1990 оноос өмнө монголчуудыг их Чингис хааны нэрээр мэддэг байсан бол 1990 оноос хойш биднийг ардчиллаар нь мэддэг болжээ. Өнөөдөр нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тайван, эрх чөлөөтэй амьдарч байгаа нь мөнөөх ардчиллын гавьяа юм. 25 жилийн турш тэмцэж, зүтгэж бий болгосон ардчиллыг АН-ын гишүүд, дэмжигчид нийслэлд төдийгүй, орон нутагт өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Өчигдөр буюу энэ сарын 20-нд Сэлэнгэ аймгийн АН-ын гишүүд дэмжигчдийн баярын хурал боллоо. Энэ хурал нь Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээний хаалт юм. Тус хуралд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн АН-ын дарга Б.Баярхүү нар оролцож үг хэллээ. Сэлэнгэ аймгийн ард түмэн ардчиллын үйл хэрэгт ихээхэн хувь нэмэр оруулсан. Тэдний үйл хэргийг өндрөөр үнэлж АН-ын зүгээс Сэлэнгэ аймгийн АН-д Эрх чөлөөний одон гардууллаа.
Сэлэнгэ аймгийн АН-ын дарга Б.Баярхүү:
-Монголын түүхийн 25 жилийн ололт амжилт АН-тай салшгүй холбоотой. 1990 онд ардчилал гэж хэлэхээс эмээдэг байсан. “Ардчилал” сониныг тараах, түгээхэд бэрх байсан. Гэвч бид өнөөдөр Ардчилсан хувьсгалыг хийж чадсан байна. Манай Сүхбаатар хот Хөтөл тосгоны иргэд нийтээрээ ардчиллыг дэмжиж байдаг. Тэр утгаараа ардчилсан хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг үнэлж, Сэлэнгэ аймгийн АН-ыг Эрх чөлөөний одонгоор шагнасан явдалд их баяртай байна. Энэ Эрх чөлөөний одон бол Сэлэнгэ аймгийн АН-ын үе үеийн удирдлагуудтай салгүй холбоотой.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт:
Ардчилал гэдгийг анх 1990 онд ойлгохдоо хувийн өмчтэй болох ёстой юм байна. Хувь хүн өөрийнхөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, гадаадын улс оронд чөлөөтэй зорчиж, ажил хөдөлмөрөө тодорхойлох эрх нь хувь хүнд байдаг гэсэн олон үзэл бодлын уулзвар дээр байсан. Энэ үед Ардчиллыг дэмжсэн олон хөдөлгөөн, нам байгуулагдаж байсан. 1990-2009 он хүртэл бид ардчилсан хөдөлгөөн гэж ярьдаг байсан төдийгүй өөрсдийн хийсэн бүтээсэн зүйлийг үнэлж дүгнэж чаддаггүй байсан. 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэх үедээ монголчуудыг дэлхий нийтэд цоо шинээр таниулж чадсан хувьсгал хийжээ гэдэг дүгнэлтэд хүрсэн юм. Энэ их ололт амжилтыг авчирсан хүмүүсийн нэг нь сэлэнгэчүүд юм шүү.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат:
-Ардчиллын үр шимийг яаж шударга, тэгш хүртээх вэ гэдэг АН-ын зорилго байсан. Энэ зорилгодоо хүрэх алхам нь “Монгол Хүн 2020” хөтөлбөр юм. Бид хөтөлбөрөө 2016 оноос хойш үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн 2010-2011 онд баялгийн үнэ өндөр байхад дэндүү их бэлэнчилж, мөнгө тараасан. Одоо эдийн засгийн хүнд үед энэ том ачааг үүрээд явж байна. Түүгээр ч зогсохгүй дэлхий нийтээрээ эдийн засгийн уналтад ороод байхад энэ их бүтээн байгуулалтыг хийж чадаж байгаагаараа ард түмэндээ хэлэх үгтэй нам юм шүү. Ардчилсан хувьсгалын 26 дахь жилдээ сэлэнгэчүүд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Ийнхүү үг хэлж дуусаад шагнал гардуулсан юм. Сэлэнгэ аймгийн АН-ын гишүүд, дэмжигчдийг Худалдааны тэргүүн, Үйлдвэрийн тэргүүн, Аж үйлдвэрийн яамны тэргүүний барилгачин, Сүхбаатар сумын эрүүлийг хамгаалах ажилтан, АН-ын Эрх чөлөөний одон, Ахмад зүтгэлтэн, АН-ын эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал, Мөнх Монгол, Ардчилсан залуучуудын холбооны дээд шагнал гэх мэт одон медалиар 20 орчим хүнийг шагнаж урамшууллаа. Шинэ оны босгон дээр хийсэн ажлаа үнэлүүлж, урмын үг сонссон сэлэнгэчүүд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.
Т.ДАВААНЯМ