АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотын цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст эр Жорж Флойдын үхлийг эсэргүүцсэн эсэргүүцлийн хөдөлгөөн тус улсад найм дахь өдрөө үргэлжилж байна. Эсэргүүцлийн жагсаалаас эмх замбараагүй байдал, дээрэм тонуул болж хувирсан хөдөлгөөнийг намжаахын тулд тус улсын 40 гаруй хотод хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд эхний өдрүүдийг бодвол байдал харьцангуй тайван болж эхэлжээ.
Жорж Флойдын үхлийн шалтгааныг шүүх шинжилгээний байгууллагаас амьсгалын замыг нь боогдуулсны улмаас нас барсан хэмээх дүгнэлтийг гаргасан бөгөөд хэрэгт буруутгагдаж буй цагдаагийн офицер Дерек Шовиныг гуравдугаар зэргийн хүн амины хэрэг буюу санамсаргүйгээр хүний аминд хүрсэн хэмээн үзэж байгааг ард иргэд эсэргүүцэн хэтэрхий хөнгөн ял оноох гэж байна хэмээн үзэж байгаа юм.
Жорж Флойдын төрсөн хотод 25 мянга гаруй хүн жагссан байна. Түүнлэн Флойдын үхэлтэй холбоотойгоор арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхийн бусад улс орнуудад ч өрнөж байна. Тухайлбал, Францын нийслэл Парис хотноо 2016 онд Флойдтой төстэй байдлаар цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст эрийн дурсгалыг хүндэтгэж, 20 мянга орчим хүн коронавирусийн хорио цээрийн дэглэмийг үл харгалзан жагссан ба жагсаал цуглаан эхэндээ тайван өрнөж байгаад удалгүй хүчирхийллийн шинж чанартай болон хувирчээ. Мөн Их Британийн Ливерпүүл, Мерсисайд, Австрийн Амстердам, Перт, Лондон, Берлин, Милан, Торонто, Рио-де-Жанейро зэрэг хотуудад ч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна.
Харамсалтайгаар амиа алдсан Жорж Флойдын охины ээж Рокси Вашингтон өчигдөр /2020.06.02/ олны өмнө гарч, Флойд болон түүний охины төлөө шударга ёсыг тогтоож өгөхийг эрх баригчдаас хүссэн байна. Тэрбээр “Яг одоо би хэлье гэсэн зүйлээ бүрэн гүйцэд хэлж чадахгүй байна. Охин минь одоо аавтайгаа хэзээ ч дахин уулзахгүй боллоо. Тэр охиноо өсч том болохыг нь харж чадахгүй. Хэрэв охинд минь аавынх нь тусламж хэрэгтэй болоход тэр үед аав нь хажууд нь байх ёстой ч энэ бүх зүйл утга учиргүй боллоо. Би охиныхоо төлөө, Жоржийн төлөө шударга ёсыг шаардаж байна. Хэн ч юу ч гэж байсан тэр сайн хүн байсан гэдгийг дахин хэлье” хэмээн хэлжээ.
Мөн энэ үеэр тус улсын экс Ерөнхийлөгч Жорж Буш олон зуун өнгөт арьст америкчууд эх орондоо ад үзэгдэн, заналхийлэлд өртөж байгаад харамсч буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр тайван байдлаар жагсч, үзэл бодлоо илэрхийлж буй хүмүүсийг сайшаасан байна. Тэрбээр “Ямар ч хүн өөрийнхөө бодит байдлыг өөрт тань цөхөрч, гомдож буй хүмүүсийн үзэл бодлоос харж болно. Америк гэх улсад юу дутагдаад байгааг эдгээр гомдож, цөхөрсөн, туйлдаа хүрсэн хүмүүсийн нүднээс харж болно” хэмээн хэлсэн байна.
Гэсэн ч зарим хэвлэлүүд Буш өөрөө засгийн эрхэнд байхдаа хар арьст америкчуудын эрхийн төлөө тийм ч сайн ажиллаагүйг онцолсон байна.
Эх сурвалж: BBC