“Хүүхэд нас минь тайзны ард тоглолт үзэж өнгөрсөн”

Хуучирсан мэдээ: 2020.06.04-нд нийтлэгдсэн

“Хүүхэд нас минь тайзны ард тоглолт үзэж өнгөрсөн”

“Хүүхэд нас минь тайзны ард тоглолт үзэж өнгөрсөн”

Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Отгонбаярын охин Номукитай ярилцлаа. Авьяаслаг охин өнгөрсөн долоо хоногт The Voice of Mongolia” шоуны тайзнаа аавынхаа хамт гарсан нь олны анхаарлыг татсан билээ. Ингээд түүний яриаг хүргэе.


– “The Voice of Mongolia” шоуны тайзнаа аавынхаа хамт гарсан нь олны анхаарлыг татсан. Аавтайгаа өмнө нь нэг тайзан дээр гарч байв уу?

-Миний хувьд “The Voice оf Mongolia” шоуны тайзан дээр өөрийнхөө дууг дуулах нь хамгийн үнэ цэнэтэй, гайхалтай мөчүүдийн нэг байлаа. Аав маань анх надад санал тавьсан. Би саналыг нь баяртайгаар хүлээн авсан. Би өмнө нь 2018 онд аавынхаа “Чи минь байгаа болохоор” концертод оролцож, аавтайгаа тайзнаа гарч байсан. Хайрлаж, хүндэлдэг хүмүүстэйгээ дахин тайзан дээр гарсан болохоор ямар нэгэн сандралгүй, тайван байлаа.

Зарим үзэгчид шүүгч Д.Отгонбаярын охин гэдгийг мэдээгүй байх. Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Номуки гэдэг. Одоо 20 настай. Гадаадад сурдаг. Одоо цар тахлын улмаас хичээлээ онлайнаар хийж байгаа. Ирэх намраас сургууль руугаа явахаар төлөвлөөд байна.

-Хүүхэд насныхаа тухай яриач. Дуу хөгжимтэй ойр өссөн нь урлагийн хүн болоход нөлөөлсөн болов уу?

-Би бага байхдаа дуу дуулдаггүй байсан. Сүүлд 2012 оноос л дуу сонирхож, маш их сонсдог болсон. Тэр цагаас л дуулах гэж оролдож эхэлсэн байх. Мэдээж хүүхэд нас минь тайзны ард тоглолт үзэж өнгөрсөн учраас дуунд дурлахад их нөлөөлсөн.

-Аав нь охиноороо их бахархдаг нь анзаарагдсан. Охиндоо ямар үнэтэй зөвлөгөө өгдөг вэ?

-Би өрөөнийхөө хаалгаа хаагаад дуулдаг хүүхэд байсан болохоор гэрийнхэн маань дуулдаг гэдгийг анзаардаггүй байсан. Ер нь аав минь намайг маш их ойлгож, дэмждэг. Миний ертөнц бодлыг байнга сонсч, урам хайрладагт нь үнэхээр их талархдаг.

Аав маш завгүй байдаг болохоор тэр бүр надад цаг гаргаад байдаггүй. Гэхдээ намайг магтаж, мундаг байна гэхээсээ илүү үйлдлээрээ л дэмжиж, хайрладаг хүн дээ. “Өөрийнхөө ертөнцөөр өөрөө бүгдийг нь сурч, хөдөлмөрлөөд яваарай” гэж байнга захиж, сургадаг. Тиймээс би өөрийнхөө чадлаар бүхнийг бүтээхээр хичээж явна.

-Гурван жилийн өмнө “Nomuka’s cover night” анхны тоглолтоо хийсэн гэж дуулсан. Одоо ямар уран бүтээл дээр төвлөрч байна. Уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаач?

-Би 2017 оны зун “Nomuka’s cover night” анхны ковер тоглолтоо найзуудынхаа дунд хийж байсан юм. Өөрийнхөө дуртай дуунуудыг коверлож, дуулсан. Найзууд маань маш сайхнаар хүлээн авч, надад зөндөө урам зориг өгсөн. Үнэхээр гоё мэдрэмж байдаг юм билээ. Үүний дараа хэзээ ч дуугаа орхилгүйгээр улам хөгжүүлээд явах ёстой гэдэг урмаар цэнэглэгдсэн. Одоогоос яг жилийн өмнө өөрийн зохиосон анхныStarry eyes” гэх дуугаа гаргасан. Үргэлжлүүлэн араас нь “Your name”, “Hypnotize”, “Heartbreaker” зэрэг дуугаа хийсэн. Одоо шинэ дуунууд дээрээ ажиллаж байна даа.

Дууныхаа шүлгийг өөрөө бичдэг юм байна. Дуугаараа хүмүүст юу хүргэхийг хүсдэг вэ?

-Тийм ээ. Би дууныхаа шүлгийг өөрөө бичих гэж хичээдэг. Хүрээлэн буй орчин болон өөрт төрж буй мэдрэмжээ дуу болгохыг хүсдэг. Тиймээс уран бүтээлүүд маань миний л мэдрэмжээр бүтсэн дээ. Дуулахаас гадна бичих сонирхолтой. Өнгөрөгч 2017 оноос хойш пэйж хөтөлж, өөрийнхөө бичвэрүүдээ нийтэлдэг болсон.

-Дуулахаас гадна өөр авьяас бий юу. Гитар тоглодог уу?

-Бараг байхгүй дээ. Гитар хөгжим тоглодоггүй. Гэхдээ ирээдүйд сурна.

-“Хурд” хамтлагийг монголын ард түмэн сайн мэднэ. Харин хамтлагийн гишүүдийн хувийн амьдралынх нь талаар тэр бүр сайн мэддэггүй. Ээжийнхээ тухай ярихгүй юу?

– Би чинь хамгийн сайхан ээжтэй хүн дээ. Ээж маань намайг цаг үргэлж дэмждэг. Би жаахан бичих гэж оролддог юм. Хамгийн түрүүнд дуунуудаа зохиочихоод ээждээ л сонсуулах гэж яардаг. Миний шүлэг, бичвэрүүдийг ээж минь хайрлаж, хамт мэдэрч уншдаг.

-Аавынхаа зохиосон ямар дуунд дуртай вэ. Дуунуудаас нь дуулдаг уу?

-Аавынхаа зохиосон бүх дуунуудад маш их хайртай. Гэхдээ зохиосон дуунуудаас нь дуулж байгаагүй юм байна. Ер нь өөрийнхөө мэдрэмжээр зохиосон дуугаа дуулбал надад илүү амар байдаг. “Хурд” хамтлагийн “13 ааш”, “Атаархал”, “Алив бос”, “Чоно” гэсэн дуунуудыг сонсох дуртай.

Таны хичээл зүтгэл, авьяасыг харахаасаа урьтаад аавын тань нэрээр дүгнэх тал ажиглагддаг уу?

-Тийм зүйл огт мэдэрч байгаагүй юм байна.

-Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл?

-Би хүний амьдралын зорилго, мөрөөдөл сэтгэлийнх нь гүнд нууц байх ёстой гэж боддог. Ирээдүйн зорилгодоо хүрч, биелүүлээгүй байж наана нь үг болгон гаргах нь зохимжгүй байх. Миний хувьд цаашид тасралтгүй дуунуудаа гаргаж, сайн уран бүтээлч болохын төлөө хичээх болно.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
78
ЗөвЗөв
14
ХөөрхөнХөөрхөн
14
ГайхмаарГайхмаар
11
БурууБуруу
9
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж