Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр/2020.06.04/ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр холбогдох албаныхан хаврын хуурайшилт болон гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тавьж буй хяналт, аялж зугаалгын улиралд хэрхэн сэрэмжтэй байх талаарх мэдээллийг өглөө.
“ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 794 ИРГЭН 111 ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТАД БАЙНА”
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр:
-Өнгөрөгч нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 8518 хүнийг ажиглалтад авсан. Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан гэрийн ажиглалтыг хийж байна. Тус төвөөс хүмүүсийг 14 хоногийн хугацаанд өдөр бүр биеийн халууныг нь хэмжин, хянаж байна. Гуравдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 3-ны өдрүүдэд 3945 хүнийг гэрийн ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 794 иргэн 111 өрхийн эмнэлгийн хяналтад байна.
“АЯЛАЛ ЗУГААЛГААР ЯВСАН 5000 ГАРУЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЛАА”
Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа:
-Ойн тухай хуульд заасан хаврын хуурайшилт гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10-ныг хүртэл байхаар хуульчилсан байдаг. Энэ жилийн хаврын хуурайшилтын хугацаа дуусч байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй, гал түймэр гарах эрсдэл нэмэгдсэн. Засаг даргын зүгээс гурван удаагийн захирамж гаргасан. Өнгөрсөн хугацаанд 150 гаруй тохиолдлыг байгаль хамгаалагчид тогтоож, нийт 5000 гаруй иргэний хөдөлгөөнийг хязгаарлалаа. Өнгөрсөн долоо хоногт гагнуур хийсэн 15, ил задгай гал түлсэн гурван тохиолдлыг илрүүлж, түймэр гарах эрсдэлээс сэргийлж ажиллалаа. Нийт 1500 ажилтан хөдөлгөөнт эргүүлийн ажлыг хийсэн.
“ӨМНӨ НЬ ХҮН УСАНД ОСОЛДСОН ХЭСГҮҮДЭД 10 САМБАР БАЙРЛУУЛНА”
НОБГ-ын дэд дарга Э.Эрдэнэбаатар:
– “Өнгөрсөн долоо хоногт 23 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах 89 дүгээр байрны хоёр давхарт өчигдөр гал түймэр гарч, утааны бүсээс 52 иргэний амь насыг аварлаа. Хөдөлгөөнт эргүүл ажиллах хугацаанд ногоон бүсэд гарсан 120 удаагийн дуудлагаар ажиллаж, өнжмөл өвс шатсан 30, ил задгай гал гаргасан 25, хог шатсан 10, гагнуурын оч үсэрсэн 55 тохиолдлоос гадна аялал зугаалгаар явж байсан 571 орчим иргэнийг ногоон бүсээс гаргасан. Нийт 3000 орчим иргэнд урьдчилан сэргийлэх санамжийг хүргүүлсэн. Цаг агаарын байгууллагаас гарсан мэдээллээр хаврын хуурайшилт харьцангуй буурч байгаа. Ингэснээр нэн аюултай зэрэглэл буурч, аюултай зэрэглэл рүү шилжсэн. Мөн Туул гол дагуу өмнө нь хүн усанд осолдсон хэсгүүдэд 10 самбар байрлуулна.
А.СҮРЭН