Сурвалжлага: Мөрдэс зүүсэн алтан гартнууд

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Мөрдэс зүүсэн алтан гартнууд

Өдрийн 12.00 цаг. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт /ТТАХНЭ/ очиход хүлээлгийн танхим болон амбулаториор үйлчлүүлэх өрөөнүүд хүн ихтэй байлаа. Эмнэлгийн өнгө төрхийг харахад ногоон өнгө давамгайлах бөгөөд  эко эмнэлэг гэдгийг илтгэдэг аж.  Үүдэнд зогсох цагаан халаадтай залуухан эмчээс тус  эмнэлгийн захирал, хурандаа Л.Баттөрийг сурагласаар олж уулзав.  ТТАХНЭ буюу бидний нэрлэж заншсанаар төрийн албан хаагчдын эмнэлгийг зорьсон шалтгаан маань  Гэмтэл согог судлалын тасгийн мэс заслын өрөөнөөс буюу  “хориотой” бүсээс сурвалжлага  бэлтгэх байсан учраас зөвшөөрөл авсны дараа дээрх тасгийг зорилоо.

ЭРҮҮЛ, ХАЛДВАРГҮЙ ОРЧИН

Төрийн албан хаагчдын эмнэлэгийн Гэмтэл согог судлалын тасаг нь Б блокийн  зургаан давхарт  байрлах аж. Энэ тасагт  зөвхөн мэс заслын өмнө болон дараа нь хэвтэх хүмүүс байрладаг учраас  хэн дуртай нь орох боломжгүй. Харин долоон давхарт  хагалгааны  хэсэг болон мэс заслын дараах сэрээх тасаг байрлана. Хэрэв хагалгааны дараах хүндрэл ихтэй өвчтөнүүд байвал эрчимт эмчилгээний тасагт 24 цаг эмчийн хяналт дор асарч сувилдаг байна. Харин хөнгөн мэс заслын дараа өвчтөнүүдийг сэрээх өрөөнд наркозыг нь гарах хүртэл байлгаад тасаг руу асран хамгаалагчийнх нь хяналтад шилжүүлдэг аж.

Төрийн албан хаагчдын эмнэлэг нийт  хагалгааны зургаан өрөөтэй. Үүнээс төлөвлөгөөт мэс заслын дөрвөн өрөө нь долоон давхарт, үлдсэн өрөөнүүд нь нэг давхарт  буюу амбулаторийн тасагт байрладаг.

Цаашлаад мэс заслын тасаг руу орохын тулд мэдээж  зориулалтын хувцас өмсөж орох шаардлагатай. Хагалгааны дараах тасаг тул элдэв бохирдол орохоос сэргийлж ийнхүү эрүүл ахуйн шаардлагыг чанга баримталдаг гэдгийг эмч нар онцолж байв. Гэхдээ тэр өрөөнд ороход шат дамжлага тун их. Эрэгтэй, эмэгтэй эмч нар тусгай чип бүхий тусдаа хаалгаар орно. Тэндээс шууд хувцас солих өрөө нь залгаатай байна.

ХАГАЛГАА ЯВАГДАЖ БАЙНА

Цар тахалтай, хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа ч мэс заслын тасгийн ажил зогсоогүй, үргэлжилсээр…

Энд эмч нар амс хийх завгүй цаг нартай уралдан хүний амь аврах ажлаа үргэлжлүүлсээр…

Эмэгтэй хувцас солих өрөөнд  хувцасны тавиур дээр нэрийг нь бичиж  ариутгасан эмнэлгийн хувцас, хэрэглэл,  шаахай өрөөтэй байв. Ариутгаж бэлтгэсэн хувцаснаас нэгийг нь өмсч, толгойдоо малгай өмсөөд, амны хаалтаа солин гараа ариутган мэс заслын дөрөвдүгээр өрөө рүү зүглэлээ.  Өрөөний хаалга хүний дулааныг мэдрэн өөрөө нээгдэхэд  төсөөллөөс дэндүү хол, бас айдас төрүүлсэн мэс заслын өрөөнд анх удаа хөл тавив.

Хагалгааны өрөөний голд байрлах орон дээр өвчтөн наркоздоо бөх гэгч нь нойрсож, эргэн тойронд амьсгалын аппарат, рентген аппарат, зүрхний хэм, даралт хянах дэлгэц бүхий төхөөрөмжүүд байрлана. Энэ өрөөнд настай хүнд өвдөгний үе солих мэс засал хийгдэж байсан юм. Тэрбээр хэсэгхэн зуур унтаад  сэрэхдээ эрүүл саруул болоод энэ хаалгаар гарч, хайртай гэр бүлдээ очно.

Хагалгааны өрөөнд өвчтөний хяналтын мониторын  чимээ түгшүүртэй нь  аргагүй  сонсогдох аж. Нөгөө талдаа ажилдаа гаршсан мэргэжлийн эмч нарын баг өөртөө итгэлтэй байгаа нь илхэн. Гэхдээ эмч хүн хэзээ ч өвчний өмнө ам гардаггүй учир хагалгаа эхлэхээс дуусах хүртэл тун хянамгай ажиллах нь гарцаагүй. 

Энэ өдөр хуваарийн дагуу гэмтлийн тасгийн гурван өрөөнд  хагалгааг хийгдэж байсан юм. Тухайлбал, хагалгааны нэгдүгээр өрөөнд нүдний мэс ажилбар, гуравдугаар өрөөнд цөсний хүүдийг дурангаар авах мэс засал, дөрөвдүгээр өрөөнд өвдөгний үе солих мэс засал хийгдэж байв.

Ер нь ямар ч төрлийн  хагалгаанд үндсэн мэс засалч, хоёр туслах мэс засалч, тасгийн эрхлэгч, мэдээгүйжүүлэх эмч, мэдээгүйжүүлэгчийн сувилагч, мэс заслын сувилагч, инженер техникийн ажилчид зэрэг хамгийн багадаа долоон  хүний бүрэлдэхүүнтэй баг ордог байна. Хагалгааны үед  багийн ажиллагаа маш чухал. Багийн нэг хүн нь л ажилдаа хариуцлагагүй хандвал тухайн өвчтөний хувь заяа хаашаа ч эргэж мэдэх учраас бүгд дор бүрнээ  хичээн ажилладаг гэдгийг ч тэд хэлж байлаа.

ЧИМЭЭГҮЙ БААТРУУД

Энэ орчинд хагалгааг амжилттай эхлүүлж, өндөрлүүлэх гол хүн нь мэс засалч эмчээс илүүтэй мэдээгүйжүүлэгч эмч, инженер техникийн ажилчид гэдгийг Төрийн албан хаагчдын эмнэлгийн захирал Л.Баттөр онцолж байсан юм. Учир нь хагалгааны явцад хүний биед их олон өөрчлөлт гарна. Зүрхний хэм алдагдана, даралт унана. Энэ бүхэнд тохирсон шийдвэрийг  мэдээгүйжүүлэгч эмч, богино хугацаанд гаргаж, зөв оношлох, өндөр ур чадвар шаарддаг байна. Харин  инженер, техникч нар мэс заслын багаж тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хянах үүрэгтэй.

Мэдээгүйжүүлэгч эмч, инженер, техникчид  мэс заслын үеийн амин судсыг атгагчид буюу чимээгүй баатрууд юм.

ОРЧИН ҮЕИЙН ЭМНЭЛЭГ БОЛСОН НЬ

Төрийн албан хаагчдын эмнэлэг нь 2018 онд Австрийн засгийн газрын долоон сая еврогийн төслийнх хүрээнд  мэдээгүйжүүлэх,  унтуулах эмийн тунг тааруулах хяналтын аппараттай  болсноор өвчтөний мэдээгүйжүүлэх үйл явц өнгөц, гүн, мэдээгүйжүүлэг нь эргэн гарч байгаа эсэхийг шууд хянах боломжтой болжээ. Мөн гэмтлийн мэс заслын үед  хэрэглэгдэх рентген аппараттай болсноор хагалгааны үр дүнг шууд хянах боломжтой болсон байна. Хэрэв  рентген аппарат байхгүй тохиолдолд  өвчтөнийг   нэг давхарт байрлах рентгений өрөө рүү оруулж хянаад ахин хагалгааны өрөө рүү зөөх явцад  халдваргүйжүүлэлт ариутгалын дэглэм зөрчих эрсдэл үүсэх юм.

Тодруулбал, 2018 онд Австрийн засгийн газрын төсөл хэрэгжсэнээр эмнэлгийн хэвтүүлэн эмчлүүлэх болон амбулаторийн тоног төхөөрөмж, орчин үеийн мэс заслын өрөөнүүд, эмнэлгийн хийн систем, дурангийн мэс заслын багажууд, дүрс оношилгооны аппаратууд зэрэг бусад бүхий л шаардлагатай тоног төхөөрөмжөөр бараг бүрэн хангагджээ. Улмаар 2019 оноос эхлэн төлөвлөгөөт мэс заслын өрөөнүүдийг ашиглаж эхэлсэн байна.

Дээрх тоног төхөөрөмжүүдээс  эмнэлгийн хийн системийг онцлоход хагалгааны явцад хаалга онгойсон ч гадна агаар хагалгаа явагдаж байгаа хэсэг рүү нэвтэрдэггүй аж. Өмнө нь хагалгааны өрөөний агаарын солилцооны үед бохир орж өвчтөний шарх идээлэх тохиолдол мэр сэр гардаг байсан бол хагалгааны өрөөнд ийнхүү 100 хувь вакум орчин бүрдсэнээр дээрх асуудал бүрэн шийдэгдсэн  байна.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛСИЙН НЭГ БОЛ АЮУЛГҮЙ, АЙДАСГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЮМ

Л.Баттөр

Ингээд ТТАХНЭ-ийн захирал, хүний их эмч, анагаах ухааны доктор, дэд профессор, хурандаа Л.Баттөртэй ярилцлаа.

Өнөөдрийн байдлаар танай эмнэлгийн Гэмтэл согог судлалын тасагт хэдэн төрлийн хагалгаа хийгдэж байна вэ?

-Гэмтэл согог судлалын тасагт голдуу  хэвлийн хөндийн дурангийн мэс заслууд, үений дурангийн мэс засал, өвдөг түнхний үе солих мэс заслуудыг хийгддэг. Шаардлагатай тохиолдолд цээжний хөндийн мэс засал хийдэг.  Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэгчийн өндөр технологиуд нь мэс заслын үйл ажиллагааг найдвартай явагдах боломжоор хангаж байдаг. Мөн ходоод, бүдүүн гэдэсний дурангаар төрөл бүрийн эмчилгээ, ажилбаруудыг хийдэг. Нийт арван  тасаг нэгжид орчин үеийн болон уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Манай эмнэлэг эх барихаас бусад бүх төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

2020 оны нэг онцлог нь Чингэлтэй дүүргийн мэс заслыг энэ оны нэгдүгээр сараас авч эхэлсэн. 2019 онд эмнэлгийн хэмжээнд эхний нэгдүгээр улиралд 500 орчим мэс засал хийж байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 700 гаруй мэс засал хийгдсэн байна. Энэ нь  үйлчлүүлэгчдийн хүрээ нэмэгдсэний тод илрэл гэж хэлж болно.

Танай эмнэлэг олон шинэ технологийг нэвтрүүлж байна. Энэ дундаас эмчлүүлэгчээ таних систем буюу гарын бугуйвч их сонирхолтой санагдлаа?

-Бид улсын эмнэлгийн хэмжээнд анх удаагаа эмчлүүлэгчээ таних систем буюу гарын бугуйвч, эмчлүүлэгчийн хувцас, мөн цагаан хэрэгслийн даавууг 100 хувь хангах шинэ технологийг 2019 онд нэвтрүүлсэн. Энэхүү шинэ технологийг нэвтрүүлснээр  ТТАХНЭ гадаадын эмнэлгүүдийн жишигт хүрч үйлчлэх, бусад салбар эмнэлгүүдийг уриалах, үйлчлүүлэгч төвт эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж буй хэрэг. Тухайн гарын бугуйвч нь сувилагч, эмч нар үйлчилгээ үзүүлэхэд тухайн өвчтөн мөн эсэх, хэдэн настай, аль тасаг, ямар оноштойг нь тодорхойлдог. Ингэснээр үйлчилгээний аюулгүй байдал, эмнэлгийн алдаа зөрчил гаргахаас сэргийлэх юм.

Улмаар зөвхөн эмчлүүлэгч төдийгүй эмнэлгийн ажилчид халдвараас сэргийлж, аюулгүй, эрсдэлгүй тусламж, үзүүлэх шинэ үе солигдож гарч ирж байна.

Мөн эмнэлгийнхээ түүхэнд анх удаа 20 ортой хүүхдийн тасаг, диализын таван аппараттай үйл ажиллагаа нээж, анхны хэвлийн диализыг амжилттай хийгээд байна. Спорт заалтай эмнэлэг, 450 хүний суудалтай, лед дэлгэцтэй хурлын танхимтай, хэвтэн эмчлүүлэх тасгийн өрөөний ор хооронд хөшигтэй, эмчлүүлэгчид нэгэн жигд хувцастай, таних бугуйвчтай гээд сүүлийн үеийн эмнэлгийн чиг хандлага ямар байх ёстой тийм л нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байна. Эмнэлгийнхээ түүхэнд гэвэл харшлын шинжилгээ, гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ, зүрхний ЭХО, ачаалалтай зүрхний бичлэг, сонсголын бичлэг, ясны сийрэгжилтийн аппарат, мэдрэлийн судасны өнгөт аппаратууд, шүдний дэлгэмэл зургийг авдаг аппараттай болсон гэхчлэн   ТТАХНЭ-ийн түүхэнд маш олон шинэчлэлүүд хийгдсэн байна.

 –Хэвтэн эмчлүүлэгчдийг цагаан хэрэглэл, хувцсаар хангах нь тухайн өвчтөнийг илүү тав тухтай байлгах давуу талтай байх л даа?

-Өмнө нь өвчтөн эмнэлэгт хэвтэхдээ цүнх дүүрэн гадны хувцас, хэрэглэлтэй ирдэг. Гарахдаа ч мөн эмнэлэгт өвчтэй байх үедээ хэрэглэж байсан цагаан даавуу, хувцсаа аваад гардаг байсан. Харин одоо өвчтөн  өөрөө л ирэхэд хангалттай. Энэ нь өвчтөнийг олон эрсдэлээс хамгаална. Энэхүү технологи нь олон улсын магадлан итгэмжлэл орсон хувийн эмлэлгүүдэд нэвтэрсэн байгаа. Харин улсын эмнэлгийн хэмжээнд анх удаа нэвтэрсэн нь энэ юм.

-Энгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэр авч байна вэ. Амбулаторийн хэсгийг харахад цөөнгүй байх шиг байна?

-Ихэнх хүмүүс манай эмнэлгийг зөвхөн Төрийн тусгай албан хаагчдын хаалттай эмнэлэг гэж ойлгодог. Нэгдүгээрт, мэдээж төрийн тусгай албан хаагчдад үйлчилнэ. Үндсэн үйлчилгээний хүрээнд төрийн тусгай албан хаагчийн эцэг, эх үйлчлүүлэх эрхтэй. Нэг албан хаагчийн цаана хоёр хүн үзүүлж болно.  Дараа нь 0-16 насны хүүхдүүд. Тэгэхээр нэг албан хаагчийн цаана бараг 7-8 энгийн иргэн тус эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой байх нь.  Зарим тохиолдолд бусад эмнэлгийн кабинетын үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар энгийн иргэдэд үйлчилдэг. Харшлын тасаг ачаалал бага учраас энгийн иргэдэд нээлттэй. Иргэд эрүүл мэндийн даатгалаар эрүүл мэндийн үйлчилгээ авч хагалгаанд орж байна. Жишээлбэл, өндөр өртөгтэй мэс заслын  75 хувийг эрүүл мэндийн даатгалаар үлдсэн 25 хувийг иргэн өөрөө төлдөг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж