Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо. Одоогоос жил гаруйн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сард УИХ-аас ҮАБЗ-ийн дагуу шүүх, прокурор, АТГ-ын удирдлагыг чөлөөлж, томилох шийдвэрүүд гарч байв. Тухайн үед Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг чөлөөлж, түүний оронд Д.Ганзоригийг томилох саналыг Улсын дээд шүүхийн шүүгч нар санал болгож байв. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг батламжлахаас татгалзаж, Улсын дээд шүүхийн шүүгч нар дахин хуралдаж Х.Батсүрэн Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснийг батламжилж байв. Гэвч жил гаруйн дараа Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн суудал эзгүйрэв.
Харин Улсын дээд шүүхийн шүүгч нар дахин хуралдаж, өмнө нь зүтгүүлж байсан Д.Ганзоригийг дахин Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснийг батламжилж, зарлиг гарчээ.
Өмнө нь Ерөнхийлөгч яагаад Д.Ганзоригоос татгалзсан, энэ удаад яагаад түүнийг томилов. Мэдээж улс төрийн хүрээн төдийгүй, шүүгч хуульч нарын дунд олон таамаг байгаагийн нэг нь Х.Батсүрэн Ерөнхийлөгчийн “заавраар” ажиллаж чадаагүй гэх. Д.Ганзоригийн хувьд Ерөнхийлөгчтэй “тохиролцоо” хийсэн учраас дахин нэр нь дэвшигдэж орж ирсэн гэх мэдээллүүд ч гараад байгаа юм. Ямар ч гэсэн Ерөнхийлөгчийн зарлигаас нэг жилийн хугацаанд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг хоёр удаа чөлөөлж, томилов.
Д.ГАНЗОРИГ ГЭЖ ХЭН БЭ?
Ерөнхий шүүгчээр томилогдсон Д.Ганзориг 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Өвөрхангай аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургууль,1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн, 2017 онд хууль зүйн ухааны магистр хамгаалсан.
- 1999-2004 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
- 2004-2013 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгч
- 2013 оны 4 дүгээр сараас Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
- 2020 оны 5 дугаар сард Монголын Шүүгчдийн холбооны тэргүүнээр сонгогдсон.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ