Мэргэжлийн боксын “Бүх цаг үеийн хамгийн агуу 10 боксчин”-г BoxRec сайт тодруулжээ. Тус сайтын зүгээс 43 настай Флойд Мейведерийг бүх цаг үеийн хамгийн агуу боксчин гэж үзсэн бол Мохаммед Алиг Аргентин боксчин Карлос Монзоны ард дөрөвдүгээрт жагсаасан байна. Харин Эвандер Холифилд, Майк Тайсон, Роберто Дуран, Роки Марсиано зэрэг цуутай тулаанчид энэхүү жагсаалтанд багтаж чадсангүй.
- Флойд Мейведер
Мэргэжлийн боксын 21 жилийн замналдаа нэг ч ялагдал хүлээгээгүй 50 ялсан түүнийг “Бүх цаг үеийн хамгийн агуу боксчин” хэмээн тодорхойлжээ. Мөн тэрбээр 2012-2015 онуудын хооронд Форбс сэтгүүлээс тодруулсан хамгийн их ашиг орлого олсон тамирчин болсон билээ.
- Мэнни Пакьяо
Мэнни Пакьяо энэхүү жагсаалтанд багтсан цор ганц одоо идэвхитэй тулалдаж байгаа тамирчин юм. Өдгөө 41 настай тэрбээр найман өөр дивизонд аваргын бүс эзэмшсэн анхны боксчин болсон. Тэрбээр 2015 онд зохион байгуулагдсан “Зууны тулаан”-д Флойд Мейведерт ялагдаж байсан юм.
- Карлос Монзон
Аргентин улсын мэргэжлийн боксын домог Карлос Монзон 1995 онд нас барах хүртлээ дунд жингийн дэлхийн аваргын бүсийг долоон жилийн турш эзэмшиж, 59 удаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялж байжээ. Тэрээр 1988 онд эхнэр Алисиа Мунизаа хөнөөж 11 жилийн ял авч байсан хар түүхтэй.
- Мохаммед Али
Мэргэжлийн бокст төдийгүй улс төр, нийгэмд өөрчлөлт авчирсан тэрээр 1967-1970 онуудын хооронд Вьетнамын дайнд оролцохгүй гэдгээ мэдэгдэж их спортоосоо гурван жилийн хугацаанд хөндийрсөн юм. Түүний 1975 онд Жо Фрейзертэй хийсэн тулаан нь боксын спортын хамгийн алдартай тулаануудын нэгт зүй ёсоор тооцогддог билээ.
- Шугар Рэй Робинсон
Мэргэжлийн боксын хөнгөн, хагас хөнгөн, дунд, хагас хүнд жинд тулалдаж байсан тэрээр нийт 174 тулаан хийхдээ ердөө 19 удаа ялагдаж байсан домогт нэгэн. Шугар Рэй Робинсон мэргэжлийн боксын аваргын бүсийг таван удаа хүртсэн цор ганц боксчин.
- Бернард Хопкинс
Өдгөө 55 настай Бернард Хопкинс тамирчны замналдаа нийт 67 тулаан хийн 55 удаа ялж дунд болон хагас хүнд жингийн дэлхийн аваргаар тодорч байсан. Мөн тэрбээр 1988-2016 онуудын хооронд 28 жил тасралтгүй их спортдоо зүтгэн үнэнч байж чаджээ.
- Жо Луис
1937-1949 онуудын хооронд мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга байсан Жо Луис аваргын бүсээ хамгаалах нийт 25 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулж байжээ. Тэрээр АНУ-д үндэсний баатар хүртлээ хүндлэгдсэн анхны хар арьст тамирчдын нэг юм.
- Арчи Мур
Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргын бүсийг хамгийн удаан эзэмшсэн тэрээр 1952 оны 12-р сараас эхлэн 1962 оны тавдугаар сар хүртэл аваргын бүсийг ямар ч эргэлзээгүй хамгаалж чаджээ.Тулааны арга барил, хамгаалалтын чадвараараа олонд хүндлэгдсэн Арчи Мур 1998 онд таалал төгсчээ.
- Оскар Де Ла Хойа
2009 оны дөрөвдүгээр сард Оскар Де Ла Хойа зодог тайлахдаа дэлхийн хамгийн алдартай боксчин байлаа. Өдгөө 47 настай тэрбээр мэргэжлийн боксын зургаан өөр дивизонд 10 дэлхийн аваргын бүс эзэмшиж байсан гайхалтай тулаанч. Таван настайгаасаа эхлэн боксын спортоор хичээллэж эхэлсэн тэрбээр одоо бол амжилттай яваа бизнесмен.
- Хулио Сезар Чавес
Мексикээс төрөн гарсан домогт боксчдын нэг Хулио Сезар Чавес 1980-2005 онуудын хооронд тулалдахдаа гурван өөр дивизонд дэлхийн аварга болж байжээ. Өдгөө 57 настай тэрбээр нийт 27 удаа аваргын бүсээ хамгаалан мэргэжлийн боксын түүхэнд нэрээ үлдээж, 1994 онд Фрэнки Рандаллтай учраа таарч ялагдах хүртлээ 87 тулаанд дараалан ялсан үзүүлэлттэй байжээ.
Холбоотой мэдээ