Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөсөн цагдаа Дерек Човиныг гуравдугаар зэргийн хүн амины хэрэг, хоёрдугаар зэргийн аллагад буруутгаж байсан ч өчигдөр/2020.06.03/ дахин хоёрдугаар зэргийн хүн амины хэрэг болгон хүндрүүлж, хэрэг болох үед цуг байсан гурван цагдааг хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт тусалсан, өөгшүүлсэн гэх хэргээр яллахаар болжээ.
Дерек Флойдын хүзүүн дээр 8 минут, 46 секундийн турш, тэр дундаа Өлөйдыг ухаан алдсанаас хойш 2 минут, 53 секундийн турш өвдөглөсөн юм.
Дерекийг өмнө нь гуравдугаар зэргийн хүн амины хэрэгт буруутгаж байсан билээ. Миннесота мужийн хуулинд энэ нь хэн нэг этгээд бусдад маш аюултай үйлдэл хийсэн бөгөөд түүнээс нь шалтгаалж хүн нас барсан гэсэн үг аж. Энэ хэрэгт 25-аас доош жил хорих, 40 мянган ам.доллараас доош дүнгээр торгох шийтгэл ноогдуулдаг байна. Мөн хоёрдугаар зэргийн аллага нь хэн нэгэн тус үйлдлээ үхлийн аюултайг нь мэдсээр байж шалтгаангүйгээр үйлдэхийг хэлдэг аж. Үүнд нь харин 10 хүртэлх жил хорих, 20 мянга хүртэлх ам.доллараар торгох ял ноогддог гэнэ.
Харин хоёрдугаар зэргийн хүн амины хэрэг гэдэг нь Миннесота мужийн хуулинд хэн нэг этгээд хохирогчийн аминд хүрэх зорилгогүйгээр хүчирхийлсэн бөгөөд түүнээс нь шалтгаалж хохирогч нас барсан гэсэн үг гэнэ. Энэ хэрэгт 40 хүртэлх жилээр хорих ял оноодог ажээ.
Баривчилгааг хамт гүйцэтгэсэн Томас Лэйн, Ж.Александер Күэн болон ойрхон харж зогссон Тоу Тао нарыг харин хоёрдугаар зэргийн хүн амины хэрэг, хоёрдугаар зэргийн аллагын хэрэгт тусалсан хэргээр буруутгахаар болжээ. Энэ хэрэгт 10 хүртэлх жилээр хорих ял өгдөг байна.
Эх сурвалж: CNN.COM