Гурван мандаттай тойрог дээр заавал гурван санал тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

Гурван мандаттай тойрог дээр заавал гурван санал тэмдэглэнэ

Гурван мандаттай тойрог дээр заавал гурван санал тэмдэглэнэ

Төр сонгогчдын боловсролыг дээшлүүлэх үүрэгтэй. Гэвч энэ үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаагаас иргэд сонгох, сонгогдох эрхийн талаар мэдлэг хомс байна. Төрийн хэрэгжүүлэх үүргийг сонгуулийн өмнөхөн хэдэн төрийн бус байгууллага л хөнддөг үү гэхээс төр тэр бүр анхаарч авч хэлэлцдэггүй. ТББ-уудаас сонгогчдын боловсролын асуудлыг албан боловсролын хөтөлбөрт оруулахыг шаардсаар ирсэн ч амжилт олоогүй өнөөдөртэй золгожээ. Сонгогчид мэдлэггүй, улс төрийн боловсрол доогуур байх нь төрд л илүү ашигтай байх нь ойлгомжтой гэж мэргэжилтнүүд хэлж буй юм.

Сонгогчдын боловсрол гэдэг нь зөвхөн сонгуульд оролцох тухай ойлголт бус иргэний болон улс төрийн боловсрол зэргийг багтаасан өргөн ойлголт. Эдгээр нь бид сонгуульд оролцож саналаа өгөх замаар шийдвэр гарах үйл ажиллагаанд оролцохоос гадна сонгууль болоогүй үед засгийн эрх барих тухай ойлголт юм.

Иргэдээ сургах, улс төрд оролцуулах, засгийн эрхээ барих, шийдвэр гаргах түвшинд оролцох, эсвэл гаргасан шийдвэрт хяналт тавих зэрэг оролцооны бүх үйл явцыг сургуулийн өмнөх боловсролын агуулгад тусгах ёстой. Манай улс 2009-2011 онд ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн багш нар болон сурагчдад зориулсан сонгогчдын боловсролын хөтөлбөр боловсруулж, туршиж үзсэн билээ. Энэхүү туршилт үр дүнтэй байсан ч албан ёсны хөтөлбөрт оруулаагүй учир урт хугацаанд үргэлжлээгүй байна.

Сонгууль болгоны өмнө сонгуулийн хуулийг өөрчилдгөөс үүдэн сонгууль болгоноор систем нь өөр болдог бөгөөд горыг нь сонгогчид үүрдэг. Өөрөөр хэлбэл улс төрийн намууд аль систем нь тэдэнд олон суудал авах боломж олгохыг л тооцоолдог болохоос биш, сонгогчдын санал гээгдэхгүй байх, тэдний хүсэл эрмэлзэл, төлөөлөл нь парламентад тэгш сонгогдох, сонгогчдод хүртээмжтэй байх, төвөггүй байх зэрэгт ач холбогдол өгдөггүй билээ.

Энэ жил Сонгуулийн тухай хуулийг өөрчилж, гурван мандаттай тойрог дээр заавал гурван санал тэмдэглэнэ гэж заасан. Сонгогч саналаа хүчинтэй болгохын тулд дэмжихгүй нэр дэвшигчээ ч дугуйлахыг тулгаж, хуулиа зөрчиж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Нэг мандаттай тойрогт сонгогчдын санал гээгдэх тохиолдол бий бол жижиг тойргууд дээр сонгогчдын саналыг худалдаж авах нь түгэээмэл аж.

Улс төрийн намуудтай хариуцлага тооцох нэг хэлбэр бол сонгууль учраас иргэн бүр зайлшгүй оролцож саналаа өгөх ёстой. Иймд сонгогчид тухайн тойрог хэдэн мандаттайг мэдэж байх хэрэгтэй. Саналаа хүчинтэйд тооцуулахын тулд мандатын тоотой тэнцүү тоогоор дугуйлах ёстойг анхаарахыг Сонгогчдын боловсрол төвийн Гүйцэтгэх захирал С.Оюунтуяа онцолж буй юм.

Сонгуульд хэн саналаа өгч буйгаас хамаараад тэдэнд зориулсан мөрийн хөтөлбөр гарч ирдэг. Хэрвээ 18-35 хүртэлх насны залуучуудын сонгуулийн идэвх 80 хувьд хүрвэл тэдэнд чиглэсэн бодлого яригдаж эхэлнэ. Тэд сонгогчдын 50 хувийг эзэлж байгаа нь маш том хүч юм. Өөрөөр хэлбэл, залууст тулгамдаж буй олон асуудлыг шийдүүлэх боломж бий. 50-иас дээш насныхан 97 хувийн ирцтэй сонгуульд оролцсоноор магадгүй тэтгэврийн зээлийг тэглүүлж чадлаа гэж харж болно. Бид одоо хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-ын гишүүдийг сонгох гэж байна. Иймд ирэх дөрвөн жилд таныг төлөөлж улсын бодлогыг тодорхойлж, хууль санаачилж, төсөв батлахад оролцох ёстой гэдгийг бодолцож сонголтоо хийхийг тэрбээр анхааруулав.

2016 оны сонгуулийн статистикээс харахад 18-25 насны залуучуудын бараг 50 хувь нь сонгуульд оролцоогүй бол 60-аас дээш насныхны 90 хувь нь саналаа өгчээ. Саналаа өгөөгүйн гол шалтгаан нь тэдгээр залуус энэ тухай мэдлэг олголтгүйтэй холбоотой аж. Судалгаагаар сонгуульд оролцоогүй залуусын 20 хувь нь итгэл хүлээсэн нам, улс төрч байсангүй, 16 хувь нь сонгуульд саналаа өгөх үйл явц төвөгтэй, 15 хувь нь улс төр сонирхдоггүй гэж хариулжээ.

18-25 насны залуусаас улс төрийг маш их сонирхдог 6 хувь, сонирхдог 18,7 хувь байсан бөгөөд энэ нь залуучуудын санал, оролцоогүйгээр парламент бүрдэх боломжийг олгож буй аж. Залуус нам, улс төрийг шударга бус, хариуцлагагүй байна гэж зугтах биш харин энэ шударга бусыг өөрчлөхөд анхаарах хэрэгтэй билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцээс харахад 10  сонгогч тутмын 6 нь саналаа өгчээ. Үлдсэн дөрөв нь залуучууд байсан нь харамсалтай юм.

Иргэн танд Сонгуулийн хуудсанд саналаа тэмдэглэхдээ заавал тухайн тойргийн мандатын тоотой дүйцэхүйц санал өгөх ёстойг санаж, сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Сонгогч та сонгуулиа өгөхгүй бол яах вэ. Сонгуулийн ирц бага байвал үүний сөрөг нөлөөг сонгогчид үүрдэг. Ирц өндөр байх тусам сонгуулийн үр дүнд бий болох институцийн төлөөлөх чадвар нэмэгдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үндэсний цөөнх зэрэг нийгмийн өөр өөр сонирхлын бүлгүүдийн төлөөлөл бүрдэх боломж нэмэгдэнэ. Ирц 50 хувьд хүрэхгүй бол сонгууль дахин зохион байгуулахгүй ч нэмэлт санал хураалт явуулна. Өөрөөр хэлбэл, таны хүүхдэд очих байсан цэцэрлэгийн хоолны мөнгө нэмэлт санал асуулгын зардалд зарцуулагдана гэсэн үг.

Хэрвээ та сонгуулийн өдөр саналаа өгөхгүй бол өөр нэг хүнд өөрийнхөө хувь заяаг шийдэх боломж олгож байна гэсэн үг.

Бид итгэл даахгүй улс төрчид сонгогдлоо гэж ярьдаг. Түүний оронд “Би саналаа өгсөн үү” гэж өөрөөсөө асуухыг судлаачид зөвлөж байна. Өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжсэн бодлогоос сонгогч та ямар үр шим хүртэв, одоогийн өгч буй амлалт хэрэгжих хөшүүрэг байна уу гэдгийг бодолцож саналаа өгөх, мөн санал өгнө гэдэг нь ирэх дөрвөн жилийн туршид үргэлжлэх сонголт юм гэдгийг санууштайг мэргэжилнүүд анхааруулж байна.

Сонгуулийн ерөнхий хороо болон “Сонгогчдын боловсрол төв”-өөс иргэдэд мэдээлэл өгөх лавлах 1800-2800 утас ажиллуулж байгаа тул сонирхсон асуултаа тавьж, хариулт авах боломж сонгогч танд нээлттэй байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхлэн нэрсийн жагсаалтад яаж бүртгүүлэх, санал авах байрны байршил зэрэг сонгуультай холбоотой иргэдийн олон асуултад хариулт өгч эхэлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж