ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Monday, June 1, 2020
Эрүүл мэндийн яамнаас Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.06.02/ мэдээлэл хийлээ.
24 цагт 2000 хүн нас барлаа
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Covid-19 халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 6.358 сая хүн халдвар авч, 377 мянган хүн нас барсан байна. Мөн 2.9 сая хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогоор эмнэлэгт гурван сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 99 мянган хүн шинээр халдвар авч, 2000 хүн нас баржээ. Үүнийг өмнөх өдрийнхтэй харьцуулбал, өвчлөл нас баралт буурсан үзүүлэлт юм.
Олон эрхтэн тогтолцооны хам шинжит өвчин Европ, Америкт 300 гаруй хүүхэд өвчилж, дөрвөн хүүхэд нас барсан. Сүүлийн 24 цагийн 119 дугаарын утсанд 187 дуудлага ирж, уг хадварын эмнэлзүйн талаар мэдээлэл авсан.
ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
Covid-19 халдвараар АНУ, ОХУ, Бразил улс тэргүүлсэн хэвээр байна. АНУ-д нийт 1.8 сая хүн халдвар авч 104 мянган хүн эндээд байна. ОХУ-д 100 мянгаас их халдвар бүртгэгдсэн хэд хэдэн муж байна. Бразилд даваа гаригт 12 мянган хүн шинээр халдвар авч, нийт халдвар 526 мянгад хүрч, нас баралт 29 мянгад хүрсэн. ДЭМБ-ын мэргэжилтнүүд Covid-19 халдвар оргил үедээ хүрэх хараахан болоогүй гэж тооцоолсон. БНСУ-д 38 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдлээ. Эдээр тохиолдлууд нь бүгд Сөүл, Инчоны сүмээс эх уурхайтай байсан.
Цэргийн төв эмнэлгийг чөлөөлнө
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал
Өнөөдрийг хүртэл нийт 8491 иргэн тусгаарлагдсанаас одоогоор 1792 иргэн тусгаарлан ажиглах байранд байна. Улсын хэмжээнд коронавирусийн 15300 гаруй шинжилгээ хийлээ. Гэрийн тусгаарлалтад 3843 иргэн гарсан. Энэ хүмүүст өрхийн эмнэлэг тусламж үзүүлж байгаа.
Зургадугаар сард тусгай үүргийн онгоцоор 2000 орчин иргэн ирнэ. Иргэдээ хүлээн авах бэлэн байдлыг хангаж байна. Дараагийн онгоцоор ирэх иргэдийг Цэргийн төв эмнэлгийг чөлөөлөн хүлээн авна.
212 шинжилгээний хариу сөрөг гарсан
ХӨСҮТ-ийн дарга Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Дархан-Уул аймаг болон ХӨСҮТ-д өчигдөр /2020.6.1/ 212 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Монгол Улсад лабораториор батлагдсан 185 тохиолдлын 141 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа. Халдвартай хүмүүс 14-52 хоног эмчлэгдэж байгаа бөгөөд дунджаар 30 хоног эмчлүүлж байна. Мөн халдвартай хүмүүс 5-65 насныхан буюу дунджаар 24.2 насныхан байгаа. Ихэвчлэн эрэгтэй хүн өвчилж байна.
Халдвар аваад эдгэсэн 44 хүн бий. Тэдний 16 нь сувилалд, гэрийн ажиглалтад 15 нь, ажиглалтаас гарсан 14 хүн байна. Өнөөдрөөс эхлээд гурав хоногийн хугацаатай салбар хоорондын баг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажиллаж, сургалт, зөвлөгөөн зохион байгуулна. Хил гаальд ажиллаж байгаа хүмүүсийн халдвар авах эрсдэлийг бууруулах зорилгоор мананцар үүсгэх аппаратыг суурилуулж, ашиглах заавар зөвлөмж өгөх юм.
ХӨСҮТ-д жирэмсэн хоёр эмэгтэй бий. Манай эмнэлэгт жирэмсэн эмэгтэйг төрүүлэх зориулалтын тасаг бий.
Холбоотой мэдээ