Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан 100 хоногт

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан 100 хоногт

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг 98,3 хувийн саналаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар томилсон.

Г.Баярсайхан гишүүн Хөдөлмөрийн сайдын тамгыг гардан, ажилдаа орсны 100 дахь хоног  энэ өдрүүдэд тохиож буй юм. Сайдын ажил авснаас хойш энэ богинохон хугацаанд хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, ард иргэдээ ажилтай, орлоготой байлгахад анхаарч, салбарын хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бодитой олон ажил хийсний үр дүн эхнээсээ гарч буйг ард түмэндээ хүргэх үүднээс 100 хоногийн тайланг товчлон нийтэлж байна.

Хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр


Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлоготой болно

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаас баталсан дэлхийн улс орнуудын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын эдийн засгийн тогтвортой өсөлтөөр зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 8 дахь зорилтыг 2016-2026 онд хэрэгжүүлэх хүрээнд “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төслийг стратегийн 6 зорилттойгоор боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүллээ.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, эдийн засгийн хүндрэлийн үед иргэдийн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг дээшлүүлэх, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан.

-Сум хөгжүүлэх сангийн бодлого, зохицуулалтыг Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэх талаар  Аж үйлдвэрийн яамтай тохиролцож, үүний дагуу “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна.

-Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн хэрэгжилтийн судалгааг гаргаж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг боловсруулсан.

-Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэв.

-Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт “Байгууллагын архивын үйл ажиллагаа”, “Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа”, “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж байгаа байдал” зэрэг чиглэлүүдээр шалгуулан, амжилттай /92, “А”/ дүгнэгдлээ.

“Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлж, ажлын байр шинээр бий болгох чиглэлээр


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүллээ

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд санхүү, эдийн засгийн болон бусад дэмжлэг үзүүлэх замаар ажлын байрыг бий болгох хөтөлбөрт 7854 иргэнийг хамруулж 7.1 тэрбум төгрөгийг зарцуулснаар 6245 байнгын болон түр ажлын байр бий болгоод байна.

-Оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн дагуу энэ оны 10 дугаар сарын байдлаар 20 аймаг, 7 дүүргийн 6444 иргэнийг ажилд зуучилсан, 12 аймаг, 6 дүүргийн 1973 оюутан, залуучуудыг нийтийг хамарсан ажилд хамруулж, 206,3 сая төгрөгийг зарцуулсан ба найман аймгийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 75 бүлгийн 395 төгсөгчид тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, 534,8 сая төгрөгийг  зарцуулсан.

-Мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулах арга хэмжээг хэрэгжүүлэх”Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөр”-ийн хүрээнд оны эхний 11 сарын байдлаар үйлдвэрлэл дээрх сургалтад 480 хүн, мэргэжлийн болон давтан, явуулын сургалтад 4341 хүнийг хамруулж, ХЭДС-гаас 941.3 сая төгрөгийг зарцуулсан. Нийт суралцагчдын 44.5 хувь буюу 2147 иргэн ажлын байраар хангагдсан.

-Хүн амын бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж 2015 оны 11 дүгээр сарын байдлаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т  1, 982,1 сая  төгрөгийг зарцуулан давхардсан тоогоор 3876 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж, үүнээс 1633 байнгын ажлын байр бий болсон.

-Ахмад мэргэжилтний зөвлөх баг ажиллуулах үйлчилгээг 8 төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулж, гэрээний дагуу 180.0 сая төгрөгийн санхүүжилт олгон, 11 дүгээр сарын байдлаар 511 ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд 5362 хүн хамрагдсан байна.

-Ажил олоход хүндрэлтэй иргэдийг  байнгын, тогтвортой ажлын байраар хангах зорилготой “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөр”-ийн хүрээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 299 иргэнийг ажлын байраар хангасан 174 ажил олгогчид 685.7 сая төгрөгийн урамшуулал олгосон.

-Хорих ангиас суллагдсан иргэн, асрамжийн газраас гарсан хүүхдийг ажлын байраар хангасан 64 ажил олгогчид 397.5 сая төгрөгийн цалингийн дэмжлэг үзүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 277 ажил олгогчийг санхүү, эдийн засаг, бизнесийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалтад хамруулсан.

-“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 40 хүртэлх насны цөөн малтай залуу малчдыг малжуулах, мал маллагааны ур чадварыг нь хөгжүүлэх, малын ашиг шимийг боловсруулах тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт 21 аймгийн 253 сумын 1794 залуу малчин өрхийн  3632 иргэнийг хамруулж,  5,2 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

-Шинээр ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр Аж үйлдвэрийн сайдтай хамтран ажилласны үр дүнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нээгдсэн “Сэлэнгэ” хүнсний захад 570 ажлын байр шинээр бий болгов. 

-ОУХБ, ГОУХАН-ийн санхүүжилтээр “Ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоог хөгжүүлэх нь” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 9 дүгээр сард зохион байгуулсан ба 30 гаруй төр, төрийн бус болон хувийн хэвшил, сургалтын байгууллагын 86 төлөөлөл оролцуулсан.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлгээ өгөхийн хамт хямралын үед ажлын байр бий болгож хадгалах, ажил олоход хүндрэлтэй иргэдэд ур чадвар олгож ажлын байранд зуучлахад чиглэсэн 7 хөтөлбөрийг 2016 онд хэрэгжүүлэхээр боловсруулж, холбогдох шийдвэрийг гаргалаа.

Ажиллах хүчний гадаад шилжих хөдөлгөөний зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр


Японд илгээх дадлагажигчийн тоог нэмэх хүсэлт тавив

-2020 онд Токиод  болох зуны Олимпийн барилга байгууламжийг  барихад манай улсаас ажиллах хүч авах асуудлаар Япон улсын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж,   Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр”-т хамрагдсан хүнийг дахин хүлээн авах, шинээр ур чадварын дадлагажигчийг түлхүү илгээх чиглэлээр холбогдох уулзалтуудыг зохион байгуулж байна.
-Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаас гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн мэдээлэл, судалгааг гаргах ажлыг зохион байгуулж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийг хэрэгжүүлэх хүрээнд


Үйлдвэрлэлийн ослыг бүртгэх тогтолцоог сайжруулж, стандартуудыг шинэчлэн батлуулсан

-Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх статистикийн тогтолцоог боловсронгуй болгох Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны А/250 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын статистик мэдээллийн маягт, зааврыг батлаад байна. 

-Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэн, мэдээлэх журмыг Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны А/234 дугаар тушаалаар батлав.

-“Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын төслийг  шинэчлэн боловсруулж Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/223 тоот тушаалаар шинэчлэн баталсан.

-“Эрсдэлийн түвшин их ажлын байрны жагсаалт”-ыг Засгийн газрын тогтоолоор батлуулахаар холбогдох яамд, ТББ-ын саналыг авч нэгтгэн боловсруулалт хийн ажиллаж байна.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 5  стандарт батлуулсан. Асбестийн талаархи шинжилгээний аргын олон улсын 3 стандартыг орчуулж үндэсний болгох, үндэсний 2 стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хийлээ.

Нийгмийн түншлэлийн хүрээнд


Цалин нэмэх асуудлаар нэмэлт хэлэлцээр хийлээ

-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөрийн сайдын хувьд нийгмийн түншлэгч талуудтай зөвшилцөж эв эеийг хичээж, эдийн засгийн хүндрэлийг хамтдаа туулах уриалгыг олон нийтэд хандан гаргахыг санал болгосны дагуу Засгийн газар, МҮЭ, МАОЭНХ хамтарсан уриалга гаргасан.

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2015-2016 оны хэлэлцээрийн 3.4 дэх заалт буюу төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээрийг  хийж, төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд зарцуулахаар тусгасан 90 тэрбум төгрөгийг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуулийг дагаж гарах УИХ-ын тогтоолд төрийн албан хаагчдын цалинг 2016 онд нэмэгдүүлэхтэй холбогдсон саналыг тусгахаар болсон.
 
-Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачилгаар “Хөдөлмөр хөгжлийн үндэс” хөдөлмөрийн чуулганыг орон даяар бүсчлэн зохион байгуулж, үндэсний чуулганыг Улаанбаатарт хийхэд Хөдөлмөрийн сайдын хувьд идэвхтэй хамтран ажиллаж, үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.

 

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт


Шинэ сургууль, шинэ мэргэжил, шинэ тоног төхөөрөмж

-Азийн хөгжлийн банкны 28 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төслийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Мэргэжлийн боловсролын салбарт иж бүрэн шинэчлэл хийх энэхүү төслийн эцсийн үр дүнд ажлын байр нэмэгдэж, ур чадвартай мэргэжилтэй ажилчдын тоо өсөх юм.

-Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэд шинээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулахад дэмжлэг үзүүлж, сургалтын материаллаг баазыг сайжруулах, сургалтын арга зүй, бодлогоор хангах үүргийг хүлээлээ.

-“Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн  сургалтын орчныг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 2,8 сая ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг Монголын талд хүлээж авлаа.

-БНСУ-ын “KOICA” Олон Улсын байгууллагаас хэрэгжүүлж буй  “Монгол-Солонгосын Политехник коллежийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд барьсан 4266 ам м талбай бүхий хичээлийн байр, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авахад бэлэн боллоо.

-Хөдөлмөрийн сайдын санаачилгаар Монгол-Солонгосын политехник коллежид автокузов засварчны анхны ангийг нээж, 25 хүн элсүүлэн сургалтаа эхлээд байна.

-БХЯ-тай хамтран “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрийг  үргэлжлүүлэхээр Санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд Тавантолгой-Сайншанд чиглэлд барих 426 км төмөр замын ажилд оролцох 3362 цэргийн албан хаагчийг сургана. Үүнээс 545 нь газар шорооны туслах ажилтан, 2601 нь хүнд машин механизмын засварчин, ХММ-ын оператор, мэргэшсэн жолооч, жолооч, бетон арматурчин гэсэн 5 мэргэжлийг 4 сарын хугацаатай сургалтаар эзэмшинэ. Иргэний барилгын техникч, геодезийн техникч мэргэжлээр  216 төгсөгч дүйцүүлэн цэргийн алба хаахын зэрэгцээ бүтээн байгуулалтад гар бие оролцоно. 

-2016 оны долдугаар сард Улаанбаатарт болох Ази-Европын дээд түвшний  11 дэх уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн яам ACEM-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Зочдыг байрлуулахаар 44 зочид буудлыг сонгож, тэдгээрт ажиллах тогооч, талх, нарийн боовчноос гадна зочид буудлын үйлчилгээний ажилтан буюу хаалгач, авто зогсоолын ажилтан, ачаа зөөгч, зочин угтагч, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, нийтийн талбайн үйлчлэгч, угаалгын ажилтан, зөөгч, бармен, хөтөч, тайлбарлагч гэсэн мэргэжлээр ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулах сонгон шалгаруулалтын бүртгэлийг эхлүүллээ.

-Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, ойн нөхөрлөл болон мэргэжлийн байгууллагын гишүүдэд мэргэжил олгоход хамтран ажиллах, ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн арчилгаа, ашиглалтын чиглэлээр  мэргэшсэн ажилчдыг  МСҮТ-үүдэд бэлтгэх ажлын төлөвлөгөөг гаргаад байна.

-“Оюутолгой” ХХК, ГОУХАН-тэй Дархан-Уул, Өмнөговь, Дорнод аймаг дахь Политехник коллежуудыг түшиглэн “Мэргэжил дээшлүүлэх төв” байгуулах талаар 2019 он хүртэл хамтарч ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд Дорнод аймаг дахь политехник коллежид үйлдвэрлэлийн механик, хүнд машин механизмын засварчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон байгаль орчны хамгааллын чиглэлээр, Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежид  цахилгаан, уулын ашиглалт, мехатроникийн чиглэлээр, Өмнөговь аймаг дахь Политехник  коллежид  гагнуур, үйлдвэрлэлийн механик, автомашины  механик,  хүнд машин механизмын операторын мэргэжлийн чиглэлээр “Чадамжийн төв”-үүдийг байгуулах юм. 

Салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр


Элчин сайдууд, олон улсын байгууллагынхантай уулзалт яриа олныг хийлээ

-Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такенори Шимизүтэй Японд ур чадварын дадлагажигчаар ажиллах монгол залуусын тоог нэмэх, 2020 оны олимпийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажилд монголчуудыг ажиллуулах боломжийн талаар санал солилцох уулзалтыг хийлээ.

-АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээж авч уулзан хөдөлмөрийн салбарт хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн боловсрол, сургалтын салбар дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийхээр болсон. 

-Европын холбооны Элчин сайд  Ханс Дийтмар Швайсгуттай мэргэжлийн боловсрол сургалтын 81 байгууллагын чадавхийг сайжруулахад чиглэсэн Европын Холбооны төслийн үр дүнд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын чиглэлээрх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлийн чанарын шаардлагуудыг хангасан мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэн гаргахад туслах төслүүдийг өргөжүүлэх талаар ярилцсан. 

-Азийн Хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Роберт Шулхаммерыг хүлээж авч уулзан Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих төслийн үр нөлөө нь хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр гэсэн зорилтот гурван салбарт мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх ур чадварыг сайжруулж хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо бүрдэж бэхжих тус төслийн үйл ажиллагааг нэн даруй эхлүүлэхээр тохирсон.

 -Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Иатим Аль Фадлитай хоёр улсын хамтын ажиллагаагаа зөвхөн зээл тусламжаар хязгаарлах  биш хөрөнгө оруулалтыг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг  нэмэгдүүлэхэд чиглүүлэх сонирхлоо илэрхийлж, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхийн тулд Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Кувейтийн Нийгэм, хөдөлмөрийн яамны хооронд холбоо тогтоох эхлэлийг тавилаа. 

-Дэлхийн банк, Нэгдсэн Үндэстний Байгууллагуудын хамтарсан багийнхан, Фридрих Эбертийн сан, “Оюутолгой” ХХК, Швейцарийн Хөгжлийн агентлаг, сүлжмэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Японы “Шима Сейки”  компанийн  төлөөлөл зэрэг олон хүнтэй уулзаж салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар бодитой санал санаачилгуудыг тавьж ажилласан. 

-ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо “Их 7-Хөдөлмөр болон хөгжлийн сайд нарын дээд хэмжээний уулзалт”-д оролцсон. Дээд хэмжээний уулзалтын үеэр “Тогтвортой нийлүүлэлтийн сүлжээний чиглэлээр хамтран ажиллах: Олон талуудын түншлэлийн санаачилга, үндэсний үйл ажиллагааны төлөв­лөгөө”, “Хамтран хариуцлага хүлээх: Үйлдвэрлэгч орнуудын хүчин чадлыг бий болгох, хөгжүүлэх”, “Хөшүүргэн нөлөөг ашиглах: Чанарын тэмдэг, хэрэглэгчийн зан төлөв, гомдол барагдуулах механизмыг бий болгох” сэдэвт дугуй ширээний уулзалт мөн Сайд нарын мэдэгдлийг батлах тухай уулзалтад оролцож, байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн Япон улсын Хөдөлмөр, эрүүл мэнд, гадаад харилцаа болон халамжийн сайд Томоаки Кацудатай хоёр талын хамтарсан уулзалтыг хийсэн юм.

-БНБУ-ын нийслэл Софи хотноо болсон “АСЕМ-ын Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн сайд нарын тавдугаар бага хурал”-д оролцов. Уг бага хурлын үеэр “Ази, Европ тив дэх залуучуудын хөдөлмөрийн зах зээлийн үр дүнг сайжруулах боломж, саад бэрхшээл” сэдэвт нэгдсэн хуралдаанд үг хэлж “Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээн дэх зохистой хөдөлмөр болон аюулгүй ажлын байранд чиглэсэн АСЕМ-ийн уулзал­тын хүрээнд хөдөлмөр болон нийгмийн  хэм хэмжээг дэмжих” сэдэвт нэгдсэн хуралдаан, “Ази, Европын тогтвортой нийгмийн хөгжил болон нийгмийн хамгааллыг дэмжих хүртээмжтэй өсөлтөд хөрөнгө оруулах” нэгдсэн хуралдаанд оролцож санал солилцсон төдийгүй нэр хүндтэй энэ бага хурлын хаалтын үгийг хэлсэн.

 

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж