“Нарны охид” Сэлэнгэ аймгийн шилдэг авьяастан боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

“Нарны охид” Сэлэнгэ аймгийн шилдэг авьяастан боллоо

“Авьяаслаг сэлэнгэчүүд” зорилтот уралдаан энэ сарын 20-нд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн Долгио” чуулгад боллоо. Энэхүү арга хэмжээг Сэлэнгэ аймгийн АН-аас санаачлан, хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. 2014 онд 17 сум, таван тосгоны 300 гаруй оролцогч бүртгүүлж байсан бол энэ жил мөн тооны авьяастан оролцжээ. Ингээд хоёр дахь шатанд тэнцсэн 25 шилдэг үзүүлбэрийн гала тоглолт өчигдөр боллоо.

Нийтдээ хоёр сар гаруй үргэлжилсэн шалгаруулалтын ахлах шүүгчээр МУСТА дуучин Г.Эрдэнэтунгалаг ажилсан байна. Тэрбээр “Авьяаслаг сэлэнгэчүүд” хэмээх зорилтод уралдаанд оролцсон бүх уран бүтээлчдэд талархаж байгаагаа илэрхийлээд, “2015 оны намрын туршид Сэлэнгэ аймгийн 17 сум, 5 тосгон үндсэндээ 23 нэгжээс 300 гаруй авьяастан оролцож урлаг соёлын үзүүлбэр үзүүлсэн. Харин хоёрдугаар шатны шалгаруулалтад 117 оролцогч тэнцэж шилдэг 25-ыг шүүж авсан юм. Эдгээр оролцогчид бол Сэлэнгэ аймгийн бахархал болсон авьяаслаг, чадварлаг гэдэгт би эргэлзэх зүйлгүй байна” гэсэн юм.

“Авьяаслаг сэлэнгэчүүд” тоглолтод “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг 32-т багтсан “Нарны охид” хамтлаг оролцож тэргүүн байр эзэлсэн юм. Тэд “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг болж чадаагүй ч сэлэнгэчүүд бидний шилдэг байж чадлаа гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа.

Харин хоёрдугаар байрын шагналыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Бөртэ чоно Гоо марал” хамтлаг бүжгийн үзүүлбэрээр авсан юм.

Гуравдугаар байрыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Ритм” хамтлаг амьд хөгжмийн үзүүлбэрээр авлаа. Тус хамтлагийн гишүүд ерөнхий боловсролын 7,8-р ангийн сурагчид атлаа бөмбөр, гитар, даралтат хөгжмийг чадварлаг тоглож байсан гэж шүүгчид онцолсон юм.

Энэ зорилтод уралдааны онцлог нь дээрх гурван байрыг шалгаруулаад зогсохгүй тусгай байрын эзнээр зургаан оролцогч, мөн хамгийн жижиг оролцогч, шүүгчдийн нэрэмжит шагнал, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын нэрэмжит шагнал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын нэрэмжит шагнал урамшууллыг олгосон юм.

Дашрамд дуулгахад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Сэлэнгэ аймгийн Мандал сумын сурагч Ганбаатарт СУИС-д үнэ төлбөргүй дөрвөн жил суралцах эрхийн бичиг гардуулсан нь нутгийн олны магнайг тэнийлгэсэн юм. Ийнхүү сэлэнгэчүүд авьяаслаг, авхаалжтай гэдгээ харуулж, нутгийн ард олноо нэгэн үдэш цэнгүүллээ. Тус уралдаан жил бүр уламжлал болон зохион байгуулагдана гэдгийг АН-ын удирдлагууд онцолж байсан юм.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж