Флоридагийн Полк хотын цагдаагийн дарга иргэдэд хандан арьс өнгөөр гадуурхахыг эсэргүүцсэн жагсаал, эмх замбараагүй байдлын үеэр гэрт чинь хэн нэгэн хүчээр нэвтэрч, дээрэм хийхийг завдвал өршөөлгүй буудахыг зөвлөжээ. Энэ долоо хоногт болсон хэвлэлийн хурлын үеэр Полк хотын цагдаагийн дарга Грэди Жүдд иргэдэд дээрэмчид, тонуулчдаас сэрэмжтэй байхыг сануулаад “Дээрэмчдэд гэж хэлэхэд хэрвээ та нар аминдаа хайртай бол Полк хотын иргэдийн гэрийг бүү дээрэмдээрэй. Учир нь манай хотын иргэд буунд дуртай. Тэд бүгд буутай. Тэднийгээ хэрэглэхийг нь би дэмжиж байна. Манай хотын иргэд өнөө шөнө буугаа цэнэгтэй хонох болно. Тиймээс хэрвээ та нар манай хотынхны гэрт нэвтэрч, дээрэм хийж, түймэр тавихыг санаархаж байгаа бол би иргэддээ хүн буудах зөвхөөрөл өгснийг сайн санаарай. Иргэдийг тайван байлга” хэмээн ярьжээ.
Полк хотод эсэргүүцлийн жагсаал харьцангуй тайван өрнөж байсан ч тавдугаар сарын 31-ний шөнө жагсагчид иргэдийн машин дээр гаран үсэрч танхайрсанд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглан тэднийг тараажээ. Мөн Грэди Жүдд зургадугаар сарын 1-ний шөнө зарим хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэхээр төлөвлөж байгаа тухай дам яриа сонссон учир хэвлэлийн хурал дээр ийн сануулсан аж.
Тэрбээр үргэлжлүүлэн “Хэрвээ та ямар нэг гэмт хэрэг үйлдсэн л бол бид таныг заавал хайж олоод, шанг чинь хүртээнэ. Полк хот бол Миннеаполис биш шүү! Тиймээс хэрвээ хэн нэгэн хотод минь эмх замбараагүй байдал үүсгэх, дээрэм, тонуул хийх, бусдыг гэмтээх юм бол бид түүнийг нутгийнхаа шоронд хатаах болно” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ