Оюутны спорт номтой боллоо

Хуучирсан мэдээ: 2020.06.05-нд нийтлэгдсэн

Оюутны спорт номтой боллоо

Оюутны спорт номтой боллоо

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеэр спортын байгууллагуудаас явуулдаг тэмцээн наадам, бэлтгэл сургуулилт үндсэндээ зогсонги байдалд орсон. Монголын оюутны спортын холбоо (МОСХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан энэ цагийг ашиглан "МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛТ" номыг хэвлүүлж гаргалаа. Номын редактор нь МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х.Батсайхан нар байв.

Тус номонд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ, Засгийн газар болон Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ)-ны Ерөнхийлөгч, ОХУ-ын Спортын сайд О.В.Матыцин, Ази тивийн оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, БНХАУ-ын иргэн, доктор Шуй Янчин нарын зэрэг гадаад, дотоодын арав орчим хүн баярын мэндчилгээ ирүүлжээ.

Энэхүү ном нь Монгол Улсад оюутны спортын хөдөлгөөн үүсч хөгжсөний 98 жилийн ой (1992-2020 он) Монголын залуучууд, оюутны спортын анхдугаар наадам зохиогдсоны 60 жилийн ой (1959-2019 он) Монголын тамирчид дэлхийн оюутны спортын “Универсиад” наадамд оролцож эхэлсэний 55 жилийн ой (1965-2020 он) Монголын оюутны спортын холбоо байгуулагдсаны 30 жилийн ой (1989-2019 он) ОУОСХ-ны 70 жилийн ой (1949-2019 он) Дэлхийн оюутны спортын “Универсиад” наадам зохиогдсоны 60 жил (1959-2019 он) Азийн оюутны спортын холбоо байгуулагдсаны 28 жилийн (1992-2020 он) түүхт ойн баярууд болон 2020 онд явагдах Монголын оюутны спортын V наадамд зориулагдан бүтээгдсэн байна.

Доктор Д.Жаргалсайхан номоо бичихийн тулд Бельгийн Брюссель хот дахь ОУОСХ болон Бээжинд Азийн ОСХ-ны архивт сууж Монголын талаар мэдээ, мэдээлэл, зураг, баримт олж авах, бусад материалыг гадаад, дотоодоос судлах, орчуулах, унших, цуглуулах, бичих, хэвлүүлэх зэрэгт сүүлийн зургаан жил гаруйн цаг хугацаа, нөр их хөдөлмөрөө зориулан бүтээжээ.

Зохиогч өмнө нь 2014 онд “Оюутны спорт, Универсиад наадам” номоо хэвлүүлэн гаргаж дэлхий болон тивийн оюутны спортын хөгжлийн түүх, олон улсын болон Ази тивийн оюутны спортын холбооны ажил, үйл ажиллагаа, дэлхийн оюутны “Универсиад” өвөл, зуны наадам, оюутны ДАШТ-ий түүхийн талаар бичиж байв. Харин энэ удаагийн номондоо нь зөвхөн Монголын оюутны спортын түүхийн тухай материалуудыг оруулжээ. Энэхүү ном нь зургаан бүлэгтэй. Үүнд:

Нэг. Монголын оюутны спортын хөгжилт (1922-1988 он)

Хоёр. Монголын оюутны спортын холбооны хөгжлийн гучин жилийн үйл ажиллагаа, арга хэмжээнүүд (1989-2019 он)

Гурав. Монголын оюутан тамирчдын дэлхийн “Универсиад” наадамд оролцсон байдал, үзүүлсэн амжилт (1965-2019 он)

Дөрөв. Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын оюутан тамирчид оролцсон нь (1988-2019 он)

Тав. Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн Монголын оюутан тамирчдын гаргасан амжилт (2005-2019 он)

Зургаа. Монгол Улсад зохион байгуулсан Ази тивийн болон дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний түүх гэсэн бүлгүүд оржээ.

Тус номонд оюутны спорт нь 1922 онд “Багшийн сургууль” байгуулагдсан үеээс эхлэн хөгжсөн тухай, орчин үеийн спортын төрлийг Монгол Улсад хөгжүүлэхэд гадаадад суралцагч оюутнууд анхдагч нар байсан талаар өгүүлэн, 1965 оноос эхлэн Монголын тамирчид Унгарын Будапешт хотноо болсон дэлхийн оюутны Универсиад наадамд оролцсон түүхээс эхлээд оролцогчдын нэр, спортын амжилтыг нь судалгаатай бичиж, нийтдээ 41 спортын тивийн АШТ, оюутны ДАШТ, Универсиадад манай тамирчид оролцсон тухай олон төрлийн мэдээлэл, тухайн оролцож байгаа үеийн зураг, баримт, материалыг оруулан нийтлүүлсэн байна.

Энэхүү номыг БСШУСЯ-наас манай орны 100 орчим их, дээд сургууль, коллежийн 160 мянга орчим оюутнуудын биеийн тамирын хичээлд ашиглахыг зөвлөмж болгожээ. Түүнчлэн манай улсын спортын холбоо, клубүүд, бусад спортын байгууллага, тэдгээрийн багш, дасгалжуулагч, сурган хүмүүжүүлэгч, арга зүйч нар, эцэг, эхчүүд, судлаач, биеийн тамир, спортын салбарын удирдах ажилтан, спортын сэтгүүлчид, хөгжөөн дэмжигч, ард иргэд уншин судлах, өргөн хэрэгцээнд ашиглахад зориулагдсан байна. Мөн гадаад орны үндэсний оюутны спортын холбоод өөрийн түүхийн номоо бичихэд загвар болгон ашиглах бололцоотой ба номын нэр, дэд гарчиг зэрэг хэсгүүдийг англи хэл дээр бичжээ.

Номын эхийг бэлтгэхэд МОСХ, ОУОСХ-ноос тусалсан ба хэвлүүлэхэд бизнесийн тэргүүлэгч байгууллага Б.Ганхуяг захиралтай  “Эрдэнэс Таван толгой” ХК-ний хамт олон дэмжлэг үзүүлсэн. Номын эхийг "Содпресс" компанид бэлтгэн “Адмон принт” ХХК-нд хэвлүүлсэн байна. Энэхүү ном нь өнгөт хэвлэлээр “А-4”-ийн цаасан дээр 404 нүүртэй, 50,5 хэвлэлийн хуудас хэмжээтэй бүтээл болжээ.

"Монголын оюутны спортын түүхэн хөгжилт" номын талаар санал, хүсэлтээ гаргах, олж авахыг хүсвэл МОСХ-ны 311947, 88198123 утсаар холбогдох ба mongolianssf@gmail.com и-мэйл хаягаар ирүүлж болно.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж