Гэрлэх ёслолын ордон ХУРИМЫН ЗАХИАЛГА АВАХГҮЙ!

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

Гэрлэх ёслолын ордон ХУРИМЫН ЗАХИАЛГА АВАХГҮЙ!

Гэрлэх ёслолын ордон ХУРИМЫН ЗАХИАЛГА АВАХГҮЙ!

Хурим найрын улирал эхэллээ. Энэ жилийн хувьд хулгана жил хосуудад гал голомтоо бадраахад ээлтэй сайн гэж төлөгт буусан ч хуримын ордон эл хуль байна. Хосуудын хайр сэтгэлийн гэрч болдог тус газар өдийд олны хөлд дарагддаг ч  коронавируст халдварын улмаас үүдээ түр барьжээ. Учир нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед олон хүн нэг дор цуглуулах нь хориотой тул  өдийд хуримлах байсан 240 гаруй  захиалгыг цуцалсан байна. Уг нь тавдугаар сарын 31-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм цуцлагдвал хуримын ёслол зохион байгуулахаар төлөвлөж байсан ч үйл ажиллагаа явуулах эрх нь дахин нэг сараар хойшлогджээ.

Хосуудын хувьд  Гэрлэх ёслолын ордонд сүүн цагаан хуримаа хийж, гэрлэлтээ баталгаажуулахад хоёр сарын өмнөөс захиалгаа өгсөн байх ёстой. Гэвч өдийд хуримлахаар товлосон хосуудын захиалга цуцлагдсан боловч  хуримын саруудын захиалгыг өчигдрөөс /2020.06.02/ авч эхэлжээ. Энэ жилийн хувьд хуримын захиалга буурсан төдийгүй цаашид хил хориог үргэлжлүүлэн сунгавал  долоо, найм, есдүгээр сарын хуримын захиалга ч цуцлагдана гэдгийг Гэрлэх ёслолын ордноос мэдээлж байна. 


Хуримын ёслолыг хэзээнээс зохион байгуулах талаар Гэрлэх ёслолын ордны Захиргаа аж ахуй хариуцсан менежер Ж.Цэцэгдариас  тодрууллаа.

-Танай ордонд хуримаа хийх захиалга хэр их ирж байна.Гэрлэх ёслолын ордон хуримын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юу?

-Гэрлэх ёслолын ордны журмаар хосуудын хуримын захиалгыг хоёр сарын өмнөөс авч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын хуримын захиалгыг дөрөвдүгээр сарын 1-нээс авдаг гэсэн үг.  Урьдчилсан байдлаар тавдугаар сард 30, зургадугаар сард 50 хос гал голомтоо бадраахаар захиалга өгсөн байсан. Гэвч Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг дахин нэг сараар сунгасан тул хуримын захиалгыг цуцлаад байна.

Ерөнхийдөө хоёрдугаар сараас хойш 240 захиалга цуцлагдсан. Хил хорио тогтоосноос хойш гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа зогсонги байдалд байна. Тиймээс хорио цээрийн дэглэмийг цуцлах хүртэл хуримын ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахгүй.

Учир нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас нэг дор арваас илүү хүн цуглуулах хүний бөөгнөрөл үүсгэхийг хориглож байгаа. Гэтэл хуримын ордонд нэг айл өрхийн хуримын ёслолыг зохион байгуулахад дор хаяж 40-50 хүн цуглана. Хүний амьдралд ганц тохиох хуримын ёслолдоо хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зай барьж, амны хаалттай оролцох боломжгүй. Нөгөө талаас хуримын ордон үйлчилгээний байгууллага тул үйл ажиллагаа зогссон. Гэсэн ч долоо, наймдугаар сарын хуримын захиалгаа хүмүүс өгөөд эхэлсэн.

-Хуримын саруудад Гэрлэх ёслолын ордон олны хөлд дарагдсан ачаалалтай байдаг. Энэ жилийн намар хэчнээн хуримын ёслолыг зохион байгуулах тооцоо байна?

-Хэдийгээр хулгана жил боловч энэ жилийн хувьд хуримын саруудад захиалга өгсөн хүмүүсийн тоо буурах хандлагатай байна. Долоо, наймдугаар сард Гэрлэх ёслолын ордон маш их ачаалалтай байдаг үе шүү дээ. Өнгөрсөн жил наймдугаар сард 400 гаруй хуримын ёслол  зохион байгуулсан. Харин одоо наймдугаар сард хэчнээн хурим зохион байгуулахыг хэлж мэдэхгүй, урьдчилсан тооцоо гараагүй байна.

Наймдугаар сарын хуримын захиалгыг өдийд авдаг ч өнөөдрийн байдлаар 20 гаруй хүн захиалга өгсөн байгаа нь маш бага тоо. Мөн  хурим хийхээр төлөвлөсөн хосууд товоо хойшлуулах хандлага ажиглагдаж байна.

Энэ нь дэлхий дахинд зөөвөрлөгдсөн коронавируст халдварын улмаас  хүмүүсийн орлого, амьжиргааны түвшинд нөлөөлсөнтэй холбоотой болов уу.

-Гэрлэх ёслолын ордонд хосууд олон хүн цуглуулахгүйгээр хоюулхнаа  гэрлэлтээ баталгаажуулж байна гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Олон хүн цуглуулахгүйгээр хуримын ёслол хийнэ гэдэг учир дутагдалтай. Хүний амьдралд ганцхан тохиох үйл явдал учраас эхнэр нөхрийн талаас эцэг эх, ах дүү, эмээ өвөө нар нь оролцох тул онцгой дэглэмийн үед хуримын ёслол зохион байгуулах боломжгүй. Нөгөө талаас  хосууд хоёулхнаа гэрлэх ёслолын ордонд гал голомтоо бадраахгүй.

Хуримын гэрчгүй, баярын уур амьсгалгүйгээр хосууд хуримаа батлуулна гэдэг бас л учир дутагдалтай. Иймд дээрх мэдээлэл худлаа. Хил хорио тогтоосон үед зургадугаар сард хуримлахаар товлосон хосууд захиалгаа хойшлуулсан.

Гэхдээ хил хориог цуцлах, үргэлжлүүлэн сунгахаас шалтгаалж хуримын захиалгын тоо буурах уу, нэмэгдэх үү гэдэг нь шалтгаалах болов уу.

-Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа түр хугацаанд зогссоныг хүмүүс мэдэж байгаа юу. Үйл ажиллагаа хэзээнээс жигдрэх вэ?

-Хуримын ёслол зохион байгуулахгүй гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Хуримын захиалга ч бас багассан. Гэрлэх ёслолын ордны үндсэн үйл ажиллагаа болох хуримын ёслол хил хорио тогтоосноос үүдэн зогссон ч бид хуримын захиалгаа авч байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг  дахин нэг сараар сунгаж захиалга цуцлагдахгүй бол хуримлах хосын тоо одоогийнхоос нэмэгдэх болов уу гэж бодож байна.

Улсын онцгой комиссоос хорио цээрийн дэглэмийг зургадугаар сарын 31-ны өдрөөс дахин сунгахгүй бол Гэрлэх ёслолын ордон үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ. Хэрэв хил хориог дахин сунгавал бид долоо, наймдугаар сарын хуримын захиалгыг цуцална.

-Хуримын захиалга авахдаа урьдчилгаа төлбөр авдаг уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бид урьдчилгаа төлбөр авдаггүй. Хосууд хоёр сарын өмнөөс захиалгаа өгөхдөө төлбөрийг хуримын ёслол болохоос 30 хоногийн өмнө манай байгууллагын данс руу шилжүүлэх журамтай. Хэрэв наймдугаар сарын 21-нд хуримаа товлосон бол долдугаар сарын 21-нд албан ёсоор хуримын товоо баталгаажуулж, төлбөрөө төлнө. Төлбөрийн хувьд 2013 оноос хойш өөрчлөлт ороогүй 803-825 мянган төгрөгийн үнэтэй байдаг.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж