Гурван хоногийн дотор 440 хүүхэд гэмтлийн эмнэлэгт ханджээ

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

Гурван хоногийн дотор 440 хүүхэд гэмтлийн эмнэлэгт ханджээ

Гурван хоногийн дотор 440 хүүхэд гэмтлийн эмнэлэгт ханджээ

Урин цаг ирж аялал зугаалгын сар эхэлсэн энэ өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал дагаж нэмэгджээ. Тус төвийн Яаралтай хүлээн авах тасаг болон гуравдугаар давхарт байх хүүхдийн тасагт тусламж эрсэн үрс, тэвдэж сандарсан эцэг эхчүүд дүүрэн.

Харахад нүд халтирч, сэтгэл өвдөнө. Толгой, гараа боолгосон, таяг тулсан гээд 3-15 насны хүүхдүүд хүнд хөнгөн байдлаар гэмтэл авчээ.

Хүүхдүүд гэртээ, тоглоомын талбайд, гудамжинд бас эцэг эхтэйгээ аялж явахдаа бэртэж, зарим нь харамсалтайгаар амь насаа алдсаар байна. Долоохон хоногийн өмнө дөрвөн бяцхан зүрх зогслоо. Уг харамсалтай явдлын дараагаар  аав нь согтуугаар жолоо барьж явсны улмаас гурав болон таван настай хүүхэд цонхоор шидэгдэж хүнд бэртэж  Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө буюу тавдугаар сарын 31-нд Дорнод аймгийн Баяндун сумын Наран хороолол хашаан дотор жолооч У нь машинаа ухрааж байгаад 11 сартай хүүг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Тавдугаар сарын 31-ний өдөр тоглоомын талбайд тоглож байсан хүүхдийн толгой дээр төмөр унаж, тархиндаа хүнд бэртэл авчээ. Мөн өнгөрсөн долоо хоногт аав нь согтуу яваад хоёр ч бяцхан хүүхэд маш хүнд гэмтэл эмнэлэгт хүргэгдсэн.  Энэ мэтчилэн хүүхдийн хамгийн аюулгүй орчин байх ёстой тэр л газар одоо хамгийн аюултай орчноор солигджээ.

Хүүхдүүд аюултай орчинд амьдарч байгаагаа цахилгаанд цохиулж, тоглоомондоо даруулж, тогтоол усанд живж, тоглоомын талбай дээрээ гэмтэж хангалттай нотоллоо. Харин томчууд хий дэмий халаглаж шаналаад өнгөрснөөс хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, анхаарал тавьсангүй.

Үүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ч тодхон харж болохоор. Яаралтай хүлээн авах тасаг гэхэд л  бэртэж гэмтсэн хүүхдүүд цөөнгүй. Эцэг, эхчүүдийн хэнэггүй байдал, дүрэм журамгүй мэт аашилдаг жолооч нарын буруугаас болж хүүхдүүд зам тээврийн осолд өртөх тохиолдол ахуйн ослын дараа нь жагсч байна. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр өнгөрсөн онд нийт бэртсэн хүүхдийн 50 хувь нь тээврийн хэрэгслээр эцэг эх, асран хамгаалагчтайгаа зорчиж байхдаа, үлдсэн хувь нь хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцохдоо осолд өртжээ. Тэгвэл он гарснаас хойш нийт 13 мянга орчим хүүхэд ямар нэгэн байдлаар бэртэж гэмтсэн байна.

ХҮҮХЭД АХУЙН ОРЧИНД ХАМГИЙН ИХ БЭРТЭЖ ГЭМТДЭГ

Хүүхдийн осол гэмтлийн шалтгааныг тодруулахаар  ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эмч П.Отгончимэгтэй ярилцлаа. 

Аялал зугаалгын сар эхлэхэд осол гэмтлийн тоо нэмэгддэг. Тэр тусмаа бага насны хүүхэд хохирсон осол гэмтэл ГССҮТ-д хэр их бүртгэгддэг вэ?

-Урин дулааны улирал эхлэхэд хүүхдүүд гадаа тоглох, эцэг эх нь хараа хяналтгүй орхисноос болж хүүхдүүд маш их гэмтдэг. Амралт, баярын өдрүүдэд бага насны хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдол нэмэгдсэн хандлагатай байна. Ердөө гурван хоногийн дотор л 440 хүүхэд манай эмнэлгийн Яаралтай хүлээн авах тасгаар үйлчлүүлсэн. Үүнийг задалж хэлбэл, тавдугаар сарын 30-нд 130, тавдугаар сарын 31-нд 150, зургадугаар сарын 1-нд 160 хүүхэд эмнэлэгт хандсан.

Энэ тоон баримтаас харахад ахуйнд орчинд буюу гэртээ болон гудамж, тоглоомын талбайд унаж бэртсэн тохиолдол  бэртэл гэмтлийн хамгийн их хувийг эзэлдэг. Дараа нь авто ослын шалтгаан эзэлж байна. Энэ мэтчилэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд ачаалал нэмэгдэх хандлагатай байна.

-Хүүхэд тоглож байхдаа бэртэж, амь насаа алдсан харамсалтай  тохиолдлууд гарсаар байгаа гол шалтгаан нь юунаас болж байна?

-Ер нь 0-18 хүртэлх насны хүүхдийн гэмтлийн шалтгаан уналт, амьгүй механик зүйлд өртөж гэмтэх тохиолдол хамгийн их байдаг. Энэ төрлийн осол гэмтэл өнгөрсөн оноос 10.8 хувиар өссөн. Амьгүй механик хүчин зүйл гэдэгт эд материал, гэрийн тавилга, халуун ус зэргийг ойлгож болно. Харин амьтай механик гэхээр авто ослын шалтгааныг хэлнэ. Хүүхэд бэртэж гэмтэх осол нэмэгдэж байгаа нь эцэг эхийн хариуцлага хараа хяналттай холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, хайхрамжгүй байдлаас болж хүүхэд машинд мөргүүлж, дайруулж амь насаа алдах тохиолдлууд гарч байна. Сүүлийн үед машинаа ухрааж байгаад тоглож байсан хүүхдээ анзааралгүй аав, өвөө нь мөргөж гэмтээсэн, амь насыг нь хохироосон осол гэмтэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд бүртэгдэх болсон. Хэдийгээр санаатай үйлдэл биш боловч хайхрамжгүй байдлаас болж хүүхэд хохирч байна.

-Осолдож гэмтсэн хүүхдүүдийн хэчнээн нь хөгжлийн бэрхшээлтэй болж харамсалтайгаар амь насаа алддаг бол. Ийм судалгаа байдаг уу?

Энэ талаар нарийвчилсан судалгаа байхгүй. Гэхдээ хүүхэд гэлтгүй нас барсан хүмүүсийн тоон баримтыг сөхвөл 2017 онд осолд орж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж нас барсан 26 тохиолдол байсан бол 2018 онд 20 болж буурсан. Мөн өнгөрсөн онд 11 тохиолдол бүртгэгдсэн.

Нас баралт буурсан ч осол, бэртлийн шалтгаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандсан хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Тодруулбал,

  • 2017 онд 0-18 хүртэлх насны 29.314
  • 2018 онд 41.960
  • 2019 онд 47.926 хүүхэд тус тус бүртгэгдсэн.

Хамгийн анхаарах ёстой нь ахуйн ослоос болж хүүхэд бэртэж гэмтэж байна. Мөн зам тээврийн ослоор  бэртэж гэмтсэн хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчдын хайрхамжгүй байдлаас үүдэлтэй. Уг нь 0-18 насны хүүхэд эцэг эхийн хараа хяналтад байх ёстой ч өсвөр насны хүүхдийг  анхаарлын гадуур орхидог. Биеэ даах чадвартай боллоо гэж үзээд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулдаг. Гэтэл өсвөр насны хүүхэд илүү их бэртэж гэмтэх тохиолдол их. Энэ насныхан дугуйнаас унах, зам тээврийн осолд өртөж бэртэл гэмтэл авах нь их байна. Ер нь хүүхэд насанд хүртлээ эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналтад байх ёстой. Хүүхдийн осол бэртэл буурахгүй байгаа нь эцэг эхийн хараа хяналгүй хайхрамжгүй байдлыг л харуулж байгаа юм. Эцэг эхчүүд хүүхдээ хаана юу хийж явааг ихэнх нь мэддэггүй.

-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасаг улирлаас шалтгаалж ачаалал ихэсч, буурдаг уу. Тухайлбал, зуны улиралд бага насны хүүхэд халуун тогоонд түлэгдэж бэртсэн  осол гэмтэл буурдаг байх?

Хүүхдийн осол гэмтлийн шалтгаан улирлаас хамаараад харилцан адилгүй. Өвлийн улиралд түлэнхий, цана чарганаас болж бэртсэн осол гэмтэл  нэмэгддэг бол зун цагт уналтаас үүдсэн осол бэртэл нэмэгддэг. Зун цагт хүүхдүүд гадаа тоглох нь ихэсдэг тул дагаад осол бэртэл нэмэгддэг.

-Хүүхэд тоглох гэж байгаад усанд живсэн, тогонд цохиулсан, тоглоомын талбайнд бэртсэн зэрэг олон шалтгаанаас болж амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд гарлаа. Энэ бүхэн асран хамгаалагчдын хайхрамжгүй байдал гэхээс илүүтэй орчны аюулгүй байдлаас шалтгаалж байгаа юм биш үү?

-Орчны аюулгүй байдал хангагдаагүй буюу стандарт байхгүйтэй л холбоотой. Барилга барьсан ч ногоон байгууламжгүй, орон сууц гэхэд хүүхэд аюулгүй тоглох тоглоомын талбай нь хангалтгүй зэрэг энэ бүхнийг шийдэж чадахгүй, стандарт гэж байхгүй болохоор хүүхэд бэртэж гэмтсэн ослын шалтгаан, тоо буурахгүй байна.

-Хүүхдийн тасагт нэг эмч өдөрт  хэчнээн хүүхэд хүлээн авдаг вэ?

-Урин дулааны улирал эхэлсэн болохоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал нэмэгдэж байгаа. Ахуйн болон зам тээврийн ослоор хүүхэд бэртсэн осол нэмэгдэх хандлагатай байна. Өдрийн үзлэг гэхэд өмнөх өдрөөсөө буюу  нэг өдрийн дотор 50 тохиолдлоор нэмэгдэж байна шүү дээ. Нэг эмч өдөртөө  60-80 хүүхэд хүлээн авч үзлэг хийж байна. Энэ бол их тоо. Хүүхдийн үзлэгт гэхэд гурван эмч ажиллаж байна. Ингээд бодоход, өдөрт нийт 160 хүүхэд ханддаг. Хүүхдүүдийн хувьд зам тээврийн осолд өртөхөөс илүүтэй гэртээ болон гэрийнхээ ойролцоо ахуйн орчинд их бэртэж гэмтэж байна. Хүмүүсийн дийлэнх нь хүүхэд зам тээврийн ослоор бэртэж гэмтдэг гэж ойлгодог ч ахуйн хүрээнд хүүхэд осолдох нь их гэлээ.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж