Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон суртал нэвтрүүлгийн материал давуулж илгээхээ зогсоохгүй бол Өмнөд Солонгостой байгуулсан батлан хамгаалах гэрээгээ цуцална хэмээн сүрдүүлжээ.
Умардаас дүрвэж Өмнөдөд ирсэн болон хүний эрхийн төлөө тэмцэгчид Хойд Солонгосын хилийг давуулж Пёньяны эсрэг агуулгатай ухуулгын материалуудыг агаарын бөмбөлөгт зүүн нисгэдэг юм.
Ким Ё Жоны мэдэгдэлд дүрвэгчдийг “нийгмийн хог шаар”, “эх орноосоо урван тэрслэгчид” гэж нэрлэсэн байсан ба Өмнөдийн зүгээс ийм төрлийн ухуулгаа зогсоохгүй бол хатуу шийтгэл амсах болно хэмээн мэдэгджээ.
Хоёр Солонгос 2018 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг Пёньянд айлчлах үеэр хилийн зөрчил мөргөлдөөнийг багасгах зорилгоор батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж байжээ.
Эх сурвалж: Chinadailyasia