ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр (2020.6.2) цөмийн дайралтаас хамгаалах бодлогын баримт бичигт гарын үсэг зуржээ. Тус баримт бичигт зааснаар ОХУ-ын оршин тогтнолд заналхийлсэн үй олноор хөнөөх цэргийн цохилт, дайралтын эсрэг тухайн улс, цэргийн дэд бүтцийн эсрэг цөмийн зэвсэг ашиглах боломжийг тусгасан байна. Өөрөөр хэлбэл, ОХУ нь цөмийн бус дайралтын эсрэг ч цөмийн зэвсэг ашиглах боломжтой гэсэн үг. Бодлогын баримт бичигт ОХУ нь ямар тохиолдолд цөмийн зэвсэг ашиглахыг нарийвчлан заасан аж. Тухайлбал, сөргөлдөгч талаас Оросын газар нутаг эсвэл холбоотны эсрэг баллистик пуужин харвасан баттай мэдээллийн үед, мөн ОХУ-ын засгийн газар, армийн амин чухал байгууллагын эсрэг цохилт зэргийн эсрэг цөмийн зэвсэг ашиглах гэнэ.
Энэ нь АНУ-д анхааруулга өгч буй хэлбэр хэмээн ажиглагчид дүгнэжээ. АНУ болон ОХУ-ын харилцаа 2014 оны Украины хямрал, 2016 оны Цагаан ордны төрийн тэргүүний сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон гэх маргаан, бусад сөргөлдөөнөөс болж хүйтэн дайнаас хойших хамгийн зөрчилтэй үедээ хүрсэн юм. Тухайлбал, өнгөрсөн онд ОХУ болон АНУ нь 1987 оны дундын зайн тусгалтай пуужинг устгах гэрнээс гарцгаасан юм. Хоёр улсын цөмийн зэвсгийг хянаж буй ганц гэрээ нь 2010 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев нарын байгуулсан “Шинэ эхлэл” гэрээ аж. “Шинэ эхлэл” гэрээнд хоёр орны тус бүрдээ 1550-аас илүү тооны цөмийн хошуу, 700-аас их баллистик пуужинтай байхыг хязгаарлажээ. Тус гэрээний хугацаа нь 2021 онд дуусах бөгөөд ОХУ-аас сунгах санал тавьсан аж. Гэвч АНУ-ын талаас тус гэрээнд Хятадыг элсүүлэх санал тавьж, хэлэлцүүлгийг хүлээлгэсэн байдалтай байна.
Эх сурвалж: The Associated Press, The Defense News
Холбоотой мэдээ