаг буцдаг байдал их анзаарагддаг. Солонгост буусан л бол дүрэм журам бүх зүйлд нь захирагдаж хэрэгтэй.

-Эх орноо санаж байгаа байх. Хэзээ эх орондоо ирж харьд сурсан мэдсэнээ нутагшуулах вэ?

-Эх орноо маш их санадаг. Сургуулиа төгсөөд Монголдоо, монгол уран бүтээлчидтэй уран бүтээл хийхийг зорьж байна.

Wow.. Монгол залуу гайхалтай дуулж байна 👍👏 🇲🇳 Амжилт хүсье! /2020.05.30 탑골 랩소디/

Posted by Dorjsuren Hatanaa on Saturday, May 30, 2020

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нүд чих 2020-06-05 64.119.22.22

Нарийний голынх гэхээр2-р багийн хүүхэд байна. Хэнийхний удмын хүү вэ? Нутгийн хүүд амжилт,сайн сайхныг хүсье.

Avatar

Zohioliin duunii hanhuu bolohiig husen eruue! 2020-06-05 108.170.182.183

So n' baina uu Mo n' baina uu Hu n' baina uu bugdend n' l todorhoi neg "Inner Javkhlan" baidag yum shuu dee. Ter zah zeelee olood buteelee tuurviad munguu hiigeed yavahad buruu yum yu baina?

Avatar

zochin 2020-06-05 68.148.158.2

Ulsiin Garid tom Suhbatiin duu yum sig baina. Adilhan ineej baina.

Avatar

зочин 2020-06-05 122.201.31.111

солонгос тал руугаа болж байгаа нөхөр байна, царай төрх нь ч тэр, ийм хүмүүс монголд ирээд амьдрахад хэцүү л дээ, ирэх ч үгүй биз, тэндээ монгол гэдгээ мартчихалгүй ингэсхийгээд байж байх нь өөрсдөд нь ч өрөөлд ч хэрэгтэй

Avatar

Зочин 2020-06-05 103.212.119.28

Үнэхээр мундаг

Avatar

уншигч 2020-06-05 202.180.218.37

Бахархалтай юм аа, улам их амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж