Улаанбаатарын хамгийн том, "Үндэсний" гэх нэртэй цэцэрлэгт хүрээлэнд тоглож байсан дөрвөн хүү амиа алдсан харамсалтай хэрэг гараад яг долоо хонож байна. Хэдхэн хоногийн өмнө амьд сэрүүн гүйж явсан үр нь эргэж ирэхээргүй холын холд одсонтой эцэг, эх нь эвлэрч чадахгүй үүдээ ширтсээр суугаагаа хэвлэлд ярьж. Үрээ алдсан хүн л тэдний зовлонг мэднэ. Ийм харамсалтай, золгүй тохиолдлоор жилдээ олон арван хүүхэд амиа алдсаар, харин үхэлд хүргэсэн шалтгаан нь хэвээрээ.
Өнгөрөгч долоо хоногт буюу тавдугаар сарын 27-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар нутаг дэвсгэрт орших Маршалын гүүрний зүүн хойд талын голын тогтоол усанд тоглож байсан дөрвөн хүүхэд эндсэн хэрэг Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр намжив. Амиа алдсан дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан. Тоглож явсан гурван дүүгээ ус руу орж живж эхлэх үед ах нь аврах гэж араас нь ороод амиа насаа алдсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Тоглох орчинг нь томчууд булаагаад авчихсан, мөрөөдлийг нь мөнгөтэй хүмүүс няц гишгэдэг Монголын нийгэмд хэзээ "жинхэнэ" буруутнуудтай хариуцлага тооцдог болох вэ. Жишээ нь, Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид ажлаа хийсэн шиг хийдэг, "Хан талст" хариуцлагатай, хяналттай байсан бол ийм эмгэнэлт, харамсалтай хэрэг гарахгүй байсан.
Осол болсон газрыг хамгаалалтад авсан эсэх, ядаж цаашид ийм эмгэнэлт хэрэг гаргахгүй байх талаар анхааруулах самбар байршуулсан үгүйг өчигдөр /2020.06.02/ очиж үзсэн юм. Баригдаж байсан барилгын гадуур хориотой гэсэн нарийн улаан тууз татаж, замын хаалтаар барилга руу нэвтрэх хөдөлгөөнийг хаажээ. Энд том оврын 2-3 экскаваторын машин, баригдаад хаягдсан хэдэн саарал барилгаас өөр нүдэнд торох зүйл алга.
Уг осолтой холбоотойгоор Маршалын гүүр талаас орох гарах автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хорьжээ.
Цаашлаад ойролцоогоор нэг км орчим зайд алхаж, ослын газарт ирэв. Нуурын зүүн захаас дөрвөн метрийн зайд хүүхдүүд живсэн бөгөөд голын эрэг дагуу “Анхаар нуурын усанд орохыг хориглоно”, “Орох хориотой” гэсэн улаан туузаар хашилт хийжээ. Хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэн болон наран шарлагийн цогцолбор хоёрын дундах хашаалаагүй үлдсэн хэсгээр нэвтрэх үед тэнд хамгаалалтынхан байгаагүй аж. Хүүхдүүдийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр тэдний шөрмөс татсаны улмаас хөдөлгөөн хийх боломжгүй болж, улмаар живж нас барсан гэдэг урьдчилсан дүгнэлт гараад байна.
Хэрэв хэн нэгэн хүн анхааруулах самбарыг эртхэн хийсэн бол, хэрэв хэн нэгэн дарга ажлаа хариуцлагатай хийхийг шаардсан бол, хэрэв “Хан талст” ХХК ажилдаа хариуцлагатай хандсан бол байдал өөр байх байсан гэх асуулт дотор зурж байсныг нуух юун.Тэднийг аюултай тоглоомоор тоглож байгааг хүмүүс анзаарсан ч, анхааруулж хэлээд бүр хөөгөөд явуулсан бол өнөөдөр дөрвөн амь эндэхгүй байсан. Томчууд бид бас тоглох газрыг нь зарчихаагүй бол!
Э.БУРАМ
Холбоотой мэдээ