Орос улс нь хүн төрөлхтний авралын төлөө өргөсөн ард түмнийхээ золиосыг ариунаар хүлээн зөвшөөрүүлж, үнэн зөвийг хадгалан үлдэх өөрийнхөө эрхийн төлөө зүй ёсоор тэмцсээр байна
Виктор ЛУПАН, Редакторуудын зөвлөлийн тэргүүн («Русская мысль» сэтгүүл)
Тийм ээ, «Энэ бол бидний ялалт, бид Ялалтаа хэнд ч өгөхгүй!» хэмээн ярьж буй оросуудын зөв юм. Хүн төрөлхтөн маш олон удаа дайтаж байсан ч энэ удаад бид ямарваа нэгээн дайн байлдааны тухай яриагүй. Бид энэ удаа фашизмыг устгасан Аугаа Ялалтын тухай ярьж байна.
Баруун Европт удаан хугацаагаар амьдарч буй бидний зарим нь дайрлагад автан, гүн шоконд ороод байна. Барууныхан түүхэн үнэнийг хэрхэн үгүйсгэж, гуйвуулж байгааг хараад бид Европын соёл иргэншил гэж ер нь байдаг юм уу? Түүний мөн чанар нь юу юм бэ? хэмээн өөрийн эрхгүй эргэлзэж эхэллээ. Европын түүх судлал бол ухамсарт нөлөөлөх үзэл суртал биш, харин маргаангүй баримт бичигт суурилсан шинжлэх ухааны сахилга бат гэдгийг бидэнд олон арван жилийн турш хэлж ирсэн.
Урьд өмнө нь тийм байсан л байх. Надад энэ талаар мэдэх юм алга. Гэхдээ өнөөдөр бид яг эсрэг тэсрэг зүйлсийг ажиглаж байна. Дэлхийн 2-р дайны явц, түүний өмнөх болон дараах үйл явдлуудыг тайлбарлаж байгаа нь барууны үзэл суртлын тэргүүлэх чиглэлүүдэд илт тохируулсан учир энд түүхэн үнэний тухай ярих ямар ч боломж алга.
Төвч байхын тулд ийнхүү гажуудлын ажиллагаа нь хорин жилийн өмнөөс эхэлсэн гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Үүнээс өмнө Америкийн зарим их дээд сургуулиудад, тухайлбал, Стэнфордын их сургуулийн эрдэмтэд үзэл суртлын улмаас түүхийг эргэн харж, гуйвуулан бичихийг оролдож байсан л даа. Жишээлбэл, тэд Власов, Шкуро нарыг зөвтгөж, алдаршуулах гэж оролдож байв. Гэхдээ ерөнхийдөө Баруун Европын нийгэм нь Зөвлөлтийн ард түмний гавьяаг болон түүний фашизмыг ялан дийлсэн агуу үйлсийг нь санаж байсан. Ялангуяа германчууд үүнийг маш сайн санадаг байлаа. Тэд хэн тэднийг бут ниргэж, хэн Берлинийг нь эзлэн авсныг сайтар мэдэж байгаа. Өөрсдийн хийсэн кинонууддаа ч тэд Гитлер Гуравдугаар Рейхийн нийслэлийг эзлэн авч, түүнийг ялсан оросуудыг хэрхэн зүхэж байгааг, Гиммлер болон нацистуудын бусад удирдагчид америкчуудтай тусдаа энхийн гэрээ байгуулж, дараа нь Зөвлөлт Холбоот Улсын эсрэг хамтдаа байлдахыг хэрхэн мөрөөдөж байгааг харуулдаг.
Баримт бичиг, таталгасан тэмдэглэлүүдээс харахад Сталин эдгээр төлөвлөгөөнүүдийн талаар сайн мэдэж байсан бөгөөд тэдний хэрэгжилтээс болгоомжилж байсан. Харин Улаан арми Берлинийг довтлон, байлдан дагуулсан нь тэдгээр төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхэд саад болжээ.
Энэхүү таамаглалыг батлах нэгэн жигшүүртэй баримт бий. Энэ нь 1945 оны 5-р сарын 7-ны өдөр Германы зэвсэгт хүчин бууж өгсөн тухай акт юм. Харин түүнийг хаана баталж, гарын үсэг зурсныг мэдэх үү? Реймс хотод. Францын Реймс хот хаана, харин Гуравдугаар Рейхийн нийслэл Берлин хот хаана байгааг газрын зураг дэлгээд нэг хараарай. Реймст байлдааны ажиллагаа огт явагдаж байгаагүй бол Берлинд дэлхий ертөнц сүйрч байгаа мэт аймшигт үйл явдлууд өрнөж байв. Харин Реймст Америкийн армийн командлал байрлаж байжээ… Өдгөө энэ шившигт үйл явдлын тухай сануулах нь цөөрчээ.
Мэдээжийн хэрэг, Сталин энэхүү хуурамч ялалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Тэрээр Германчууд тэднийг бодитоор ялсан хүмүүст аливаа болзолгүйгээр, тэгээд хэний ч мэдэхгүй алсын Реймст биш, харин төрөлх Рейхийнхээ хайртай нийслэлийн балгасан дунд бууж өгөх ёстой хэмээн үзэж байсан.
Адмирал Фридебург Германы цэргүүд «зөвхөн Өрнөд фронт дээр» бууж өгөх хувилбарыг Эйзенхауэрт санал болгохоор 5-р сарын 4-нд Реймст очсон байдаг.
«Дорнод фронт дээр дайсантай тулалдаж буй бүх цэргүүд аль болох богино хугацаанд, шаардлагатай бол Зөвлөлтийн цэргийн байрлалуудыг нэвт гарч, баруун зүг рүү ухарсугай. Англи-Америкийн цэргийн хүчнүүдэд эсэргүүцэл үзүүлэхээ нэн даруй зогсоож, анги нэгтгэлүүдийн бууж өгөх ажлыг зохион байгуулсугай. Бууж өгөх тухай ерөнхий гэрээг өнөөдөр Эйзенхауэртэй байгуулах болно» хэмээн адмирал Деница тушааж байжээ.
Ийм ичгүүртэй үйл явдлууд болж өнгөрсөн юм. Энд бас Эйзенхауэр өөрөө уг гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсаныг анхааруулъя. Гэхдээ зарчмын үүднээс бус дэгийн улмаас. Яагаад гэвэл Германы талыг мөн ерөнхий командлагч нь төлөөлөөгүй бөгөөд энэ нь уг гэрээ залилан байсныг дахин батална.
Реймсийн бууж өгөх ажиллагааны талаар Сталин хэлэхдээ: «Реймст байгуулсан гэрээг цуцлах боломжгүй ч түүнийг хүлээн зөвшөөрөх мөн ямар ч боломжгүй. Бууж өгөх ажиллагаа нь түүхэн чухал үйлсийн хувьд фашизмын түрэмгийлэл өсөж төрсөн өлгий нутаг буюу Берлин хотод, мөн ганц талын төлөөллийн оролцоотойгоор бус Гитлерийн эсрэг эвслийн бүх гишүүн орнуудын дээд командлалын гүйцэтгэлээр явагдах ёстой» гэж байжээ.
Тиймээс аливаа болзолгүйгээр бууж өгөх жинхэнэ ажиллагаа нь Берлиний ойролцоо Карлхорст хотод болж өнгөрсөн байдаг. Актанд Вермахтын Дээд командлалын штабын дарга, генерал-фельдмаршал Вильгельм Кейтель гарын үсэг зурсан бол актыг Берлинийг эзлэх ажиллагааг удирдсан маршал Георгий Жуков хүлээн авч, уншин танилцуулсан байдаг. Энэхүү явдал нь Төв Европын цагаар 1945 оны 5-р сарын 8-ны өдрийн 23:01 цагт, харин Москвагийн цагаар 1945 оны 5-р сарын 9-ний өдрийн 01:01 цагт болсон. Зөвлөлтийн ард түмэн Герман улс бууж өгсөн тухай мэдээг шөнийн 2.10 цагт аль эрт тэдний танил болсон радио нэвтрүүлэгч Юрий Левитанийн амнаас сонссон билээ.
1940 онд Европын бүх улс орнууд Германы түрэмгийлэлд эсэргүүцэл үзүүлэхийг оролдож байсан ч германчууд хэдхэн долоо хоногийн дотор тэдний армиудыг бут цохисон байдаг. Хэдийгээр германчууд болон америкчууд фашистын ялагдашгүй цэргүүдийг зөвхөн Улаан арми (өөр хэн ч биш шүү!) ялан дийлснийг сайн мэдэж байгаа ч дайн албан ёсоор дуусахаас өмнө бидний Аугаа Ялалтыг биднээс булаахыг оролдож байсан.
Гурав дахь Рейх нь Европыг бараг тэр чигт нь хамарч байв. Америкчууд үүнийг мэдэж байсан. Мөн түүнчлэн 1941-1945 онуудад Германы амиа алдсан арван цэрэг тутмын ес нь Дорнод фронт дээр алуулсныг тэд мэдэж байв. Өрнөд фронт гэж үндсэндээ байгаагүй бөгөөд ийнхүү 1944 оны 6-р сарын 6-нд буюу дайн дуусахаас хэдхэн сарын өмнө, уг дайнд хэн ялах нь ямар ч эргэлзээгүй болсны дараа Америкийн цэргүүд Нормандад газардсаны дараа хэрэглэгдэх болсон ойлголт юм.
Фашист муу ёртой хийсэн сүйрлийн дайнд манай 27 сая хүн амиа алджээ. Энэ бол ялалтын жинхэнэ үнэ цэнэ юм! Энэ тухай бидэнд «Үхэшгүй мөнхийн хороо» хөдөлгөөн сануулдаг билээ. Манай цэргүүдэд зориулсан маш олон хөшөө дурсгалуудыг Зүүн Европын улс орнуудад босгосон боловч, харамсалтай нь, өнөө үед зарим нутаг дэвсгэрт эдгээр дурсгалт газруудыг бузарлах болов.
Орос Улс ба түүний ард түмний Аугаа Ялалтад оруулсан шийдвэрлэх үүргийг дутуу үнэлж байгаа нь онцгой доромжлол болж байна. Яагаад гэвэл энэ нь бидний нэр төрийг гутаасан хэрэг юм. Орос улс нь хүн төрөлхтний авралын төлөө өргөсөн ард түмнийхээ золиосыг ариунаар хүлээн зөвшөөрүүлж, үнэн зөвийг хадгалан үлдэх өөрийнхөө эрхийн төлөө шударгаар, зохистойгоор тэмцэж байна. Үнэн гээч ариун юм!
Агуу жанжин, Гэгээн Александр Невскийн нэгэн цагт үнэн шударгаар хэлсэн «Бурхан тэнгэр хүч чадалд бус үнэн зөвд байдаг юм!» гэсэн үгийг нь энд дурьдацгаая.
Холбоотой мэдээ