Хонгконг: 1989 оны хядлагын хохирогчдыг дурсахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.06.02-нд нийтлэгдсэн

Хонгконг: 1989 оны хядлагын хохирогчдыг дурсахыг хориглолоо

Хонгконг: 1989 оны хядлагын хохирогчдыг дурсахыг хориглолоо

Хонгконгийн цагдаа нар анх удаа иргэд Тяньаньмэн талбайн хохирогчдыг дурсан санахыг хориглох шийдвэр гаргалаа.

Эрх баригчдын хэлж буйгаар цар тахалтай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан гэнэ. Гэсэн хэдий ч энэ үйлдэл нь Бээжин шинэ хуулиараа дамжуулж Хонгконгийн эрх чөлөөг боож байгаа үйлдлүүдийн нэг байж болзошгүй хэмээн олон хүн сэжиглэж байгаа аж.

 1989 оны ардчиллыг дэмжсэн оюутны бослогын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг эдүгээ зөвхөн Хонгконг, Макаод л хүндэтгэн, дурсан санадаг билээ.

Харин БНХАУ-ын эх газарт эрх баригчид 1989 оны зургадугаар сарын 4-нд засгийн газрын зүгээс жагсаалыг зэвсгийн хүчээр цус урсган тараасан талаар үг дуугарахыг ч хориглодог аж.

Цаашлаад жагсагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ ирэх жил Хонгконгод эргэн зөвшөөрөгдөх үү, эсвэл Бээжингийн шинэ хуулийн сүүдэрт тус арга хэмжээ цаашид байхаа болих уу гэдэг одоохондоо тодорхойгүй байна.

Хонгконг 1997 онд Их Британиас БНХАУ-ын удирдлагад шилжин нэг улс, хоёр систем бодлогын дор нэгдсэн билээ. Хонгконг дахь ардчиллыг дэмжих хөдөлгөөний тэргүүн Ли Чек Яны хэлснээр энэ жилийн дурсан санах үйл ажиллагааг тодорхой шалтгаангүйгээр хориглож байгаа нь нэг улс, хоёр систем бодлого үүгээр дуусч байгаагийн илрэл гэнэ.

Амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх нь Хонгконгийн хамгийн том үйл ажиллагаануудын нэг байсан билээ. Өнгөрсөн жил гэхэд Викториа паркт 180 мянган хүн цугласан гэнэ. Гэтэл энэ жил цагдаа нар Бикториа паркт наймаас олуулаа ирж болохгүй, ирсэн хүмүүс хоорондоо зай барьж, эрүүл ахуй сахих ёстой гэжээ. Иймд Ли  иргэдийг Викториа паркт биш ч өөр газруудад Тяньаньмэн талбайн хохирогчдыг дурсан санахыг уриалсан байна.

Тяньаньмэн талбайд юу болсон бэ?

1989 оны дөрөвдүгээр сард ардчиллыг дэмжигчдийн жагсаал эхэлж, коммунист Хятадын түүхэн дэх хамгийн том улс төрийн үймээн болсон юм. Жагсаалд хэдэн сая хүмүүс нэгдэж, зургаан долоо хоног үргэлжилсэн билээ. Харин зургадугаар сарын 3-ны үдэш цэргүүд Тяньаньмэн талбайн эргэн тойронд байсан жагсагчид руу гал нээн, танкууд хүрч иржээ. Тийнхүү цэргийн хүчээр жагсаалыг дарсны дараа нас барагсдын тоо хэдэн зуугаас хэдэн мянгаар тоологдож байсан ч засгийн газрын зүгээс нэг ч хүн хөнөөгөөгүй хэмээн мэдэгдсэн юм. Түүнээс хойш одоо ч тэр өдөр хэчнээн хүний амь үрэгдсэнийг албан ёсоор мэдээлээгүй билээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж