Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мейведер саяхан хэрцгийгээр цагдаа нарын гарт амиа алдсан Жорж Флойд хэмээх хар арьст залуугийн оршуулгын зардлыг даахаар болжээ.
Энэ тухай Флойдын зар сурталчилгааны төлөөлөгч Леонард Эллерб ESPN сайтад өгсөн ярилцлагадаа “Флойд аягүй бол энийг хэлсний төлөө надад уурлах байх. Гэхдээ тийм ээ, Флойд Мейведер оршуулгын зардлыг нь гаргана. Тэр сүүлийн 20 гаруй жил иймэрхүү зүйлс хийсэн” хэмээжээ.
Жорж Флойд хэмээх хар арьст залуу нь өнгөрөгч тавдугаар сарын 25-нд АНУ-ын Миннеполис хотод цаг бусаар амиа алдсан. Түүнийг саатуулсан цагдаа Дерек Чаувин хүзүүн дээр нь найман минут орчим өвдөглөн сууснаас амь насанд нь хүрсэн билээ. Жорж Флойд амьсгал хураахаас өмнө “Би амьсгалж чадахгүй байна” хэмээн олон дахин давтаж хэлсэн нь гэрчүүдийн гар утасны бичлэгт буужээ.
Флойд Мейведер өмнө нь Генаро Хернандез хэмээх мэргэжлийн боксчин залуугийн оршуулгын зардлыг хувиасаа гаргаж байсан юм. Тэд 1998 онд хоорондоо учраа тааран тулалдаж Флойд ялж байсан ажээ.
Холбоотой мэдээ