Оросын шүүхээс Мягмар гаригт (2020.6.2) Путиныг эсэргүүцэгч Александр Габышевийг сэтгэцийн төв үргэлжлүүлэн байлгах шийдвэр гаргажээ. Якутын бөө Александр Габышев нь Ерөнхийлөгч Владимир Путиныг Кремльд шүгэлсэн “ад чөтгөр” хэмээн нэрлэж, түүнийг зайлуулахаар нутгаасаа 2019 оны эхээр гарсан юм. Тэрбээр өөрийн бөөгийн эд зүйлсээ тэргэнд ачин явганаар Кремль хүртэл 8000 гаруй км замыг туулан, Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг зан үйл хийх зорилготой байв.
Гэвч түүнийг замдаа гараад хэдэн сар болсны дараа цагдаа нар аяллыг нь тасалдуулжээ. Удалгүй тэрбээр аяллаа үргэлжлүүлж эхэлсэн ч цагдаа нар өнгөрсөн арванхоёрдуугаар сард баривчлан гэрийн хорионд байлгах болжээ. Гэвч Александр Габышев дахин аяллаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэний дараа өнгөрсөн тавдугаар сард сэтгэцийн эмнэлэгт хоригдох болсон аж. Улмаар Якутск хотын шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хугацаагүйгээр сэтгэцийн төвд байлгах шийдвэр гаргасан байна.
Хүний эрхийн Эмнести интернейшнл байгууллагаас Александр Габышевийг суллахыг шаардан гаргасан мэдэгдэлдээ түүнийг эрүүл мэндийн бус улс төрийн шалтгаанаар хорьж байгааг эсэргүүцжээ.
Улс төрийн тэрс үзэлтнүүдийг сэтгэцийн төв, эмнэлэгт хорих нь ЗХУ-ын үеэс эхлэлтэй үйлдэл. ЗХУ-д 1980-аад онд улс төрийн тэрс үзэлтнүүдийг дэмийрэл буюу шизофрения сэтгэцийн өвчнөөр оношлон эмнэлэгт хорьдог байв.
Эх сурвалж: Agence France-Presse