Тайланд улсад гацсан монголчуудын ар гэрийнхэн өнөөдөр /2020.06.04/ Онцгой байдлын ерөнхий газрын гадна талбайд жагсч байна. Цугларсан иргэд Тайландад гацсан иргэдээ татан авах гарын үсэг зурж, Онцгой байдлын ерөнхий газарт шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн юм.
“ЗУРГАДУГААР САРЫН 25, 28-НД ТАЙЛАНДАД ГАЦСАН 145 ИРГЭНЭЭ ТАТАН АВААЧ”
-Энэ үеэр гадаадад гацсан иргэдийн ар гэрийнхний төлөөлөл н.Ням-Очир ярихдаа “Манай дүү холимог тулааны ДАШТ оролцохоор нэгдүгээр сарын 15-нд очоод Тайландад таван сар гацаад байна. Гэтэл тэмцээн нь хоёрдугаар сарын 25-нд тодорхойгүй хугацаагаар хойшлогдож, тэр даруйдаа Элчин сайдын яамандаа хүсэлтээ өгсөн. Тэмцээнийхээ өмнө хоёр сорилго тулаан хийж, тэндээ ялалт байгуулсан. Холимог тулааны ДАШТ нь болоогүй. Өнгөрөгч дөрөвдүгээр сард дүүгийн минь гадаад хүн гэдэг шалтгаанаар түрээсийн байрнаас нь хөөж гаргасан. Одоо нэг байр олдсон ч түрээс, хоол хүнсний мөнгөгүй хүндхэн өдрүүдийг өнгөрүүлж байна. Оюутан хүүхэд өөрийн зардлаар тэмцээнд оролцохоор очоод байсан юм. Улсын онцгой комиссоос гадаад улс руу хэд хэдэн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдсэн ч Тайланд руу нэг ч удаа хийгээгүй. Тайланд улс бол Монгол Улстай шууд нислэгтэй орон. Бидний зүгээс зургадугаар сарын 25, 28-нд хаашаа нислэг үйлдэх нь тодорхойгүй байгаа учраас нэг удаагийн нислэгээр Тайландад гацсан 145 иргэнийг бүгдийн авах бүрэн боломжтой. Тэнд өвчтэй зовлонтой, бага насны хүүхэд ч байна шүү дээ. Монгол Улсын иргэн бүр эх орондоо ирэх эрхтэй. Монголд байгаа ар гэрийнхэн нь сэтгэл санааны хямралд орж байна” гэдгийг хэлж байв.
“ЭЭЖ МИНЬ ТАЙЛАНДАД ГАЦАХ ХУГАЦААНДАА БИЕ МУУДАЖ, ХАРВАЛТ ӨГСӨН”
-Тус улсад эмчлүүлэх гэж очоод, эх орондоо ирж чадахгүй гацаад буй ээжийнхээ талаар хүү нь ярихдаа “Манай ээж одоо 76 настай. Ээж минь Тайланд руу эмчлүүлэхээр өнгөрсөн нэгдүгээр сард явсан. Хөл муутай хүн өвлийн хүйтэнд даарч өвддөг учраас тэнд ажиллаж, амьдардаг охин дүү рүүгээ явуулсан. Тэр үед цар тахлын тархалт эхлээгүй байсан. Тэгээд ээжийг тэнд очсоны дараагаар дэлхийн улсууд хилээ хааж эхэлсэн. Гэтэл ээж минь дөрөвдүгээр сарын 26-нд тархинд нь харвалт өгч, бие нь эрс муудсан. Тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд зардал ихэсч, өндөр өртөгтэй байснаас гэрийн асаргаанд орсон. Тиймээс хүний нутагт өвчтэй зовлонтой эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа ээжийгээ эх орондоо авч ирүүлэх хүсэлтэй байна.
“ТАЙЛАНД УЛСАД ХҮНД НӨХЦӨЛД БАЙГАА 160 ГАРУЙ ИРГЭН ХҮСЭЛТЭЭ ГАРГАСАН”
-Бид өнөөдөр Тайланд улсад гацсан 160 гаруй монголчуудаа эх орондоо авч ирэхийг шаардаж байна. Тэнд дөрвөн бага насны хүүхэдтэй гэр бүл байна. Өвчин зовлонтой, өндөр настай монгол хүн ч байгаа. Олон нийтийн сүлжээгээр гадаадаас ирсэн иргэдийг халдвар тээгч мэтээр шүүмжилж, хүлээн авч байна. Тайланд улс бол Азийн орнуудаас коронавирусийн халдвар бага гарсан улсын нэг. Тиймээс Тайланд улс руу шууд нислэг үйлдэж өгөөч ээ. Учир нь Зүүн Азийн орнуудад байгаа монголчуудаа авахын тулд Сөүл, Токиогийн транзит нислэгээр авна гэсэн байгаа. Гэтэл зөвхөн Япон улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 1460 гаруй хүн нэрээ өгч, бүртгүүлээд байна. БНСУ-д 3000 орчим иргэд хүсэлтээ өгсөн. Энд байгаа бүх хүмүүс өнгөрсөн хугацаанд хүлээцтэйгээр хүлээж, албан бичиг өгч ирсэн. Гэтэл нэг ч удаа Тайланд руу нислэг үйлдээгүй учраас аргагүй нь эрхэнд цугларч байна. Өмнө нь Улсын онцгой комиссоос ойрын хугацаанд Тайланд улс руу нислэг үйлдэхээр төлөвлөөгүй байгаа гэдэг хариултыг өгч байсан” гэдгийг ар гэрийнхэн нь учирласан юм.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ