Бүгд найрамдах Чечень улсын удирдагч, ижил хүйстнүүдийг хүчтэй эсэргүүцэж, үндсээр нь устгахыг эрмэлзэгч, эрүүдэн шүүлт, аллагад буруутгагддаг Рамзан Кадыров “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад хүний эрхийн тухай надаас суралцах зүйлс хэд хэд байна” хэмээжээ. Тэрбээр цахим сүлжээнд өчигдөр/2020.06.02/ эрт Америкийн эрх баригчдад хандан “Энэ галзуурал, ард иргэдийн эсрэг хууль бус үйл ажиллагаагаа зогсоо. Цагдаа нар гудамжинд зоргоороо дурын иргэнээ тамлан зовоож байна. Тэд хүссэн үедээ иргэдийг боож, зодож, машинаараа мөргөж байна” хэмээн бичээд олон улсын байгууллагууд, НҮБ-д хүний эрхийн зөрчлүүд, хэт харгис аллагуудын эсрэг арга хэмжээ авахыг уриалсан байна.
Хүний эрхийг зөрчсөн, эсэргүүцсэн олон жилийн түүхтэй удирдагч нь АНУ-д ийнхүү зөвлөсөнд чеченьчүүд гайхаж хоцорчээ. Разман Кадыровыг 2006 онд сэтгүүлч Анна Политковская гэртээ буудуулж амиа алдсан, Наталя Эстемирова хулгайлагдсан, 2015 онд өрсөлдөгч Борис Немцов буудуулж нас барсан гэх мэт олон хүний эрхийг зөрчсөн, хөнөөсөн хэрэгт хүмүүс буруутгадаг билээ. Мөн тэрбээр улсдаа 2017 оноос эхлэн “их цэвэрлэгээ” эхлэн ЛБГТИК+ хүмүүсийг хулгайлах, эрүүдэн шүүх, хөнөөх ажил хийж буй гэгддэг билээ. Энэ тухайгаа тэр олон улсын хэвлэлд “Манай улсад тийм хүмүүс байдаггүй” хэмээн ярьж булзайруулж байсан юм.
Мөн Кадыров улсдаа хөл хорио сахиулахын тулд хүчнийхнээ саваа модоор зэвсэглэн гудамжинд зогсоож, хөл хориог зөрчсөн хэнийг ч хатуу шийтгэнэ хэмээн мэдэгдсэн ч тавдугаар сард тэрбээр өөрөө халдвар авсан юм. Чечений зөрчлийн шинжилгээ, урьдчилан сэргийлэх төвийн захирал, туршлагатай ажиглагч Екатерина Сокирианская “АНУ-ын удирдагчид хоёр нүүр гаргаж, жинхэнэ төрхөө илчиллээ. Харамсалтай нь Миннеаполис хотын байдал маш ихээр муудаж байгааг дэлхийн зарим хүчтэй дарангуйлагч нар Трампаас хүндлэл хүлээхийн тулд ашиглаж болохоор байна. Хэрвээ АНУ дотооддоо үүссэн хүнд асуудлаа шийдэж чадахгүй бол хүний эрхийн доройтол гамшгийн хэмжээнд очно” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: INDEPENDENT
Холбоотой мэдээ