Өмнөд Солонгосын К-поп урсгалын хамгийн амжилттай яваа Blackpink хамтлагийн дуучин, реппер Лиза хуучин менежертээ 1 тэрбум вон буюу ойролцоогоор 817,661 ам.доллар алджээ. Market News сайтын мэдээлж буйгаар Лизагийн менежер асан "А" нь 2016 онд Blackpink хамтлагийг анх үүсгэн байгуулагдахад л хамтран ажиллаж байжээ. Тэрбээр Лизагийн итгэлийг бага байхаас нь олж авснаас гадна YG Entertainment болон Blackpink хамтлагийн бусад гишүүдтэй ч сайн харилцаатай байсан тухай эх сурвалж мэдээллээ. Менежер "А" нь Лизад мөнгийг нь зөв зүйлд хөрөнгө оруулан ирээдүйд маш их ашиг олно хэмээн итгүүлсэн аж. Гэвч үнэн хэрэгтээ тэрбээр Лизагийн бүх мөнгийг мөрийтэй тоглоомонд үрж, ор сураггүй алга болсон байна.
Энэ тухай Лиза олон нийтэд мэдэгдэхээс эмээж байгаа бөгөөд энэхүү хэрэг түүний болон хамтлагийнх нь үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн бодож байгаа аж. Нэгэн албаны эх сурвалжийн хэлснээр “Лиза бол Blackpink хамтлагийн гадаад гишүүн. Тэр багаасаа л Солонгост ганцаараа амьдарч эхэлсэн. Тиймээс Лизад санхүү мөнгөний ийм төрлийн зүйлс эмзэг тусна. К-поп салбарт иймэрхүү төрлийн луйвар гарч байгаа нь таагүй. Энэ асуудал үнэхээр Солонгосын к-попын менежментэд сөрөг нөлөө үзүүлнэ шүү” хэмээжээ.
Өдгөө 23 настай Лизагийн хувьд Тайланд гаралтай бөгөөд 2010 онд Тайландад зохион байгуулагдсан YG Entertainment компанийн сонгон шалгаруулалтанд 4 мянга гаруй авьяастнуудаас онцгойрч 2011 онд албан ёсоор тус компанитай гэрээ байгуулсан юм.
YG Entertainment компанийн зүгээс менежер "А"-г аль хэдийнэ ажлаас нь халсан байсан бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна.
Харин Blackpink хамтлагийн хувьд удахгүй Лиза, Рөүз, Жисү нарын цоо шинэ соло уран бүтээлээр эргэн ирэхээ зарласан билээ.
Холбоотой мэдээ