“Замын эвдрэлээс болж осол гарахад иргэд хохироод өнгөрдөг”

Хуучирсан мэдээ: 2020.06.04-нд нийтлэгдсэн

“Замын эвдрэлээс болж осол гарахад иргэд хохироод өнгөрдөг”

“Замын эвдрэлээс болж осол гарахад иргэд хохироод өнгөрдөг”

Автозамын эвдэрсэн хэсэгт тэмдэг, хаалт байрлуулаагүйгээс машинтай иргэд замын хажуугийн жалга руу унан осолджээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Дэнжийн 1000 дахь 39-р сургуулийн замын эсрэг талд байрлалтай туслах замын эргэх хэсэгт эвдрэл гарсны улмаас машин осолдсон байна. Энэ хэсэгт машинтай иргэд дахин осолдож, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч болзошгүй гэдэг үүднээс осолдсон иргэний ар гэрийнхэн энэ асуудлыг сурвалжилж өгөхийг хүссэн юм. Ингээд замын эвдрэл гэмтлээс шалтгаалсан авто осол хэр гарч, эргээд хэрхэн хариуцлага тооцдог талаар энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.

Авто осол тавдугаар сарын 31-нд 16.00 цагийн орчимд гарчээ. Тус газарт осолдсон хоёр ахмад настан хүүхдүүдэд бэлэг тараахаар явж байсан гэнэ. Тэд “Хүүхдүүдийн буян дагаж, эсэн мэнд үлдлээ. Гэхдээ цаашид туслах замын эргэх хэсэгт хүн амь насаараа дахин хохирч болзошгүй учраас холбогдох байгууллагууд нь анхаараасай” хэмээн ярьж байлаа.

“ЗАМЫН ЭВДРЭЛЭЭС ҮҮДЭН ОСОЛ ГАРЛАА ГЭХЭД ИРГЭД ХОХИРООД ӨНГӨРДӨГ”

Уг туслах замын төв замтайгаа нийлсэн хэсэг элэгдэж эвдэрсэн байсан бөгөөд замын хөдөлгөөнд оролцогчдод анхааруулсан ямар нэг тэмдэг, тэмдэглэгээ, хаалт байгаагүй. Мөн эргэх хэсгийн өмнө талд байрлах цэнхэр өнгийн ТҮЦ жолоочийн үзэгдэх орчныг хязгаарлажээ.

Осолд орсон 67 настай иргэн Г.Жамсран “Тэр өдөр гэр бүлийн хүнтэйгээ хүүхдүүдэд бэлэг тарааж явсан. Тухайн үед Дэнжийн 1000 орчмын замаар явж байхад түгжрэл ихтэй байсан. Тэгээд 100 айлын зам руугаа нийлэхээр туслах замаар эргэхдээ замын хашлагаа дагаад явсан. Гэтэл уруудаж байгаа зам учраас замын эвдрэл нь машины үзүүрт харагдаагүй. Үерийн далан руу пижигнээд л аймшигтай юм болсон. Тэр үед түгжрэл ихтэй байсан учраас хурдтай явах боломжгүй. Замын уулзвар дээр машины тос, масло зардаг ТҮЦ байсан. Тэр ТҮЦ нь замын эргэдэг хэсгийн эвдрэлийг хязгаарлаж, хаачихсан байсан.

Осол гарахад барилгын ажил хийж байсан ажилчид, ойр орчимд зогсч байсан цагдаа, ачдаг машиныхан ирлээ. Тэгсэн машин ачдаг компанийн ажилтан “Энэ далан руу өглөө хоёр машин орсон” гэж хэлсэн.  Тэр хэсгийн зам дээр зогсч байсан Сүхбаатар дүүргийн цагдаа замаа зохицуулаад л “Би групп дуудчихлаа” гээд ийм осол болоод байдаг юм шиг үл тоосон байдалтай байсан.

Дараа нь амьд гарсан хүмүүс юм боддог юм байна. Осол юунаас болов гэдгийг бодож эхэлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахад нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга нь байгууллагаа л хамгаалсан зүйл ярьж байна лээ. Улаанбаатар хотын энд тэнд иймэрхүү осол гардаг. Тэр болгонд холбогдох байгууллагуудаас тавьж буй анхаарал огт алга. Би ганц өөрийнхөө ослыг яриагүй байна. Ер нь замын эвдрэлээс үүдэн осол гарлаа гэхэд иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод өнгөрдөг. Үүнийг хуулиар зохицуулсан зүйл байдаг юм билээ. Би Авто замын тухай хуулийг үзлээ. Хариуцдаг эзэн нь байдаг ч иргэд өөрсдөө шаардлагаа тавьдаггүй. Төрийн байгууллагууд нь бие бие рүүгээ гүйлгэдэг. Тэднийг хамгаалах хууль эрх зүйн орчин, нэг үг, өгүүлбэр ч алга. Тэр битгий хэл биднийг гомдолтой байна гэхэд цагдаа нар эвэртэй туулай үзсэн юм шиг болж байна” гэдгийг хэлж байв.  Осолдсон иргэд ослын улмаас сэтгэл санааны цочролд орж, тархи нугасны бэртэл авчээ.

ТУСЛАХ ЗАМЫН ЭВДРЭЛИЙГ ЗАСЧ, ХАШЛАГА ХИЙЖЭЭ

Биднийг осол гарсан газарт очиход Геодези, Усны барилга байгууламжийн газрын ажилчид хашлага татаж, замын эвдрэлийг шороогоор дүүргэж байв. Туслах замаар ганц нэг машин эргэж, яваа харагдана. “Өнөөдөр үерийн далангийн эвдэрсэн хэсэгт хашлага хийж, шороогоор дүүргэж байна. Удахгүй цемент цутгаж, замын брожураа наагуур тавина” гэдгийг тус газрын ажилтан хэлсэн юм.

Туслах замаар явж байсан жолооч М.Бямбадорж “Энэ замаар эргэхдээ болгоомжтой явах хэрэгтэй. Замын эвдрэлийг засч, шороогоор дүүргэж байх шиг байна. Би ойрхон барилгын ажил хийдэг учраас замаа дөтөлж энэ замаар байнга явдаг. Үерийн далан руу машин унасан гэж хүмүүс ярьж байсан” гэв.

Энэ үеэр замын уулзвар дээр ТҮЦ ажиллуулдаг тус хорооны иргэн Б.Гүнсэнжав ярихдаа “Миний хувьд 13 жил машины тос, масло зардаг ТҮЦ ажиллуулж байна. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар энэ үерийн даланг янзлах төсөв нь батлагдсан гээд байсан өдийг хүртэл юу ч хийгээгүй ирлээ. Манай гэр энүүхэнд байдаг. ТҮЦ маань үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй. Дүүргээс зургаан сараар түр зөвшөөрөл олгож, сар бүр 20 мянган төгрөгийн татвар төлдөг байлаа.

Сүүлийн нэг жил зөвшөөрөл аваагүй нь үнэн. Би энэ ТҮЦ-д тос масло зарж, зун нь машин угаана. Өвөл нь нүүрс зардаг байлаа. Гэхдээ энэ далан руу машинтай хүн унаж, аваар осол гарч байгаагүй ээ. Хэд хоногийн өмнө хэд хэдэн удаа осол гарч, машин унасан байна лээ. Энэ бол жолооч нарын буруу шүү дээ. Сохор юм уу. Хурд сааруулагч байхад эвдэрсэн хэсэг рүү унаж байдаг.

“ӨНГӨРСӨН 2019 ОНД ЗАМЫН ЭВДРЭЛЭЭС ШАЛТГААЛСАН 130 ОСОЛ ГАРСАН”

Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэст хэрэг нээн, шалгаж байгаа аж. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас хэрэгтэй холбоотой мэдээллийг өгөх боломжгүй гэдгийг хэлж байв.

Өнгөрсөн 2019 онд улсын хэмжээнд 25 мянга 302 зам тээврийн осол хэрэг бүртгэгджээ. Эдгээр ослын шалтгаан нөхцлийн 98.9 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс, 0.01 хувь буюу нийт ослын 130 нь замын нөхцөл байдлаас хамаарч осол гарсан гэдгийг тогтоосон байна. Жишээлбэл, замын гадаргуу хэсэгт нүх үүсэх, шүүрт худгийн таг байхгүйгээс, тэмдэг тэмдэглэгээ буруу байрлуулснаас болоод хурдтай явах зэргээр осол гардаг талаарх мэдээллийг тус албанаас өглөө.

“Хэрвээ замын урсгал засвар, арчлалтыг хийгээгүйн улмаас зам тээврийн осол гарч, иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон тохиолдолд Авто замын тухай хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүрэгтэй. Энэ үүргийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллага, бүх шатны Засаг дарга хяналт тавьж ажиллах үндсэн чиг үүрэгтэй байдаг” гэдгийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоо хэллээ.

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны ажилтнуудын хэлж байгаагаар туслах зам дагуу байрлах далан руу олон тооны машин осолдож байгаагүй. Харин хэд хоногийн өмнө хоёр, гурван машин замын эвдрэлээс болж, унасныг татаж гаргасан гэсэн юм. Харин Тээврийн цагдаагийн албанаас тавдугаар сарын 31-нд нэг машин осолдсоноос өөр ослын мэдээлэл, бүртгэгдээгүй гэдгийг хэлж байв.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра замын эвдрэлийн талаар тайлбар өгөхдөө “Дэнжийн 1000-ын 39 дүгээр дунд сургуулийн урд талын хэсэгт байрлах туслах зам нь гадаргууны усаа зайлуулж, үерийн далан руу урсдаг. Энэ хэсэг борооны усанд идэгдсэний улмаас зам эвдэрсэн байсан. Бид өнөөдөр уг замын эвдрэлийг яаралтай засах арга хэмжээг авч, ажиллаж байна. Бас замын эвдрэл гэмтлийн үзэгдэх орчныг хязгаарлаж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ний асуудал яригдаж  байгаа. Иргэд холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр замын уулзвар дээр ТҮЦ тавьдаг. Үүнээс болж замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын үзэгдэх орчныг хаах асуудал гарч байна. Ийм хариуцлагагүй иргэн, аж ахуй нэгжүүдэд хуулийн дагуу шаардлага тавьж, албадан нүүлгэдэг боловч тэмцээд дийлэхгүй байна.

Бид 2020 онд гэр хороолол руу түлхүү автозам шинээр тавьж байгаа. Гэр хороололд өндөрлөг газар их байдаг учраас гадаргууны усаа зайлуулж, үерийн далангаар усаа урсгахаар төлөвлөж байна. Нөгөө талаараа жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс болж, замын эвдрэл үүсэх нь бий. Зөвшөөрөлгүйгээр хүнд даацын машин замын хөдөлгөөнд оролцож, замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүйгээс замыг эвдэх асуудал ч гардаг” гэв.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж