Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.06.02/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшсэн 485 хүн, бие даан нэр дэвшсэн 121 хүнийг бүртгэж, үнэмлэх олгосон тухай мэдээллээ.
УИХ-ын 2020 оны сонгуульд нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж, сонгуульд өрсөлдөх боломжтой болсон байна. Тодруулбал, МАН-аас 76, АН-аас 76, Монголын ногоон намаас 15, Та бидний эвсэл, МАХН, ИЗН, МУНН-ын эвслээс 74, Шинэ нам, БНН, Үнэн ба зөв нам, МҮАН-ын эвслээс 72, Зөв хүн-Электорад эвслээс 53, Ард түмний намаас нэг, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас 13, Хөгжлийн хөтөлбөр намаас долоо, Эх орончдын нэгдсэн намаас нэг, Сахигтун-Үндсэн хуулийн 19 эвслээс 34, “Ард түмнээ хайрлая” намаас нэг, “Зон олны нам”-аас 30, “Дэлхийн монголчууд нам”-аас гурав, “Ард түмний олонхын засаглал” намаас 24, “Их эв” намаас нэг, “Гэр хороолол, хөгжлийн намаас дөрөв, бие даагч 121 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон байна.
Нийт нэр дэвшигчдийн 455 буюу 75.08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24.92 хувь нь эмэгтэй. Өнөөдрөөс эхлэн нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор эхэллээ. Сонгуульд оролцож буй нам, эвсэл, иргэд, сонгогчид сонгуулийн сурталчилгаа, санал авах зэрэг бүхий л үйл ажиллагаанд Засгийн газрын 2020 оны 188 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах явцад цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг чанд сахиж, хүн хоорондын зай барьж, амны хаалтаа зүүхийг анхааруулж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ