НЭМЭЛТ:
Жорж Флойдын үхлийн хойноос шударга ёс нэхэж, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг жагсаал, хөдөлгөөн эхэлснээс хойш нийгмийн цахим сүлжээнд цагдаа нарын галласан резинэн суманд оногдож гэмтсэн, нүд нь сохорсон, цус нь урссан нүд хальтрам зураг, баримтууд олноор хөвөрсөөр байна. Жорж Флойдыг баривчлахаар дөрвөн цагдаа ирсэн бөгөөд нэг нь Флойдыг гавлахаар газарт дарж хэвтүүлэн хүзүүн дээр нь 8 минут, 46 секундийн турш өвдөглөснөөр Флойдын амьсгал боогдон, тархинд хангалттай хэмжээний цус хүрч чадалгүй байсаар нас барсан билээ. Болсон явдлыг ойр хавьд байсан хүмүүс өөрсдийн гар утсаар баримтжуулж, цахим сүлжээнд тарааснаар олон хүний бухимдлыг төрүүлж, улмаар тавдугаар сарын 26-аас хойш улс даяар эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үргэлжилж буй. Хэдий мянга мянган хүн тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байгаа ч харамсалтай нь бүүр ч олон хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэн, түүнийгээ ашиглан дээрэм, тонуул, хүчирхийлэл үйлдэж, цагдаа нартай сөргөлдөн танхайрч байгаа юм.
Гэвч цагдаа нар ч мөчөөгөө өгөлгүй бороохой, бамбай барьж, жагсагчдыг зодож, нулимс асгаруулагч хий шидэн, машинаар дайрч, резин сумаар гал нээн “байлдаж” байна. Болж буй үйл явдлын тухай газар дээрээс нь сурвалжилж, ард иргэдэд хүргэхээр улс даяар олон сэтгүүлчид эрсдэл дунд ажиллаж, цагдаа нарын суманд оногдон бэртэж байгаа аж.
Жишээлбэл, зурагчин Линда Тирадо үйл явдлын талаар гэрэл зураг дарж яваад зүүн нүдэндээ буудуулжээ. Тэрбээр “Би дараагийнхаа зургийг авахаар бэлдэж камераа хэдхэн секунд холдуултал миний нүүр дэлбэрэх шиг л болсон. Удалгүй хамаг бие цус болсон байхыг анзаараад амиа аврахын тулд би сэтгүүлч байна хэмээн орилсон” хэмээн ярьжээ. Тирадод жагсагчид тусалж, эмнэлэгт хүргэсэн бөгөөд цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жон Элдер “Тэртэй тэргүй цагдаа нар резинэн сум хэрэглэдэг болоод хэдэн арван жил өнгөрч байна. Бидний буруу биш хэмээн мэдэгдсэн байна”. Эмч нарын хэлснээр Тирадогийн зүүн нүд хараагүй болсон бөгөөд цаашдаа ч эмчлэгдэхгүй гэнэ.
Мөн CNN агентлагийн сурвалжлагч Оскар Жименез болон түүний багийнхан Миннеаполис хотод үйл явдлыг газар дээрээс нь шууд дамжуулж байхдаа суманд оногдож хүнд бэртэцгээсэн, KPCC агентлагийн сэтгүүлч Адольфо Гузман Лопез Лонг эрэг дээрх байдлыг сурвалжилж байхад цагдаа түүнийг онилон хүзүүнд нь буудаж гэмтээсэн аж.
Энэ мэтээр зөвхөн сэтгүүлчдээс гадна жагсаалд оролцсон энгийн иргэд ч бүүр олноороо хүнд гэмтэж байгаа гэнэ. Тухайлбал, Индиана мужид жагсч байсан Балин Брэйк цагдаа нарын галласан нулимс асгаруулагчид оногдож, улмаар түүний нүүрний хэд хэдэн яс хугарч, баруун нүд нь сохорчээ.
Мөн Остинд тайван жагсаалд оролцож байсан 16 настай Брэд Левай цагдаагийн резин суманд оногдон ухаан балартаж газарт унасан байна. Үүний уршгаар түүний тархи бэртэж, хэд хэдэн цуврал хагалгаанд орох шаардлагатай болсон байна.
Эх сурвалж: INSIDER
НЭМЭЛТ:
АНУ-Д ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫН ҮЕЭР 11 ХҮН АМИА АЛДЖЭЭ
Африк-америк гаралтай Жорж Флойд амиа алдсаны улмаас АНУ-д дэгдсэн үймээн самуун, эсэргүүцлийн жагсаалын үеэр доод тал нь 11 хүн амиа алдаад буй талаар өнгөрсөн Мягмар гариг (2020.06.02)-т KTLA суваг мэдээлжээ. Тус хэвлэлд мэдээлснээр, хохирогчид нь Чикаго (Иллинойс), Детройт (Мичиган), Омаха (Небраска), Дэвенпорт (Айова), Окланд (Калифорния), Луисвилл (Кентукки) зэрэг хотын иргэд бөгөөд ихэнх нь африк гаралтай америкчууд байсан аж.
Окланд хотод Холбооны аюулгүй байдлын албаны ажилтан, 53 настай Дэйв Патрик Андервуд буудуулж амиа алдсан бол хамтрагч нь хүнд бэртжээ. Омаха хотод цагаан арьст эрийг бусадтай бүлэглэн зодсон 22 настай, хар арьст Жеймс Скарлок буудуулж амиа алдсан байна.
ЖОРЖ ФЛОЙДЫГ ЦАГДААД ӨГСӨН ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭН ХАРАМСЛАА ИЛЭРХИЙЛЖЭЭ
Миннеаполис хотын Cup Foods буюу Жорж Флойдыг шалгуулахаар цагдаа дуудсан дэлгүүрийн эзэн гэмгүй хүмүүсийг хөнөөхийн эсрэг хууль батлагдтал цагдаа нарыг дэлгүүртээ оруулахгүй, үйлчлэхгүй гэдгээ мэдэгджээ.
Дэлгүүрийн эзэн Махмуд Абумаяале өнгөрсөн долоо хоногт өөрийн нүүрномдоо жагсагчдын байр суурийг дэмжиж буй болон Жорж Флойдын үхэлд гүнээ эмгэнэж, харамсч буй талаараа нийтлэл бичжээ. Тэрбээр “Манай гэр бүл гурван үе дамжин 31 жилийн турш энэ дэлгүүрийг ажиллуулж, хөршүүддээ үйлчилж байна. Флойдыг харамсалтайгаар нас барсны дараа Хьюстоноос ирсэн гэр бүлтэй нь бид тогтмол холбоо барьж байгаа. Бид цагдаа нарын эсрэг та бүхэнтэй хамт тэмцэх болно. Манай дэлгүүрийн зүгээс Флойдын оршуулгад чадлаараа мөнгө хандивлана” хэмээн бичжээ.
Жорж Флойд өнгөрсөн долоо хоногт Cup Foods дэлгүүрт хуурамч 20 долларын дэвсгэртээр тооцоо хийснээс болж баривчлагдсан билээ. Баривчилгааны үеэр офицер Дерек Човин түүний хүзүүн дээр 8 минутын турш өвдөглөн амьсгааг нь боож, хамт ирсэн гурван цагдаа нь ч болж буй харгислалыг тоолгүй байсаар Флойдыг хөнөөсөн юм.
Түүнээс хойш ард иргэд цагдаа нараас шударга ёсыг шаардан жагсч, зарим хотуудад эмх замбараагүй байдал үүсгээд байгаа билээ. “Цагдаа нар нийгмийн сайн сайхныг хангаж, иргэдийнхээ төлөө зүтгэх үүрэгтэй боловч эсрэгээр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хүмүүсийн итгэлийг эвдэн, хүчирхийлсээр байна. Цагдаа нар бүх хэргийг дэвэргэдэг гэдгийг би ойлголоо. Хуурамч мөнгөөр тооцоо хийсний төлөө түүнийг алж байгаа нь дэндүү шударга бус байна. Энэ хэрэг анхных биш. Үүнтэй ижил зүйлс өмнө нь дахин дахин тохиолдож байсан. Зүгээр харж сууснаараа бид өөрсдийгөө аюулд оруулж байна. Тиймээс цагдаа нар гэмгүй хүмүүсийг алахаа болих хүртэл бид энэ мэт гэм хоргүй хэргүүдийг цагдаа оролцуулалгүй өөрсдөө тайван замаар шийдэх болно” хэмээн Абумаяале бичсэн байна.
Эх сурвалж: HUFFPOST
Холбоотой мэдээ