Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч “Их 7” гүрний ээлжит чуулган энэ сард АНУ-д болох төлөвлөгөөтэй байсан ч тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилгаар ирэх есдүгээр сар хүртэл хойшилсон. Мөн тэрбээр “Их 7”-ийн улсууд дээр нэмж Австрали, Орос, Өмнөд Солонгос, Энэтхэгийг урьж оролцуулах санал гаргасан нь олны анхаарлыг татав. Ялангуяа эдийн засгаар дэлхийд хоёрт жагсдаг Хятадыг алгассан атлаа “Их 7”-ийн гишүүн асан Оросыг урих болсон нь цаанаа нэг учиртай байж таараа.
Хятадыг алгассан учир нь ойлгомжтой байх. Сүүлийн үед цар тахалтай холбоотой асуудлаас үүдэн АНУ, Хятадын харилцаа түүхэн дэх хамгийн муу түвшинд хүрч, үүний дээр Хятад улс Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг батлах гэж буй нь ч нөлөөлсөн байх.
Одоогийн “Их 7”-ийн бүрэлдэхүүнд АНУ, Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи багтдаг ба Трамп энэ бүрэлдэхүүнийг дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг шийдвэрлэхэд хэтэрхий хоцрогдсон хэмээн тодорхойлжээ. Дональд Трамп Ерөнхийлөгч болсон цагаасаа хойш “Их 7”-д ОХУ-ыг нэмэх санаа гаргаж байгаа ч бусад гишүүн орнууд тууштай эсэргүүцдэг. ОХУ нь 1997 оноос хойш “Их 7” чуулганд уригддаг болсон ч 2014 онд Крымийг өөртөө нэгтгэснээс болж уг чуулга уулзалтаас хасагдсан юм.
Оросыг “Их 7” улсын уулзалтад дахин элсүүлэх тухай яриа хэлэлцээг эхлүүлэх нь АНУ-д ямар ашигтай вэ гэсэн асуулт урган гарч байна. Тэгвэл энэ талаар “CNN”-ийн улс төрийн сэтгүүлч, нийтлэлч, Охио мужийн захирагч асан Жон Касич “Тэд буцаж ирэхийг хүсч байгаа бол өөрчлөлтийг хийх ёстой. Тэд энэ группт дахин нэгдэх замаа өөрсдөө бий болгох ёстой” гэж байр сууриа илэрхийлж байсан удаатай. Түүнийхээр бол “Их 7”-ийн бүлэгт үнэхээр л цус сэлбэхийг хүсч байгаа бол эдийн засгийн болон ардчилалт улс төрийн системтэй улсыг эгнээндээ нэгтгэх хэрэгтэй гэж үзжээ. Мөн Орос энэ бүлэгт эргэн ирэхийг хүсч байгаа бол наад зах нь Крымийн асуудлаас ангижрах ёстой гэжээ.
Намар болох “Их 7”-ийн уулзалтаас ердөө хоёр сарын дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуульд Трамп дахин сонгогдохыг хамгийн их хүсч байгаа. Харин ажиглагчдын үзэж буйгаар Оросыг чуулга уулзалтад оролцуулах нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж магадгүй аж. Трамп 2016 оны сонгуульд Оросоос ямар нэгэн байдлаар тусламж авсан гэж олон хүн сэжиглэдэг ч хоёр тал аль аль үүнийг эрс няцаадаг. Энэ удаа Трамп Оростой харилцаагаа сайжруулахаар хичээж буй нь сонгуулийн бэлтгэл ч байж мэдэх юм.
Трамп, Путин нар даваа гаригт /2020.06.01/ утсаар ярьсан гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кайлей МакЕнани мэдэгдэв. Уг яриа Трампын хүсэлтээр хийгдсэн бөгөөд удирдагч нар энэ үеэр “Их 7”-ийн уулзалтын талаар хэлэлцсэн гэж Цагаан ордны эх сурвалж мэдээлэв. Оросыг чуулга уулзалтад урих саналыг Канад болон Их Британи эрс эсэргүүцэв.
Нөгөөтэйгүүр Трамп Оросыг Европын холбооны улсуудтай өрсөлдөхдөө бамбай болгон ашиглахыг зорьдог байж ч магадгүй гэсэн хувилбар гарч ирэв. Нүүрэн дээрээ АНУ болон Европын холбоо нь салж хагацашгүй холбоотнууд мэт харагддаг ч хөшигний ард хоорондоо үргэлж чимээгүй өрсөлдсөөр байдаг. Трамп 2016 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Найз нөхөд, өстөн дайсан гэлтгүй бүгд АНУ-ыг шулж, мөлжиж байна. Иймд АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах тал дээр шаргуу ажиллана” хэмээн хэлсэн нь цаагуураа Европын холбооны улсуудыг онилсон байв.
Эх сурвалж: Washington Post
Холбоотой мэдээ