Эдийн засгийн хямралаас илүү Хонгконгийн үймээн

Хуучирсан мэдээ: 2020.06.04-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн хямралаас илүү Хонгконгийн үймээн

Эдийн засгийн хямралаас илүү Хонгконгийн үймээн

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагын хурал коронавирусийн халдварт өвчний цар тахлаас шалтгаалан хоёр сар хойшилсны эцэст өнгөрсөн тавдугаар сард болж өндөрлөв. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын жил бүрийн гол сэдэв нь эдийн засгийн төлөвлөгөө, төсөв, ядуурлыг бууруулах зэрэг байдаг. Харин энэ оны хувьд хурлын уур амьсгал өөрчлөгдөж, Хонгконгийн хямрал, нийгмийн эрүүл мэнд илүүтэй анхаарал татлаа. Хоёр долоо хоног үргэлжилсэн хурлаар салан тусгаарлах, Бээжинг эсэргүүцэх үзэлд хөтлөгдсөн Хонгконгийн хямралыг дарах үндэсний аюулгүй байдлыг хамгаалах механизм, эрх зүйн орчныг хэлэлцсэн нь анхаарал татлаа. “Үндэсний аюулгүй байдал бол улс орны тогтвортой байдлыг хангах үндэс юм. Энэ бол Хятадын газар нутаг дээр амьдарч буй бүх хүнд хамаатай асуудал” гэж БХАТИХ-ын хэвлэлийн төлөөлөгч Жан Есуй хурлыг нээхдээ хэлжээ.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЗАРДАЛ ӨСӨВ

Хятад улсаас батлан хамгаалахын зардалд энэ онд 1.27 их наяд юанийг зарцуулахаар төлөвлөсөн нь өмнөх оныхоос 6,6 хувиар өсчээ. Хятадын цэргийн зардал 1999 оноос хойш 12 дахин нэмэгдсэн аж. Бээжин нь батлан хамгаалахын зардлыг жилийн ДНБ-ний хоёр хувиас дор баталдаг гэдэг ч олон улсад нээлттэй байдал дутмаг. Тухайлбал, Стокгольм хотод төвтэй Олон улсын энхийн судалгааны байгууллагын тооцоолсноор Хятадын цэргийн зардал өнгөрсөн онд 178 тэрбум ам.доллар гэж Бээжин мэдээлсэн ч үнэндээ 261 тэрбум ам.доллар байсан аж.

ДНБ-НИЙ ЗОРИЛТ ТАВЬСАНГҮЙ

Хятад нь энэ онд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлсэн ч Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтөд хүрэх зорилт тавиагүй. Хятадын эдийн засаг цар тахлын эсрэг хөл хорионоос болж эхний улиралд унасан бөгөөд ДНБ энэ оны эхний улиралд 6,8 хувиар агшчээ. Улмаар цар тахал, худалдаа, эдийн засгийн тодорхойгүй байдлаас болж Хятад улс түүхэндээ анх удаа ДНБ-ний өсөлтөд хүрэх зорилт тавьсангүй. Гэхдээ Бээжин нь өнгөрсөн онд ажилгүйдлийн түвшнийг зургаан хувь орчимд байлгах зорилт тавьжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 0,5 хувиар өсөх тооцоолол. Хятад нь 11 сая ажлын байр шинээр бий болгох зорилт тавьснаа есөн сая болгож буулгасан аж. Төсвийн алдагдлын тухайд ДНБ-ны 3,6 хувь буюу өнгөрсөн оныхоос 0,8 хувиар нэмэгдүүлэн тооцжээ. Мөн 2017 оноос хойш анх удаа нэг их наяд юанийн Засгийн газрын “тусгай бонд” гаргахаар төлөвлөсөн байна. Бээжин нь орон нутгийн удирдлагуудаас гаргах нийт бондын дээд хязгаарыг нэг их наяд гаруйгаар өсгөж, 3,75 их наяд юаньд хүргэжээ. Татвар бууруулах бодлогоо оны эцэс хүртэл баримталж, энэ онд 2,5 их наяд юанийн татварын дарамтаас компаниудыг чөлөөлсөн байна.

ХОНГКОНГОД АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САХИУЛАХ ХУУЛЬ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Засгийн газрын тайланд дурдахдаа Бээжин нь “нэг улс, хоёр систем” бодлого, “Хонгконгийг орон нутгийн иргэд удирдах” зарчмыг яв цав хэрэгжүүлнэ гэжээ. Гэтэл дараагийн үгэндээ Хонгконгийн тусгай эрхт бүс нутагт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах механизм, эрх зүйн орчныг бий болгох ёстой хэмээн мэдэгджээ. Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Хятадын парламент баталсан юм. Уг хуулийн төсөлд "шаардлагатай бол Төв Засгийн газар үндэсний аюулгүй байдлыг сахиулах байгууллагуудыг Хонгконгод байрлуулна" хэмээн заасан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ хуулийн зорилго нь салан тусгаарлах үзэл, гадаадын хөндлөнгийн нөлөө, оролцоо, терроризм, хорлон сүйтгэх ажиллагааг хориглоход чиглэжээ. Харин ажиглагчдын зүгээс дүгнэснээр энэ хууль нь өнгөрсөн оноос хойш үргэлжилсэн Бээжинг эсэргүүцсэн Хонгконгийн жагсаал, тэмцлийг Хятадын удирдлагууд цаашид тэвчихгүйд хүрсний илрэл гэв. Хонгконгийн удирдлагууд өнгөрсөн оны эхээр хэрэгтнийг эх газар руу шилжүүлэх хуулийг батлахыг оролдсоноор олон мянган хүн гудамжинд гаран жагссан юм. Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг батлах нь улс орны эрх ашиг гэдгийг Хятадын “People’s Daily” сонинд онцолсон нийтлэл бичжээ. Тус нийтлэлд Хонгконгийн удирдлагууд Бээжингийн эсрэг үзэл газар авахын эсрэг, салан тусгаарлах үзлийг хязгаарлаж чадаагүй хэмээн шүүмжилжээ.

1997 онд Их Британийн колоничлолоос Хятадад очсоноосоо хойш Хонгконг нь нэг улс-хоёр систем бодлогын дор эх газрын ард иргэдээс илүү эрх эдэлж ирсэн юм. Гэвч аюулгүй байдлыг сахиулах хуулийг батлах нь санхүүгийн төв гэх Хонгконгийн статуст шууд сөргөөр нөлөөлнө. Тухайлбал, хуулийг танилцуулмагц “Hang Seng” индекс өмнөх өдрөөс 2,6 хувиар унасан байна. Түүнчлэн АНУ, Их Британи тэргүүтэй орнуудаас Хонгконгийн аюулгүй байдлын хуулийг батлахыг хүчтэй эсэргүүцсэн. Тухайлбал, Их Британи нь хуучин колони Хонгконгийн тусгай пасспорттой 300 мянган иргэн тус улсаас харьяалал хүсэх эрхийг олгосон. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хонгконгод олгож ирсэн худалдааны онцгой нөхцөлөө өөрчилнө хэмээн мэдэгджээ. Энэ нөхцөлд 38 тэрбум орчим ам.долларын хоёр талын худалдаа наймаа эргэлзээтэй болох гэнэ. АНУ-аас Хонгконгтой хийж буй эдийн засгийн болон худалдааны бодлого өөрчлөгдсөнөөр хоёр талын ашиг сонирхолд сөрөг нөлөөтэйг албаныхан онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж