Хүний наймааны хохирогч болсон иргэдээ татан авна

Хуучирсан мэдээ: 2020.06.05-нд нийтлэгдсэн

Хүний наймааны хохирогч болсон иргэдээ татан авна

Хүний наймааны хохирогч болсон иргэдээ татан авна

НЭМЭЛТ 13:00 ЦАГ 

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар өрхийн ажиглалтад 903 хүн байна. Гэрийн ажиглалтад байгаа хүмүүст гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтад 94 хүн хамрагдсан байна. Энэ үеэр 11 хүн гэртээ байгаагүй, хоёр хүний хаяг тодорхойгүй зөрчил илэрчээ. Зөрчилд хуулийн дагуу хариуцлага тооцохоор болжээ.

Оюутолгой компани Австрали улс руу ажилчдаа хүргэх болсонтой холбоотойгоор иргэдээ татан авахаар болжээ. Тусгай үүргийн нислэг зургадугаар сарын 6-нд хөөрөх юм.

АВСТРАЛИ, ЛАОС УЛСААС 250-270 ИРГЭН ДАВАА ГАРИГТ ЭХ ОРОНДОО ИРНЭ

Гадаад харилцааны яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар дэлхийн 45 улсаас 11.600 иргэн нутаг буцах хүсэлтээ өгчээ. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа аж. Мөн  тусгай үүргийн хуваарьт найман удаагийн нислэгийн товд өөрчлөлт оржээ. Тухайлбал, өнөө шөнө Австрали улсын Сидней хот руу тусгай үүргийн онгоц хөөрөх бөгөөд тус онгоцоор 250-270 орчим иргэн зургадугаар сарын 8-нд ирж, Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана. Энэхүү нислэгийг хөөргөх үедээ Филиппин улсад түр зогсолт хийж, 200 орчим иргэнийг татан авахаар төлөвлөжээ.

Мөн ойрын хугацаанд БНХАУ-аас нутаг буцах хүсэлтэй 160 орчим иргэнийг татан авах ажлыг зохион байгуулах юм байна. Түүнчлэн Казахстан улс руу хөөрөх тусгай үүргийн нислэгээр 170 орчим иргэнийг татан авахдаа Киргиз, Узбекстанд гацаад буй монголчуудаа татан авчрахаар төлөвлөжээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн мэдээлснээр, анх удаа Төв Азийн орнуудаас иргэдээ татан авах юм байна. Гадаад дахь иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

НУУЦААР НИСЛЭГ ҮЙЛДЭХГҮЙ

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

-Бид Австрали улсаас иргэдээ татан авах зөвшөөрлөө өнөө өглөө албан ёсоор авлаа. Өнөө шөнө нислэг үйлдэнэ. Австрали улсаас нутаг буцах хүсэлтэй 1200 хүний өргөдлийг хүлээн авч, өмнөх шаардлагуудын нэгэн адил иргэдийн нэрсийг бүртгэсэн. Нууцаар нислэг үйлдэхгүй. Эх орондоо буцах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа ч зарим улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурч байна. Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн тухайд, Азид 5500, Европын улс орнуудаас 2200 иргэн өргөдөл, хүсэлтээ өгсөн. Эдгээр иргэний санал хүсэлт өргөдлийг Гадаад харилцааны яам, Улсын онцгой комиссын шуурхай штабаас тухай бүрт танилцаж байна.

Токио хот руу энэ сарын 11-ний өдөр тусгай үүргийн онгоц хөөргөж, оюутны байрнаас гарсан, хичээл нь амарсан, хүнд нөхцөлд байгаа оюутнуудаа татан авна. Японоос эх орондоо буцах хүсэлтэй 1400 иргэн байгаа юм. Мөн Энэтхэг улсаас 230 орчим ламхай нарыг татан авахдаа Лаос улсаас нутаг буцах хүсэлтэй 13 иргэнээ татан авна.

Энд нэг зүйлийг онцлоход, БНСУ транзит нислэгт хориг тавьсантай холбогдуулан Сөүл рүү хөөрөх тусгай үүргийн нислэгийн хуваарьт өөрчлөлт ороогүй. Энэ асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна. Зургадугаар сарын 18-нд Сөүл рүү үйлдэх тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авахаар төлөвлөөд байна. Транзит зорчигч авахгүй гэсэн шийдвэрийн тухайд зарим зүйлийг тодруулах шаардлагатай байна. Энэ асуудлыг аль болох нааштай шийдвэрлэхээр болж байна.

Дараа нь зургадугаар сарын 19-нд Франкфуртээс иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тусгай үүргийн нислэгээр 2000 гаруй иргэнээ татан авсны дараа тусгаарлах байрны нөөц, халдварын эрсдлийг тооцож, тусгай үүргийн нислэгийг хөөргөх тухай асуудал яригдана. Харин зургадугаар сарын сүүлээр үйлдэх нислэгүүдийн чиг тодорхойгүй байна. Бид одоогоор судалж байна. Өөрөөр хэлбэл, тусгаарлах байрны сулрах хугацаанд өөрчлөлт орж байгаа учраас зургадугаар сарын сүүлээр үйлдэх нислэгүүдийг тодорхой хэлэх боломжгүй.

Гададад гацсан, хүнд байдалд орсон иргэдийн дунд хүний наймааны хохирогч болсон хүмүүс ч бий. Малайзад хүний наймааны хохирогч болсон хүмүүс байгаа. Хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон. Дахин гурван иргэн хохирогч болсон байж болзошгүй. Таван иргэнийг эх оронд нь татан авах үйл ажиллагааг зохион байгуулахаар яригдаж байна гэлээ.

Манай улс өнгөрсөн хугацаанд гадаадын 30 улсаас 9060 иргэнээ татан авчирчээ. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, зургадугаар сарын 24-ний өдрөөс өмнө эх орондоо ирж тусгаарлагдсан иргэд УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтад оролцох боломжгүй аж. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хуулийн дагуу иргэдийн сонгох эрхэд хязгаарлалт тавьж буй юм байна.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛ ТАРААХДАА АЙЛЫН ХААЛГА ТОГШИХГҮЙ БАЙХ ЖУРМАА БИЕЛҮҮЛЬЕ

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах хэлтсийн дарга хурандаа П.ЭРДЭНЭБАТ:

Өрхийн тусгаарлалтад шилжсэн иргэд  14 хоногийн дэглэм сахиагүй зөрчил гаргаж байна. Ажиглалтад байх ёстой ч бүртгэлтэй хаяг дээрээ байгаагүй  14 иргэний зарим нь хөдөө явж, зусланд гарсан байсан. Мөн тусгаарлах байрнаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн Хан-Уул дүүргийн харьяа иргэн 47 настай Батсүх  дэглэм сахилгүй ах дүү нартайгаа архидан согтуурсан зөрчил гаргасанд хуулийн дагуу хариуцлага тооцно. Энэ мэтчилэн өрхийн тусгаарлалтад гарсан иргэдээс нийт 26 зөрчил илэрлээ. Мөн Сонгуулийн сурталчилгааны материал тараахдаа айлын хаалга тогшихгүй байхаар журамд заасан. Үүнийг биелүүлж ажиллахыг хүсье.

ТУСГААРЛАХ БАЙРНЫ ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Хил, хорио цээрийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч Т.ТӨМӨРБААТАР:

-Одоогоор 11 боомт хөдөлгөөнтэй байна. Буянт-Ухаа, Алтанбулаг, Дорнодын хоёр боомт, Замын-Үүдийн боомт, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги Мандалын боомтуудад нийт 485 байцаагч хяналт тавин ажиллаж байна. Буянт-Ухаа боомтод тусгай үүргийн нислэгт хяналт тавьж байна.

ХӨСҮТ-өөс мэдээлснээр, коронавируст халдварын батлагдсан 191 тохиолдол байна. Тиймээс бид сонор сэрэмжээ алдаж болохгүй. Өвчний шинж тэмдэг балархай хэлбэртэй, клиник шинж тэмдгүүд өөрчлөгдөж байгаа тул  тусгаарлах байрны хугацааг өөрчлөх зайлшгүй шаардлага гарч байна. Дулааны улиралд иргэд амны хаалтаа тогтмол зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөе. Гар угаах нөхцөлгүй үед гар ариутгагч хэрэглэх хэрэгтэй.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДЭРГЭДЭХ ШУУРХАЙ ШТАБААС МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас тусгай үүргийн нислэг хөөргөх асуудлаар өнөөдөр /2020.06.05/ мэдээлэл хийнэ. Энэ сард манай улс Казахстан, Токио, Энэтхэг, БНСУ зэрэг орнууд руу найман удаа нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ татан авах юм.

Манай улс өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны нэгдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 29-ний хооронд нийт гадаадын 30 орноос агаарын замаар 3488, автозамаар 5580, нийт 9068 иргэнээ эх оронд нь авчраад байгаа билээ.

Б.ЦЭЦЭГ

УОК-ийн шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Thursday, June 4, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж