Үймээн самуун, дайны хөлөөс дайжиж, эх орноо орхин дүрвэгсдийн тоо энэ жил 60 сая хол давсан талаар НҮБ мэдээлсэн байна. Тэдний дийлэнх нь иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сирийн дүрвэгчид гэнэ. Үүнд 1992 оноос хойших дайн самуун, аллага хядлагаас дайжин эх орноо орхин гарсан 20.2 сая дүрвэгч багтсан гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын илтгэлд дурдсан байна. Ойролцоогоор 2.5 сая дүрвэгч гадаад улс орноос орогнол хүссэн өргөдөл гаргасан тоо байгаа аж. Дүрвэгсдийн очихыг хамгийн их хүсдэг Герман, АНУ болон ОХУ л гэхэд энэ оны эхний хагас жилийн дотор нэг сая гаруй өргөдөл хүлээн авчээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын илтгэлд дурьдсанаар 2015 он бол дүрвэгсдийн тоо дэлхий даяар анх удаа 60 сая гарч, дээд амжилтыг эвдсэн жил ажээ. Энэ нь дэлхийн 122 хүн тутмын нэг нь эх орноо орхин гарч буй гэсэн үг юм. Энэ тоо өнгөрсөн 2014 оны эцсээр 59.5 сая байсан юм. Энэ жилийн дунд үед эх орноосоо дүрвэсэн хүмүүсийн тоо 34 сая хүрсэн нь 2014 оны мөн үеийнхээс даруй хоёр дахин их тоо юм. Өнгөрсөн гуравдугаар сард Йеменд иргэний дайн дэгдэхэд 933,500 хүн дүрвэсэн нь хамгийн их тоо байсан юм.
Үймээн самуун, зөрчил, мөргөлдөөнтэй бүс нутагтай хил залгаа хөгжиж буй орнууд одоо тэдгээр дүрвэгсдийн давалгаанд өртөж, дүрвэгсдийг суурьшуулах талаар цогц бодлого боловсруулах шаардлагатай тулгараад байгаа юм. Хэдийгээр илтгэлийг Ойрх Дорнодоос Европыг чиглэсэн дүрвэгсдийн урсгал оргилдоо хүрсэн аравдугаар сараас өмнөх тоо баримтад тулгуурласан авч, дүрвэгсдийн урсгал улам эрчимжих хандлагатай байна. 2011 онд эхэлсэн Сирийн бослого, үймээн нь дүрвэгсдийн энэхүү зогсоох аргагүй дүрвэгсдийн урсгалын эхлэлийг тавьснаар Сирийн 4.2 сая иргэн эх орноо явж, 7.6 сая хүн орон гэргүй болж, дайны хөлд нэрвэгдсэн билээ.
2014 оны дөрөвдүгээр сард хэт даврагч босогчдын дэгдээсэн үймээн самуунаар дүрвэсэн Сири, Украины дүрвэгсдийн тоо энэ оны эхний хагаст гэхэд 839,000-д хүрсэн.
Үүний зэрэгцээ Афганистан, Сомали, Өмнөд Судан, Бурунди, Төв Африкийн бүгд найрамдах улс, Бүгд найрамдах ардчилсан Конго, Ирак зэрэг улсад гарсан хүчирхийлэл, алан хядлагын улмаас асар олон хүн орон гэр, төрөлх нутгаа орхин дүрвэсэн. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эх орондоо эсэн мэнд, сайн дураараа эргэж очсон дүрвэгч маш цөөн аж. Өнгөрсөн жилийн дундуур 84,000 иргэн эх орноо зорин очсон байдаг бол үймээн самуунаас дайжсан 107,000 хүн дүрвэсэн гэсэн тоо гарчээ. Тэдгээр дүрвэгчид ойрын хэдэн жил алс хол нутаг заагдан амьдрах нь гарцаагүй. Гэвч тэдгээр дүрвэгсэд ирэх 30 жилийн хугацаанд эх орондоо буцаж очих магадлал тун бага билээ.
Европын холбоо НҮБ-ын дүрвэгсдийн хуарангаас шууд очсон 22,000 хүнийг хүлээн авахаар зөвшөөрсөн боловч одоогийн байдлаар 600 хүнийг л хүлээж аваад байгаа гэнэ. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан тусгай элч Петер Сатерланд дүрвэгсдийг хүлээн авахыг Европын улсуудад уриалсан билээ.
Тэрбээр “508 сая хүн амтай тив энэ асуудлыг шийдэж чадахгүй байна гэдэг дэмий яриа. Харин ч олон дүрвэгч хүлээн авах боломжтой” хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр цааш нь “Хавчигдан, шахагдаж, эх орноо орхин гарч, дүрвэсэн тэдгээр хүмүүст бид хоргодох газар олж өгөх үүрэгтэй” хэмээсэн юм.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Антонио Гутерреш Европын холбооны тэргүүнүүдээс дүрвэгсдэд зориулж, өргөн хүрээтэй хөтөлбөр боловсруулахыг уриалсан.
Антонио Гутерреш дүрвэгсдийн өргөдлийг хүлээн авах ажиллагааг шуурхай болгосон Грекийн алхамыг сайшаасан ч зөвхөн ганц алхам хангалтгүй гэж үзсэн юм. Европыг зорьж буй дүрвэгсдийн тоо энэ оны эцэс гэхэд нэг сая хол давах хандлагатайг ажигласан Европын зарим орнууд хилийн хяналтаа чангатгаж, хашаа барьж эхэлсэн байна. Антонио Гутеррешийн хэлснээр Сири, Йемен болон Ливийн хурцадмал асуудал шийдэгдлээ ч гэсэн дүрвэгсдийн тоо буурахгүй гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Европын холбоо хэдэн мянган дүрвэгч хөлөг онгоцоор ирж буй Грекийн хилийн шалгалт дээрх ажилтнуудын тоог нэмэхээр болсон билээ. Учир нь маш олон дүрвэгч Балканы орнуудаар дамжин, бүртгэлгүй нэвтэрч байгаа ажээ.
Антонио Гутерреш "Дүрвэгсдэд зориулсан хөтөлбөрийг нэн даруй боловсруулахаас хэдэн арван мянган хүний амь нас, хувь заяа шалтгаална. Хэрэв тэдгээр дүрвэгсдэд орох орон олж өгөхгүй бол Эгийн тэнгис, Балканы хойгт эмгэнэлт явдал тасрахгүй гэж эмээж байна” гэжээ.
Н.ЭНХ