УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Р.Амаржаргал, А.Бакей нар ирэх онд эдийн засгийг идэвхижүүлж сэргээх талаар Ерөнхий сайдад захидал хүргүүлсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээс дараах тодруулгыг хийлээ.
-Эдийн засгийг идэвхижүүлэх чиглэлээр ямар санал дэвшүүлж байна вэ?
-Монгол Улсад өнөөдөр 2015 оны эхний 11 сарын байдлаар үнийн хуримтлал дотоодын хөрөнгө оруулалтын хэрэглээтэйгээ харьцуулахад маш доогуур, тогтмол уналтын түвшинд байна. Эдийн засгийг хөдөлгөхийн тулд хүртээмжтэй санхүүжилт буюу хүмүүст хэрэгтэй, боломж олгож байгаа санхүүжилтийг илрүүлэх хэрэгтэй. Үүнийг яаж ил болгох вэ гэвэл, өнөөдөр Төрийн банкийг хувьчлах асуудлыг ярьж байна. Ингэхдээ 49 хүртэл хувийг жижиг дунд бизнесийнхэнд тэнцүү өгчих, харин 51 хувь нь төрд байг.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, сан нь байгаа. Энэ бүх сангуудийг нэгтгээд ЖДҮ-ийг дэмжих банк руу нэгтгэчих хэрэгтэй. Ингээд ЖДҮ-ийг дэмжих банк байгуулахад Монголын бизнесүүд банктай болж, хувьцаа эзэмших юм байна гэсэн сайн мессэж тарна. Монголын төр үйлдвэржилтийг дэмжиж, экспортоо нэмэгдүүлэхийн тулд энэ бүх зүйлийг хийх ёстой. Төр өөрийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд арилжааны банкаар бус өөрийн банкаар дамжуулах ёстой.
Эдийн засагт өр, зээлийн түвшин нэмэгдэж байна. Энэ бүхнийг хөнгөвчлөх арга хэмжээг хийх ёстой. Өрөөс өр, хүүгээс хүү бодох арга хэмжээг зохицуулах хэрэгтэй. Энэ талаас нь тооцох ёстой. Мөн алтан аргамжаа буюу ахмад, дунд, залуу үеийн холбоог зохицуулах. Тэтгэвэрт гаргасан хүнээ сүү зөөлгөөд суулгаад байх уу. Бусад улс оронд ахмад экспиртүүд байдаг. Монголын компаниудад бусад орны ахмад экспиртүүд зөвлөгөө өгөөд яваад байна. Манайх дотооддоо Ахмад экспиртүүдийн сан байгуулаад тэтгэвэртээ гарсан өөрийн туршлага, мэдлэгээ залуу үедээ түгээх боломжтой ахмадуудыг бүртгээд үндэсний хэмжээний систем бий болгох хэрэгтэй. Мөн орлогогүй залуу үедээ Гарааны зээлийн сан гаргах ёстой. Ломбардын үйл ажиллагаа маш сул байна. Хэн нэгний тавьж байгаа үнэт эдлэл алдагдах магадлал өндөр байна. Ломбардын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк бүртгэхгүй, гэхдээ иргэд олноор үйлчлүүлдэг. Гэтэл энэ ломбардын хүү өндөр байгаа. Арилжааны банкны хүүнээс хэд дахин өндөр. Ломбардад үнэт эдлэлээ тавьсанаар өрхийн өр нэмэгдэж байгаа. Улсын өр л гэж яриад байдаг. Гэтэл өрхийн өр хэд хүрч байна вэ. Тиймээс ломбардны хүүд зохицуулалт хийх ёстой. Сарын хүү нь 7-8 хувь байна. Жилээр тооцохоор ямар өндөр байна вэ?. Гэрээ нь зөвхөн ломбардны эзэнд л ашигтай байгаа. Хоёр талын эрх ашиг аль аль нь хангагдах ёстой атал. Зөвхөн ломбардны эзний эрх ашиг л бий. Зээлдэгчийн хувьд барьцаалбараа алдах магадлал нь асар өндөр байгаа. Үүнд зохицуулалт хийх хэрэгтэй.
Хамгийн сүүлд нь уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөрөө яаралтай гарах хэрэгтэй. Оюутолгой гэж яриад суухын оронд уул уурхайн экспортоо яаж хөгжүүлэх вэ гэдэг тактик боловсруул гэсэн. Энэ саналыг УИХ-ын дарга дэмжиж байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэмжиж, бидэнтэй уулзахаа илэрхийлсэн.
-Энэ саналуудыг хэрэгжүүлснээр үр дүн нь хэдий хугацаанд гарах бол?
-Хэрвээ үүнийг хэрэгжүүлбэл 2016 оны эхний хагас жилд Монголын эдийн засаг идэвхжинэ.
-“Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийн гэрээнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-“Оюутолгой” далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээний үеэр Ерөнхий сайд “Оюутолгой одоо бизнесийн төсөл боллоо гэж, ганц үнэн үг хэлсэн. “Оюутолгой” компанийн үйл ажиллагаанд Засаг хөндлөнгөөс оролцож болохгүй. Төрийн компаниараа дамжуулаад бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Энэ утгаараа төр хамаагүй оролцохгүй юм. Оюутолгой Монголд ашигтай юу, үгүй юу гэхээсээ илүү хөрөнгө оруулалтынх нь үр өгөөж хэрэгтэй. Монголд хэчнээн ажлын байр бий болох, валютын урсгал ямар болох вэ гэдэг нь чухал.
Г.ДАРЬ