АНУ-д тархсан цар тахал 100 мянга гаруй хүний амь насыг авч одон, эдийн засгийн хямрал, ажилгүйдэл нүүрлэсний дээр сүүлийн үед Жорж Флойдын үхлээс болсон арьс өнгөөр ялгаварлахын эсрэг жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч байхад Ерөнхийлөгч Трамп дорвитой арга хэмжээ аваагүй нь иргэдийн дургүйг ихээр хүргэж байна.
Тавдугаар сарын 31-ний шөнө цагаан ордны гадна болсон бослогын үеэр, мөн зургадугаар сарын 1-ний шөнийн эмх замбараагүй байдал Миннеаполис хотоос Майами, Портленд, Филаделфи хүрч тэлэхэд Трамп цагаан ордны доорх хоргодох байрандаа хоножээ.
Баривчилгааны үеэр цагаан арьст цагдаагийн өвдөг доор нас барсан Жорж Флойдын хойноос шударга ёс шаардсан иргэдийн эсэргүүцлийн жагсаал эхлүүлж, хотоос хотод өргөжин, цар тахлын хөл хорионоос гарч ядаж байсан хотуудад дээрэм, тонуул, хүчирхийлэл газар авч байгаа билээ.
Төсөөлөөгүй зүйлс харвасан сум шиг хурдан өрнөж, хотууд шатсан, цар тахлын үеэр тохирсон арга хэмжээ авалгүй хэтэрхий удсанд 106 мянган хүн нас барж, ажилгүйдэл гаарсан гээд Трампыг дахин сонгогдох найдварыг үгүй хийж байна.
Нэмээд Трамп энх тайван тогтоохын оронд жагсагчдыг “танхайчууд” -аар дуудаж, антифа буюу фашист, анархистуудын эсрэг идэвхтнүүдийн нийгэмлэгийг терорист бүлэг гэх ангилалд оруулахаа мэдэгдэн нь “гал дээр тос нэмж” байдлыг улам дордуулсан юм. Гэвч түүний хэлсэнчлэн дотоодын бүлэглэлүүдийг ийнхүү ангилах нь ямар ч хуулийн үндэслэлгүйн дээр тэрбээр хэт даврагч цагаан арьстнуудын бүлэглэлүүдийг ижил байдлаар үзэхээс зайлсхийж байгаа нь олны дургүйцлийг хүргэжээ.
Эмх замбараагүй байдал үүсэхээс өмнө ч Ерөнхийлөгч цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ аваагүйнхээ төлөө маш их шүүмжлэлд өртөж байсны дээр нэмээд түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Кейли Макинани сүүлийн үед болж буй жагсаалуудыг иргэдийн үзэл бодол гэхээс илүү цөөн радикал идэвхтнүүдийн үйл ажиллагаа хэмээн харуулахыг хичээсэн нь бүр ч их шүүмжлэл дагуулав.
Дотооддоо ийнхүү хэцүүдэхийн хажуугаар АНУ-ын дэлхийд эзлэх байр суурь ч гэсэн хүнд байдалд ороод байна. Олон улсын иргэд АНУ-ын жагсагчдыг дэмжин эрх баригчдыг буруушааж байгаа. Мөн АНУ, БНХАУ хоёр улс цар тахлын бурууг нэгнээсээ эрсээр харилцаа нь хүйтэн дайны хэмжээнд хүртлээ хурцдаж, 100 жилд тохиолдож байгаа хамгийн аюулт тахлын үеэр ДЭМБ-аас бүх харилцаагаа тасдсан нь АНУ-ын тэргүүлэх байр суурийг газарт унагасан юм.
Трамп арваннэгдүгээр сард дахин сонгогдохоор төлөвлөж байгаа ч ийнхүү иргэд түүний бараан талууд, ухаангүй үйлдлүүдийн гэрч болсоор байна. Тухайлбал, жагсаал эхэлснээс хойш зургаа хонож байх үед буюу тавдугаар сарын 31-нд Трамп Ардчилсан нам болон нэр дэвшигч Жо Байденг цар тахалтай тэмцэхэд саад болж, анхаарал сарниулсан хэмээн буруутган “Ардчилсан намын удирдлагууд бол анархистууд. Тэднийг үндэсний харуулууд шийтгэх ёстой. Дэлхий та нарыг болон унтамхай Жог харан шоолж байна. Америк үүнийг хүсэх гэж үү. Хэзээ ч үгүй!” хэмээжээ.
Ерөнхийлөгч ийнхүү энх тайван тогтоохын оронд хурцадмал байдлыг улам дэвэргэж, эрдэмтдийн зөвлөгөөг сонсолгүйгээр богино хугацаанд эдийн засгаа нээж байгаа нь иргэдийг эргэлзээнд унагаж байна. Түүнээс гадна үүсээд буй эмх замбараагүй байдлыг хэт даврагч болон суртал ухуулагчдын хийсэн ажил хэмээн харуулж, улмаар ардчилагчдыг хүчгүй мэт харагдуулах оролдлого, бодлогогүй хэл яриа нь сонгуульд жижиг хотуудын иргэд болон эмэгтэй сонгогчдын саналыг үргээсэн зүйл болов.
Трампыг ийнхүү маш олон хүмүүс буруушааж байгааг нөгөө талаас харж үзвэл түүнийг арай ч бүх зүйлд буруутгаж болохгүй юм шиг. Нийгэм, гарал үүслээрээ хуваагдах, ялгаварлан гадуурхагч цагдаа нар Трамп Ерөнхийлөгч болохоос өмнө ч үе дамжин олныг зовоож байсан асуудал билээ. Түүнээс гадна аль ч улс зуун жилдээ нэг удаа коронавирус шиг тахал өвчинтэй нүүр тулдаг. Мөн эдийн засгийн хямрал, ажилгүйдэл бол гарцаагүй хөл хорионы зайлшгүй үр дагавар мөн.
Чухам ийм үед л Ерөнхийлөгч ямар хариу үйлдэл үзүүлж байгаагаар түүнийг дүгнэдэг. Харин Трамп цар тахал, жагсаал цуглааг ашиглан зөвхөн өөрийн нэр хүндийг өсгөхөө бодож байгаад иргэд сэтгэл дундуур байна.
Трамп эмх замбараагүй байдлын талаар “Тонуулчид хөдөлж эхлэхэд буун дуу дуугарч эхэлдэг” хэмээн жиргэсэн нь 1960-аад оны ялгаварлан гадуурхагчдын үг хэллэгийг санагдуулж байна. Удалгүй дахин “Цагаан ордны хашааг нэвтэрсэн хэн боловч ууртай ноход болон хэний ч харж байгаагүй зэвсэгтэй учирна” хэмээн жиргэсэн нь шүүмжлэл дагуулсан билээ.
Тэрбээр ардчилагчдыг үймээн самуун, дээрэм тонуул гаарсанд буруутгаж, улмаар өөрийн үзэл баримтлалыг зөв хэмээн ухуулахыг оролдож, Антифаг шүүмжилсэн нь өнгөт арьстнуудын амьдралд үүссэн хүнд байдлын талаар бодох ч үгүй байгааг нь харууллаа.
Цар тахалд өнгөт арьстан, үндэстний цөөнхүүд илүү нэрвэгдэж, ажилгүйдэлд хамгийн бага цалингаар ажилладаг байсан хүмүүс ихээр хохирч байгаа билээ.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ